Офшоорын маргааныг цэгцлэх санал

527-1464566698527-1464052146Panama-Papers-e1459854390703“Ардчилсан Нам 2016 оны УИХ-ын сонгуульд өөрийнх нь нэр дээр офшоор данстай хүнийг дэвшүүлэхгүй” гэж УИХ-ын дарга З. Энхболд Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Өнөөдрийн сэдэв” нэвтрүүлэгт оролцохдоо давтан мэдэгдэв.
Тэрээр хэд хоногийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо анх удаа эл мэдэгдлийг хийсэн билээ. Улмаар офшоор данстай нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд Ардчилсан намын нэгэн адилаар нэр дэвшүүлэхгүй байхыг тэрээр бусад улс төрийн намуудад хандан дахин давтан уриалав.
Хэдийгээр тэрээр “өөрийнх нь нэр дээр офшоор данстай” гэсэн боловч Ерөнхий сайд асан С. Баярын охидын, Сү. Батболдын дүүгийн, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн дүүгийн, Улаанбаатар хотын газрын албаны Ц. Сандуйгийн дүүгийн офшоор данс, компани болон Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д. Цогтбаатарын нэр дээр бүртгэлтэй офшоор компани зэргийг тоочсноороо зөвхөн өөрийнх нэр дээр төдийгүй, гэр бүл, үр хүүхэд, хамаатан садных нь нэр дээр офшоор данс, болон компани илэрсэн өөрөөр хэлбэл офшоор данс, компанитай нэр холбогдсон аливаа этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх байр суурьтай буйгаа харуулав.
Түүгээр ч барахгүй тэрээр Ж.Батзандан гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэхдээ “төрийн албан хаагчдын хувьд бүрмөсөн хориглох”, “хөрөнгө орлогын мэдүүлэгээ мэдүүлдэг 40000 хүнд офшоор хаалттай байх ёстой”, Ардчилсан Нам “төрийн албан хаагч болон нэр дэвшигчийн хувьд офшоор болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа” гэснээрээ офшоорын талаарх АН-ын байр суурь нь зөвхөн УИХ-д нэр дэвшигчид төдийгүй, төрийн сонгогддог, томилогддог бүх албан тушаалтан, ажилтан тэдний гэр бүл төрөл төрөгсдөд нэгэн ижил хамаатай болохыг харуулав.
Хөрөнгө оруулалт татахын тулд Монголын олон компани офшоор бүсэд ажилдаг. Тэр бол байж болно гэж тэрээр онцлон тэмдэглэв. Харин Монголд олсон орлогоо офшоор бүсэд нуух нь бизнесийн компаний хувьд ч зохисгүй гэдгийг тэмдэглэв. Гэхдээ жирийн иргэд, бизнес эрхлэгчид, пүүс, компаниуд офшоор данс, компанитай байх нь ердийн үзэгдэл болохыг тэрээр хүлээн зөвшөөрөхийн ялдамд “хувийн бизнесийн хувьд татварын албандаа заавал бүртгүүлээд зохих татвараа төлөж” байх учиртай гэж үзэж буйгаа ч нуусангүй.
Улмаар тэрээр офшоорын асуудлыг „янз бүрээр гуйвуулах“ тэр ч байтугай МАН-ын зүгээс офшоортой хүмүүсээ өмгөөлөх төдийгүй, УИХ-д нэр дэвшүүлэхийг хориглосон хуулийн заалт байхгүй гэсэн байр суурьтай байгааг буруушаав. Үнэхээр түүний хэлснээр ард түмэн УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг улс орныхоо төсөв, хөрөнгө, эд баялаг, орд уурхайг хэрхэхийг мэд гээд итгээд сонгож, эрх, дарх, ямба эдлүүлж байхад ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүдээсээ эхлээд хаанаас, хэрхэн олсон, хэд хичнээн нь үл мэдэгдэх гэхдээ „нуух шалтгаан бүхий мөнгө офшоор бүсэд“ байршуулсан, мөн хилийн чанадад үнэтэй үл хөдлөх хөрөнгө авсан байгаа нь „зарчимын хувьд болохгүй“ зүйл төдийгүй „зүй ёсоор хардах үндэслэл“ болоод байгаа.
Түүнчлэн түүний хэлснээр энэ хүмүүс хэрхэн хөрөнгөжсөн, офшоор бүсэд байгаа мөнгөнийхөө хэмжээ, эх үүсвэрийг Монголын ард түмэнд тайлбарлах ёстой, Монголын ард түмэн ч тайлбар нэхэх эрхтэй, ёстой. Учир нь эдгээр хүмүүс бол жирийн хүмүүс биш. “Уул уурхайтай холбоотой бизнесийг ид мандаж байхад С.Баяр, Сү.Батболд хоёр дараалан ерөнхий сайд байсан” төдийгүй Оюу толгойн гэрээг байгуулж, өлгийдөж авсан эрхэмүүд. Тиймээс ард түмэн зүй ёсоор хардаж, тайлбар нэхэж байгаа нь ойлгомжтой.
Ийнхүү “Панамын Пейпэрс” гэж нэрлэгдсэн офшоор мэдээлэл дэлгэгдэж, дээр дурдагдсан олон эрхмүүдтэй холбоотой офшоор данс, компаний мэдээллүүд илчлэгдэж олон нийтийн жигшил зэвүүцэл хурцдаж, ард түмний төрд итгэх итгэл ихээхэн алдагдсан энэ үед УИХ-ын дарга ийнхүү мэдэгдсэн нь Монголын ард түмэнд горьдлого төрүүлээд зогсохгүй, тодорхой хүлээлтийг бий болгоод байна. Үнэндээ Панамын Пейпэрс дэлгэгдсэнээс хойш офшоорын асуудлаар Монголын төрийн “гурван өндөрлөгийн” хэн нь ч ийм дэлгэрэнгүй, нухацтай мэдэгдэл хийгээгүй байсан билээ.
Гэхдээ төрийн албан хаагчид офшоор үйлчилгээ авдаггүй байх, авсан хүмүүст хариуцлага тооцох, хууль тогтоомжийг чангатгах, улмаар С.Баярцогт мэтийн хүмүүсээс Монголын төр салах ёстой гэсэн товч мэдэгдлийг анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн гэдгийг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж Монголын ард түмэн Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлэхийг хүсэж байж ч болох ч Ерөнхий сайд Ч. Сайханбилэг ч гэсэн байр сууриа удахгүй илэрхийлэх биз хэмээн хүлээж байгаа нь лавтай.
Ийнхүү эрх баригч намын удирдлагууд байр сууриа илэрхийлээд бусад намуудад уриалга гаргаад байгаа энэ үед гол сөрөг хүчин, ялангуяа цөөнгүй гишүүд нь түүний дотор хоёр ч ерөнхий сайд нь офшоортой нэр холбогдоод байгаа МАН-ын байр суурийг ард түмэн маш анхааралтай ажиглан хүлээж байгаа билээ. Харамсалтай нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Офшоорт нэр нь холбогдсон учраас нэр дэвшихийг нь хязгаарласан хуулийн заалт хаана ч алга.
Өөрөөр хэлбэл, тийм хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл алга” гэсэн байр суурь илэрхийлэв. Тэр ч байтугай АН-ын УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүртэл “офшоортой гээд сонгогдох эрхэнд нь халдах нь магадгүй дарангуйллын өнгө аяс харагдаж байна. Монголд офшоорыг хуулиар хорьсон ямар ч заалт байхгүй…сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах поп гэж хэлж болох үйл явц, хэн нэгэн хүний өрсөлдөгчөө зайлуулах арга хэрэгсэл” гэж мэдэгдэв. Ийнхүү офшоорын асуудлаар хоёр том зарчимын өөр өөр байр суурь илэрхийлсэн төдийгүй, АН-ын зарим гишүүд ч намын даргаа дээрх байдлаар хардаж байгаа нь илэрхий.
Офшоорын тухай хууль, эсвэл хуулийн заалт Монголд байхгүй нь үнэн. Гэхдээ энэ асуудал бол Монгол улсын “Иргэний тухай”, “Улс төрийн намын тухай”, “УИХ-ын сонгуулийн тухай”, “УИХ-ын гишүүний тухай”, “УИХ-ын тухай” улмаар Монгол улсын төрийн байгуулал, Үндсэн хууль, Монголын төрийн тухай асуудал. Яагаад гэвэл бид Монгол улсын өмнө тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хийгээд, асан, улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хийгээд, асан эрхэмүүдийн тухай ярьж байгаа билээ.
Эдгээр харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудад “тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэх мэт маш олон зүйл, заалт бий. Дор хаяхад л ардчилсан ёс, шудрага ёс, тэгш байдлын зарчимд Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүд нь офшоор дансанд мөнгө нуугаад байх нь таарах уу? Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталахад тохирох уу гэх мэтээр. Тиймээс энэ асуудал бол “офшоорыг хуулиар хорьсон ямар ч зохицуулалт байхгүй” тухай асуудал хэрхэвч биш.
Гэтэл сүүлийн хэдэн өдөр хэвлэлийн хуудаснаа С.Баярцогт шиг боловсролтой, бэлтгэгдсэн, туршлагатай улс төрч Монголд ховорхон болов. Мөн Сэлэнгийн АН-ын хорооны гишүүд “Түүнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг З.Энхболд дарга та ганцаараа шийдэхгүй. Нэр дэвшүүлэх асуудлыг намын дунд шатны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хороо, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэн олонхоороо шийддэг хууль, журамтай. Харин С.Баярцогтыг ном журмын дагуу нэр дэвшээд ирвэл сонгох уу, хариуцлага тооцох уу гэдэг нь Сэлэнгийн сонгогчид бидний мэдэх хэрэг” хэмээн мэдэгдсэн төдийгүй УИХ-ын сонгуульд 100 хувийн саналаар дэвшүүлсэн байх юм.
Тал талд л дайчилгаа явагдаж байгаа нь илэрхий. Офшоорын асуудлаар Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбооныхноос мэдээлэл авахаар АНУ зорчих гэж байсан сэтгүүлч Л. Мөнхбаясгаланд эрүү үүсгэж, хилээр нэвтрэхийг хорив гэх. Н. Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өлсгөлөн зарлах гэж байгаа гэх. Хулгайчгүй Монгол гэх хөдөлгөөн хулгайч нарыг мөд зарлах л гэх. Мэдээж сонгуулийн системийг нэг мандаттай “мажоритари” системд шилжүүлсний улмаас маш олон санал, нам, улс төрчид “гудамжинд” гомдолтой үлдэх нь ойлгомжтой. Төрд итгэх итгэл шалан дээр унасан энэ нөхцөлд зөрчил энэ байдлаар хурцадвал тээр жилийн 7-р сарын 1-ний үйл явдал бяцхан самуун болж ч харагдаж магадгүй санагдаж байна. Тиймээс энэ офшоортой холбоотой үүсээд байгаа зөрчил, маргааныг нэн даруй шийдэх хэрэгтэй.
Нэг талаас АН, нөгөө талаас МАН зөрчилдөж байхад АН дотроо ихээхэн зөрчилдөж байна. Сэлэнгэ аймгийн АН-ын эрх ашиг, Монголын АН-ын эрх ашиг хоёр ч зөрчилдөж байгаа нь хэн хүний нүдэнд ил байна л даа. Харин юунаас болоод зөрчилдөв? Асуудлын гол нь офшоор. АН-ын удирдлага офшоорыг нэр дэвшүүлэхгүй гэсэн учир С. Баярцогт түүнд оногдоод байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, АН-ын дарга, нарийн бичгийн дарга гэх АН-ын удирдлага С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэв.
Яагаад? Яагаад гэвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд С.Баярцогт Монголын төрийг “муухай” харагдуулж байхад, АН-ын даргын хувьд С.Баярцогт АН-ыг “муухай” харагдуулж байгаа юм. Хэнд “муухай” харагдаад байгаа юм бэ? Монголын ард түмэнд буюу Монголын сонгогч олонд. Яагаад “муухай” харагдаад байгаа юм бэ? Яагаад гэвэл тэр офшоорт их хэмжээний мөнгөө нууж байгаад баригдсан учир. Хүн мөнгөө хаанаа хадгалах нь хүний эрхийн асуудал биш үү? Үгүй юмаа. С.Баярцогт жирийн нэгэн хүн биш, бас жирийн нэгэн иргэн ч биш, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд юм.
Учир нь төрийн албанд ажиллаж байгаа нь битгий хэл, аливаа улс оронд ажил хөдөлмөр эрхэлж орлого олж байгаа хэн бүхэн зохих хууль тогтоомжийн дагуу тэр улсад татвараа төлөх ёстой. Энэ бол шударга ёс. Татвараа төлөхгүй байгаа хэн бүхэн бусдын орлогоос хулгай хийж байгаа хэрэг. Хулгай хийгээд зогсохгүй ч бусдын юмаар хүүдэгнэж байгаа хэрэг. Үнэн. Бид ядарсан хэсгийгээ тэтгэдэг тэр бол хүний ёс. Задарсан хэд нь ч илүү хувь нэмэр оруулъя гэх нь ч бий. Тэр бол хүнлэг ёс.
Гэтэл түмний төсөв, хөрөнгө, эд баялаг, орд уурхайг эх орных нь ирээдүйтэй шийдэх эрх, дарх, ямбыг олсон этгээд зохих хувиа төлөхгүй хөрөнгөө офшоорт нууж байхыг юу гэх вэ? Хулгай? Хууралт? Урвалт? 23 наснаасаа эхлээд Монголын улс төрд морь, нохой мэт зүтгэсэн гэх С.Баярцогт хаанаасаа тэр их мөнгө, хөрөнгө олсон байх вэ? Уул уурхайн бизнес мандаж, Оюу толгойн гэрээг байгуулж, өлгийдөж авсан офшоортой хоёр Ерөнхий сайдын Сангийн сайд байсанд учир байгаа юм биш биз? Хэн бүхэн ингэж сэтгэж байгаа, ингэж сэжиглэж байгаа.
Монголын ард түмэн сэжиглэх эрхтэй, Монголын ард түмэн тайлбар нэхэх эрхтэй, шаардах ч ёстой. Чухам энэ сэжиг, харын улмаас л Ерөнхийлөгч С.Баярцогтыг төр “муухай” харагдуулж байна. Чи хариуцлага хүлээх ёстой гэж байгаа юм. Чухам эл учир л АН нэрээ, зүсээ цэвэрлэхийн тулд офшоор данстай хүмүүсийг дэвшүүлэхгүй гэж байгаа юм. Мэдээж хэн нэр сайн, зүс цэвэр байна тэр сонгогдох магадлал өндөртэй нь ойлгомжтой.
Сэлэнгийн АН олон жил ханилсан нөхрөө гээж түвдэхгүй ч байгаа биз. Тэд ямар ч байсан үндэсний АН-ынхаа удирдлагынхаа бодлого, шийдвэрийг сөрөн зогсов. Тэд чухам С.Баярцогтыг Монголын ард түмэн шиг сэжгийн нүдээр харж байгаа эсэх нь бүү мэд. Далд санал хураалтаар л түүнийгээ харуулах биз. Гайхалтай нь өөрийнх нь талаар улсынх нь Ерөнхийлөгч, намынх нь дарга, нарийн бичгийн дарга нар удаа дараа “нүүрийг нь улайтал, нүдийг нь бүлтийтэл” хэлж байхад С.Баярцогт өөрөө гүтгэлэг бол гүтгэлэг, үнэн бол үнэн гээд улс төрчийн ёсоор мэдэгдэл хийгээд асуудлыг шийдэхийн оронд Сэлэнгийн АН-ыг урдаа бамбай болгоод үг дуугүй зүтгээд байх юм.
Сэлэнгийн АН-ын араар С.Баярцогт нуугдаад байгаа шиг С.Баярцогтын араар МАН нуугдчихаад байх юм. Үнэндээ бол С.Бямбацогт УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч өөр хэн ч биш. Харин МАН-ын байр суурийг илэрхийлэх нь М.Энхболд. Гэтэл М.Энхболд дарга С.Баярцогтыг урдаа бамбай болгож барьчихаад ард нь нүдээ нуугаад чихэлдээд суугаад байх юм.
Үндсэндээ С.Баярцогт Сэлэнгийн АН-аар могой бариулж байгаа бол С.Баярцогтоор МАН могой бариулаад байна л даа. Тэр могой нь офшоортон УИХ-д нэр дэвшиж болно гэдэг жишиг. Харин Монголын ард түмэн энэ могойг жигшиж байгаа юм. Хэрвээ энэ жишиг тогтвол Монголын төр эрт орой хэзээ нэгэн цагт ийм могойн үүр болох бөгөөд одоо ч бараг тийм болчихоод байна гэж нийгэм түрхэрэлдэж байгаа билээ.
Чухам Монголын ард түмэн жигшин түрхэрэлдэж байгаа учир шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр З.Энхболд үнс нурмаар гортиг татаад могойг Монгол төр рүү, Монголчуудын гэр рүү оруулахгүй гээд байгаа юм. Тиймээс С.Баярцогтын асуудал Сэлэнгийн АН, Монголын АН-ын асуудал биш, АН болон МАН-ын ч асуудал биш Монголын асуудал болчихоод, С.Баярцогт Монголын төрд дахиад нэг муу жишиг тогтоох эсэх дээрээ тулаад байна.
Мэдээж энэ хэргийн хамгийн гол буруутан нь Монголын ард түмний “сэжгийн нүд”. Монголын ард түмний сэжгийн нүд нь төрөө цэвэр, ариун байлгах гээд л хүсээд байгаа юм л даа. Энэ сэжгийн нүдийг яаж цайруулах вэ гэдэг асуудал хамгийн гол асуудал. АН-ын дарга нь манай С.Баярцогт тайлбараа хийсэн гэж өмгөөлөнгүй байна билээ. Гэхдээ тэр өөрөө ч тэр С.Баярцогтын тайлбарыг Монголчууд итгэхгүй байна гэж бодож байгаа нь илэрхий.
Үнэхээр С.Баярцогтын тайлбарт Монголын ард түмэн итгээгүй. Харин ч улам бүр зэвүүцсэн байх. Одоо тэр хүн юу ч гэж хэлээд нэмэргүй. Түүний үгэнд итгэх хүн тун ховор! Энэ бол дан ганц С.Баярцогтод төдийгүй С.Баяр, Сү. Батболд, Д.Цогтбаатар гээд офшоорт нэр холбогдсон хэн бүхэнд хамаатай. Харин хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр, бас элдэв дажин самуунд хүргэхгүйгээр энэ асуудлыг шийдэх нэг арга байна.
Миний санаа биш л дээ. УИХ-ын даргa энэ долоо хоногийн сүүлээр ирэх гэж байгаа АНУ-ын конгрессийн төлөөлөгчдөд хандаж Холбооны Мөрдөх Товчоогоор дамжуулан тэдгээр офшоор данс, компаниудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авахад нь Монгол улсад туслах хүсэлт тавих тухай цухас дурдсан. Чухам энэ санааг л ажил хэрэг болгоё. УИХ-ын дарга энэ санаачлагыг гаргасны хувьд УИХ, аймаг, хотын иргэдийн хурлын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой тусгай комисс байгуулаад олон улсын зохих байгууллагуудад хандаж офшоор данс, компани эзэмшиж байгаа бүх Монгол хүмүүсийн санхүү, хөрөнгийн баримт, мэдээлэл, гүйлгээг илээр дэлхий нийтэд зарлуулья.
Тэгээд тэр хүмүүсээр эх үүсвэрийг нь тайлбарлуулъя. Шаардлагатай болон олон улсын шүүхэд хандая. Ингэвэл Монголчуудын сэжгийн нүд цайрна. Хэн нь хэнээсээ ч ичих, хардах асуудалгүй болно. Хэн нэгнийг ч сэжгийн нүд хэлмэгдүүлэхгүй. Тэгвэл Монголын төр ариун, тунгалаг ч болох болно. Монголчууд ч төр засагтаа, ирээдүйдээ итгэх итгэлтэй болно. Үгүй бол тээр жилийн 7-р сарын 1-нээс илүү аймшиг хүлээж байж ч болох.

Др. Л.Мөнх-Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих