Тэвэрсэн, гэхдээ уучлалт гуйсангүй

ec3c0fe83ac22c7ebigАНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Исэ-Шима” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын дараа Хирошима хотод хүрэлцэн иржээ. Барак Обама тус хотод ирэх замдаа Ямагүчи мужид байрлах Америкийн тэнгисийн явган цэргийн баазад очиж, цэргийн албан хаагчдын өмнө үг хэлсэн байна.

Тэрбээр “Хирошимад очиж байгаа миний зорилго бол Дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдсэн бүх хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, бидний амьдарч буй энэхүү гарагт цөмийн зэвсгийн хэрэгцээ шаардлага байхгүйг нотлон харуулах явдал юм. Америк, Японы харилцаа хамгийн эмзэг зөрчлийг ч даван туулж болдог гэдгийн тод жишээ мөн. Нэгэн цагт хоорондоо дайсан байсан хүмүүс одоо түншүүд төдийгүй сайн найз нөхөр болж чадлаа” гэжээ. Хоёр орны удирдагчдыг Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида, Хирошима хотын дарга Казүми Мацүи нар дагалдан явжээ.

Барак Обама Америкийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа Хирошимад хүрэлцэн ирсэн анхны хүн юм. Энэхүү түүхэн айлчлалын үеэр тус хотод аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, цагдаагийн 5000 гаруй ажилтан “Энхтайван”-ы паркийн орчим хамгаалалтад гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч тус хотод айлчлах явцдаа Дурсгалын цогцолбор болон музейд зочилж, атомын бөмбөгдөлтөд хэлмэгдсэн Японы иргэн Сунао Цубойтой уулзах үеэрээ түүнийг тэвэрсэн байна. Сунао Цубой “АНУ-ын Ерөнхийлөгч ирнэ гэж төсөөлж ч байсангүй. Тэр хүн төрөлхтөний сайн сайхны төлөө Хирошимад ирсэн байгаасай гэж найдаж байна. Бид үзэн ядалтыг орхин гар барилцсанд баяртай байна” хэмээн ярьжээ.

1945 оны наймдугаар сарын 6-нд америкчууд Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний уршгаар тус хотын 70-100 мянган иргэн амиа алджээ. Амьд үлдсэн олон хүн хожим нь цацрагийн өвчин зэргээс болж нас барсан. 2015 оны наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 297 684 хүн атомын бөмбөгдөлтийн золиос болсон гэсэн тоо бий. Тэрбээр Хирошима хотын иргэдэд хандан “Бид яагаад Хирошима хотод ирсэн бэ? гэвэл аймшигт атомын бөмбөгдөлтийн үеийг эргэн харж, амиа насаа алдсан 100 мянга гаруй япончууд, хэдэн мянган солонгос иргэн болон шоронд хоригдож байсан хэдэн арван америкчуудын дурсгалыг хүндэтгэх явдал байлаа. 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний зүрх шимшрэм дурсамжийг хэзээ ч мартаж болохгүй. Бөмбөгдөлтийн дараа авсан тэнгэр баганадсан мөөгөн үүлний зураг нь бид хүн төрөлхтөний хамгийн том зөрчлийг бий болгосныг харуулж байна. Дэлхийн дайн Хирошима болон Нагасаки хотод хамгийн харгис хэлбэрээр өрнөсөн бөгөөд тус хоёр хотод болсон бөмбөгдөлтөөс сургамж авч, хүн төрөлхтөний ёс суртахууныг сэргээх хэрэгтэй. Аймшигт дайнд амиа алдсан гэм зэмгүй хүмүүсийг иргэд дурсан санаж байгаа бөгөөд тэдний амссан зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй. Хоришима хотод амиа алдсан хүмүүс энгийн иргэд байсан. Тэд дайныг хүсдэггүй. Шинжлэх ухааны гайхамшгийг амьдралыг устгахад биш, харин амьдралыг сайжруулахад ашиглах хэрэгтэй. Энэ сургамжийг тусган авсан удирдагчид, орнууд Хирошимад болсон сургамжийг давтахгүй юм” гэж хэлжээ.

Олон улсын шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр япончуудаас уучлал гуйх ёстой гэж үзэж байсан аж. “To Hell and Back” номын зохиолч Чарльз Пеллегрино, Их Британийн Аюулгүйн зөвлөлийн судлаач Ворд Уилсон нар Барак Обамагийн энэ удаагийн айлчлалыг “Цөмийн зэвсгийн аюулыг дэлхий нийтэд дахин сануулсан үйл явдал боллоо” хэмээн дүгнэжээ. Ворд Уилсон “Америкчууд япончуудаас уучлал гуйх ёстой байсан юм. Энэ нь хоёр улсын харилцааг хэвийн үргэлжлэхэд нөлөөлөх болно. Миний бодлоор АНУ Хирошимад атомын бөмбөг хаясандаа харамсаж байна уу гэдэг бол чухал бус ирээдүйд бид цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэх баталгаа бий юү, гэдэг нь чухал” гэв. Харин Чарльз Пеллегрино “Япончууд Барак Обамагаас Хирошимаг бөмбөгдөх шаардлага байсан юм уу гэдгийг асуух хэрэгтэй байсан юм. Б.Обама Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ цөмийн зэвсэггүй дэлхий бий болгоход анхаарна хэмээсэн. Гэхдээ юу ч өөрчлөгдсөнгүй харин ч эсрэгээрээ цөмийн зэвсэг улам бүр боловсронгуй болж байна. Үнэндээ ОХУ, АНУ аль апь нь амлалтаасаа буцсан. Тэдний зэвсэг улам бүр боловсронгүй болж, нейтроны болон устөрөгчийн бөмбөгтэй болсон. Зөвхөн АНУ л гэхэд жилд нэг их наяд ам.долларыг цөмийн зэвсэгт зарцуулж байна. Хэрэв цөмийн зэвсэг гэдэг шашин байсан бол, Хирошима нөлөөнд нь авталгүй үлдсэн гайхамшиг болох байлаа” гэв.

 

Ц.ДАВААСАМБУУ /Үндэсний шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих