Мүүнийн урсгал ба нэр дэвшигчид
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэдэг “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн ээлжит дугаараар “Монгол дахь Мүүн ажиллагаа” нэвтрүүлэгийг бэлтгэж олон нийт энэхүү гадны шашин, гаж урсгалын талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Гэвч энэхүү хүүхэд залуусын оюун санаа, улс орны аюулгүй байдалд нөлөөлж болшгүй харийн соёлыг шүтэх хэсэг бүлэг хүмүүсийн нууц ажиллагааг хараахан бүрэн зогсоож чадаагүй л байна. Энэхүү нууц ажиллагаанд манай нөлөө бүхий улс төрчид холбоотойг өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Монгол Улсын сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Цэвээнжав нарын үе үеийн улстөрчид дэмжсээр ирсэн байдаг. Эдгээр эрхмүүдийг олон улсын семинар, конферецид олонтой оролцуулах болсон нь тэднээр дамжуулан улстөрийн үйл хэрэгт нөлөөлөх, үйл ажиллагаагаа дэлгэрүүлэх зорилго агуулж иржээ.
Мүүний шашныхан Монголын улстөрийн эрх барих дээд байгууллагад өөрийн хүнээ оруулахаар чармайж ирсэн нь хамгийн аюултай юм.Тэдний эл сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд МҮАН-ын дарга М.Энхсайхан маш эрчимтэй ажиллаж иржээ. УИХ-ын 2008 оны сонгуулиар түүний толгойлдог ҮШН (МҮАН)-аас Эв нэгдлийн сүмийн гурван гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байв. Мөн тус шашны байгууллагаас хоёр хүн бие даан нэр дэвшсэн байдаг.ҮШН-аас Орхон аймагт Б.Насанбаяр, Баянзүрх, Налайх дүүрэгт Б.Отгонцэцэг, Хан-Уул дүүрэгт О.Эрдэнэбулган нар тус тусөрсөлдөж байлаа. Мөн Мүүний үнэнч цэргүүдээс Чингэлтэй дүүрэгт П.Түвшинзаяа, Баянгол дүүрэгт Н.Цэндмаа нар бие даан өрсөлдсөн ч амжилт үзүүлээгүй. (Энэ талаар УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас үзнэ үү)
УИХ-ын 2008 оны сонгуулиар Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн Н.Цэндмаа нь Эв нэгдлийн сүмээс Монгол тэмүүлэл аяныг 2008 онд санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран тус Монгол тэмүүлэл аяныг эхлүүлж байсан юм. Хожмоо Монгол тэмүүлэл аян нь тус аяны зохицуулагч Н.Цэндмаагийн сонгуулийн ажилд нэмэр тус болсон удаатай.
Энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуульд Мүүнийн шашныхныг дэмждэг улс төрчид ч нэрээ дэвшүүллээ. М.Энхсайхан, С.Баярцогт, С.Ганбаатар, Ц.Цогзолмаа нарын дээр дурьдсан эрхмүүд ч сонгуульд өрсөлдөх нь. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймагт өрсөлдөхдөө Мүүнийнхний залуусыг сонгуульдаа идэвхтэй ажлуулснаар олонхийн санал авч сонгогдсон юм. Энэ удаагийн сонгуульд ч тэдний дэмжлэгийг авч магадгүй нь. Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд Төв аймагт АН-аас нэр дэвшээд байна. Өмнөх сонгуулиудад намынхаа нэр дээр хүртэл шашны залуусыг нэр дэвшүүлж байсаныг дээр дурьдсан.
Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Ц.Цогцолмаа Мүүнийн шашныхантай холбоотой эрхэмийн нэг юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа сураггүй алга болгосон мөнгөнийх нь дөрвөн сая нь тус Эвнэгдлийн сүмээс эрхлэн гаргадаг ”Агуу үндэстэн” сэтгүүлийн дансанд орсон байсан нь тогтоогдож байв. Мүүнийхний эрхлэн гаргадаг “Агуу үндэстэн” сэтгүүлийг Ц.Цогцолмаа дарга дүүргийнхээ сэтгүүл болгон ашиглаж, хөрөнгө мөнгийг нь ийнхүү гаргаж байсан мэдээлэл бий .Мүүнийн шашныхантай холбоотой хэмээн бүсгүйчүүдээс Б.Насанбаярыг онцолдог бол Ц.Цогцолмаа дарга ч холбоотнуудын нэг ажээ. Тэрээр Сүхбаатар дүүрэгт даагаа нэхээд байна.
Мүүнийн шашныхан улс төр, эрх мэдлийн сэнтийд өөрийнхөө нөлөөллийг тогтоохоор эрмэлзэж ирсэн удаатай. Энэ сонгуульд ч тэдний холбоотнууд нэр дэвшин өрсөлдөхөд бэлэн болжээ.
Н.Түвшин
URL: