Ордонтой Засаг дарга нар

Нэг хэсэг хүмүүс УИХ-ын гишүүн болох юмсан гэж ярьдаг байлаа. Гишүүн болчих  юм бол насаараа идэх хөрөнгөө төрөөс олоод авчихна гэж боддог байсан юм байлгүй.

Харин сүүлийн үед  өөрчлөгдсөн бололтой.  Одоо толгойтой болгон “Дүүргийнх гэж том мөрөөдөөд яах вэ. Харин яаж ийж байгаад хорооны Засаг дарга болчих юмсан” гэж ярьдаг болж.  Тэдний ярьж, ойлгож байгаагаар бол  хорооны Засаг дарга УИХ-ын гишүүнээс илүү “идэж”, хөрөнгө зоорь хураадаг юм уу даа. Тэгээд ч Засаг дарга нарын эрх мэдэл төр засгаас илүү гарсан хойно доо. Төрийн ордонд ороод УИХ-ын гишүүнтэй уулзах нь дүүргийн Засаг даргатай уулзахаас амар гэж иргэд ярьдаг юм билээ. Иргэд гэлтгүй мэдээлэл олж авах эрхтэй сурвалжлагч хүн ч гэсэн энэ зовлонг хангалттай эдэлж байгаа шүү дээ.  Энэ жишээнээс л Засаг ноёдын эрх ямба өндөрт гарсныг харж болно. Түүнээс гадна албан тушаал ахих “барьц” чинь тэр шүү дээ.  Ирэх жилээс нийслэл өөрөө төсвөө захиран зарцуулах эрхтэй болох талаар яригдаж байгаа.

Уг нь тэр нь дээр. Гэхдээ түүний хажуугаар дүүрэг, хороод, хэсгээрээ салан тусгаарлах гэсэн асуудал үүсэх гээд байгаа юм. Дам дамаа дүүргийн Засаг даргын төлөөх “дайн” эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн тулалдах талбар болж хувирсан. Нэгэнт Засаг даргын суудалд суусан нь тэндээсээ ховхрохгүй байх аргаа судалж, “наалдан пад”-аа ч хайж байгаа гэсэн.  Зарим нь ч суудалдаа улиран сонгогдох, ховхрохгүй байх аргаа олчихсон биз. Учир нь ойрноос дүүргүүдийн  Засаг даргын тамгын газрын байр шинэчлэгдэж, ойр орчноо чимэхээр сайхан ордонтой болж эхлээд байгаа. Хамгийн сүүлд  гэхэд Баянзүрх дүүргийнхэн Тамгын газрын байраа сольж, гял цал болсон ордонтой болсон байна билээ.  Тийм гоё барилгыг байр гэвэл алдас болно. Тэгэхээр ордон гэхээс өөр юу гэх вэ. Одоо бусад дүүргийнхэн Засаг даргын Тамгын газрын байраа ордон болгох дараалалд зогсч байгаа гэсэн. Ихэнх нь зураг төслөө гаргачихсан, зарим нь  хөрөнгөө шийдсэн бололтой юм. Тэгэхээр тун удахгүй, ихдээ л жилийн дараа бүх дүүрэг ордонтой болж магадгүй гэнэ. Жаахан хатуухан хэлбэл дүүргийн Засаг дарга нар хувьдаа ордонтой болж байгаа юм даа. Ордонтой Засаг дарга болох аян зөвхөн дүүргээр хязгаарлагдахгүй. Гайгүйхэн артай, татаастай хорооны Засаг дарга нар хорооны “амбаараа” байр болгох, цаашилбал ордонтой болох аян зарлаад байгаа гэсэн. Өнгөрсөн жил л гэхэд тохижолтын ажил нэрийн дор хувийн ордонтой болсон хорооны Засаг дарга нар их байсан шүү.  Том, жижиг гэлтгүй ордонтой болох гэж мэрийгээд байгаа Засаг дарга нарт нэг учир байгаа нь мэдээж. Мөхөс миний тунгааснаар бол ордонд суух бэлтгэлээ базааж, өрөөнийхөө ширээ, хивсийг хүртэл сольж байж болох юм. Хорооны Засаг дарга сайн хичээвэл дүүрэгт дэвшиж, мөнгө их хураавал гишүүн болдог “зам” байдаг юм билээ.  Тэр замын гараанаас нэгэнт гараад, дунд нь орж байгаа хүмүүс олон байгаа. Тэд ямар нэг муу байранд сууж байгаад ордонд очилтой биш. Дасахгүй шүү дээ. Тиймээс эртнээс ордонд суух нь “юм” сурахад хэрэгтэй л дээ. Мартсанаас ордонтой болох аян нийслэлээс халиад аймаг, сум руу орсон гэсэн. Тэгэхээр удахгүй баг руу орох нь дамжиггүй.  За даа, сумын, хорооны гэж том яриад яах вэ. Хөдөө явж багийн дарга болдог юм бил үү. Ядаж байранд суухад суралцаж л байя.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих