П.Сэрдамба дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө маргааш өрсөлдөнө
2009 онд боксын дэлхийн аваргаас алтан медальтай ирж байсан П.Сэрдамба өчигдөр медалиа ихэрлүүлж хүрэл медалийн болзол хангалаа.
Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Кубын тамирчин 19 настай Ёсбани Вейтиатай хүч үзэн тоглолтын эхний үе дуусахаас 16 секундын өмнө хүнд цохилтонд оруулснаар хагас шигшээд шалгарлаа.
Тэрээр дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө БНСУ-ын Шин Жон Хутай маргааш үдээс хойш хүч үзнэ. Энэхүү боксчинтой П.Сэрдамба өнгөрсөн наймдугаар сард Инчонд Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний даваанд таарч ялагдаж байсныг боксын хорхойтнууд санаж байгаа байх. Тиймээс түүнд даагаа нэхэх хариуцлагатай тулаан ирээд байна.
Шин Жон Ху 2009 оны Миланы дэлхийн аваргын хагас шигшээд Оросын Дэвид Айрапетянд ялагдаж хүрэл медаль хүртэж байсан туршлагатай боксчин.
Харин 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ Италийн тамирчин Винченцо Мангиакапред ялагдаж дэлхийн аваргын хүрэл медалиа хошой болгож чадсангүй.
29 орон олимпийн эрх өвөртөлжээ
Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс эхний найман байрт шалгарсан 92 боксчин олимпийн эрх авсан билээ.
Лондонгийн олимпийн эрхийг Ази тивээс хамгийн олон буюу Казакстан зургаа, Узбекстан, Энэтхэг дөрөв, Хятад гурав, Өмнөд солонгос, Монгол хоёр, Тайланд, Тажикстан, Япон, Иран тус бүр нэг эрх авчээ. Харин бусад тивээс Куба зургаа, Орос тав, Итали дөрөв гэхчилэн нийт 29 орны боксчин 2012 оны олимпийн наадмын эрх авчээ.
Б.Ирээдүй
URL: