2017 оны төсөв “гацаанд” орох уу
Засгийн газрын гурван гишүүнийг огцруулах, оффшорын эсрэг хууль, Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо, давхар дээлийг тайлах хуулийн төсөл зэрэг улстөрийн тогоонд буцалж байгаа асуудлыг дэвэргэхээс сэрэмжлэн УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг энэ сарын 24-нд завсарлуулсан. Угтаа энэ удаагийн хаврын чуулган хуулийн дагуу бол УИХ-ын сонгууль болохоос 30 хоногийн өмнө буюу энэ сарын сүүлээр завсарлах байсан. Гэсэн ч ийнхүү чуулганы ирэх зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргачихлаа.
Чуулганыг завсарлуулахаас урьтан өөрөөр хэлбэл улстөрийн намууд, бүлэглэл, фракциудын талцаж байгаа асуудлаас дээгүүрт тавьж хэлэлцэн батлах учиртай байсан хэд хэдэн хуулийн төсөл, асуудлууд байсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах учиртай байсан. Мөн 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлантай танилцах байсан. Гэсэн ч эрх баригч хүчин Хөгжлийн банктай холбоотой олон “но”-гоо илрүүлж, МАХН-тай хийсэн тохироог бүтэлгүйтэхээс сэргийлж сонгуульдаа бэлтгэл базаахыг илүүд үзлээ. Ийнхүү дээрх хуулийн төслүүдийг батлаагүйгээс болж төсөвт байгууллагууд ирэх 2017 оны төсвийн төслөө боловсруулж чадахгүйд хүрлээ гэж дүгнэхэд хилсдэхгүй боллоо. Учир нь жил бүрийн долдугаар сараас анхан шатны нэгж, төсөвт байгууллагууд ирэх оныхоо төсвийн төслийг боловсруулж эхэлдэг. Гэсэн ч сонгууль болохоос зургаахан хоногийн өмнө хуралдах УИХ-ын чуулганы ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй байгаа үед дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах бараг л боломжгүй болов уу. УИХ-ын гишүүд ч өнөө маргаашгүй сонгууль болох гэж байхад тойрогтоо ажиллахаа илүүд үзэхээс биш ирц нь бүрдэхгүй чуулганд ирж амжихгүй гэдгээ эхнээсээ хэлчихсэн. Ямартай ч хууль бусаар яаран сандран завсарлуулсан чуулганы талаар УИХ-ын гишүүд хэрхэн байр суурь илэрхийлсэн талаар мэдээллийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ч.Улаан
Хаврын чуулганаар эдийн засгийн, нийгмийн үндсэн чиглэл, төсвийн 2017 оны мэдэгдэл, 2018, 2019 төсөөлөл зэрэг асуудлуудыг заавал хаврын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Эдгээр хуулийг баталснаар ирэх оны төсвийг батлах учиртай. 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх нь тун ач холбогдолтой байсан юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд
Эрүүгийн тухай хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийн тулд дагалдах хуулиуд батлах шаардлагатай байсан. Гэвч хойшлогдож байна. Одоо зургаадугаар сарын 23-нд эргэж цуглаад батлах боломж байхгүй. УИХ-ын гишүүд ихэнх нь тойрогтоо ажиллаад явна. Тэд сонгууль дуустал хуулиуд батлаад сууж байна гэж байхгүй. Ингээд есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн тухай хууль мөрдөгдөж эхлэх нь ойлгомжгүЙ болчихлоо. Хууль зөрчигдөөд явж байгаа нэг асуудал бол АТГ-ын даргыг томилох тухай асуудал байна. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан саналыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тодорхой бус шалтгаанаар энэ чухал байгууллагын даргыг томилохгүйгээр сонгуульд оролцож байна. Үүний цаана олон хардлага дагууллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015 оны төсвийн гүйцэтгэл, сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд заасан улс орны нийгэм эдийн засгийн асуудлаар Засгийн газар Их хуралд мэдээлэл хийх учиртай байдаг. Энэ асуудлуудаа шийдчихсэн. Хувь гишүүний хувьд чуулган завсарласан нь зөв гэсэн байр суурьтай байгаа. УИХ-аас гарч буй хууль нь нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулдаг. УИХ-ын гишүүд болон нэр дэвшигчийн аль аль нь сонгуульд бэлдээд юун чуулганы хуралдаан манатай болчихоод байна. Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд улам л сөрөг нөлөөтэй тусдаг. Тэр утгаараа цөөнхийн зүгээс ч гэсэн чуулганаа завсарлуулаач ээ гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс хуульд зааснаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы отгон хуралдааныг завсарлууллаа. Ер нь бол хэлэлцэн батлах байсан хуулиудаа хэлэлцээд баталчихсан гэж үзэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
Угтаа бол УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаж энэ сарын 30-31-нд чуулганыг завсарлуулахаар байсан. Гэтэл энэ удаагийн хаврын чуулганыг хууль зөрчин завсарлуулж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, баталж амжаагүйд харамсч байна. Энэ бол эмгэнэлтэй үйл явдал юм. Хууль эрх зүйн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын тухай хууль Хууль сахиулах ажиллгааны зэрэг хуулийн эцсийн найруулгыг сонсох байсан ч амжсангүй. Мөн оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийг хэлэлцэх байсан ч АН-ынхан энэ хуулийг хэлэлцэж батлахгүйгээр чуулганыг завсарлууллаа. АН-ын дарга З.Энхболдын ам ажил нь зөрж байна.
Д.ЖАРГАЛ
URL: