Монгол улс ОХУ-д өргүй, авлагатай!

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Сү.Батболдыг ОХУ-д айлчилж байгаатай холбогдуулан манай улсын өрийг “цайруулж” байгаа тухай мэдээлэл энд тэндгүй тавигджээ. Орост төлөх Монголын өрийн хэмжээ нь 180 сая ам.доллар бөгөөд ОХУ-ын Сангийн сайдын тайлбарласнаар Монголын өрийн 97,8 хувийг “зүгээр л” цайруулсан юм байх. Учрыг ухвал шалтгаан нь их энгийн, ураны ордоо оросуудад өгөх тохироо хийсэн нь ээлжит сюрпризийн тайлал бололтой. Оросуудын манайхаас авах ёстой хэмээн дарамталж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргахын тулд байн байн сөхөж тавьдаг “тооны ухаан” нь хэдэн жилийн дараа бас баахан нэмж хасагдаад эргээд өдий дайны юм болчихсон явж байхад гайхах зүйлгүй л байх. Тодхон жишээ гэвэл “3 дахь ерөнхийлөгч” Н.Энхбаяр Оросд айлчлаад  “…их өрийг тэглээд ирлээ, би мундаг уу..” гэсээр сүр баатар эргэн ирж, манайхан түүний ухаантай найраатайг гайхан шагширч, хундага тавилгүй архидан тэмдэглэж байсан боловч, удалгүй их гүрний дээрэнгүй үзлийг дахин харуулж, өөр хэдэн оронтой тоо үзүүлж, “ах” хүний зангаргийг харуулсан билээ. Хөөрхий манай улсын толгойд байгаа хэдэн дурак  “хүн ахтай дээл захтай”-н үлгэрийг ёсчлон биелүүлж. үг дуугүй л толгой дохиж байгаа юм.

Түүх хэрхэн өрнөж, цагтаа хэн нь “ах”, хэн нь ноён явсаныг түүх бага сага сонирхдогын хувьд хүмүүст эргэн сануулая гэж бодлоо. Урд хойд хоёр хөрш Монгол улсын дарлалд хамгийн удаан байсан улсууд. Алтан ордын үед Орос 200 илүү жил монголын дарлалд байлаа. Хятад улсын нутагт 3400 жилийн турш байгуулагдаж байсан 24 төрийн 10 орчмыг нь хүчирхэг монголчууд удирдаж байсан. Орос Хятад хоёр Монголчуудын харьяанд удаан байсан учраас монголчуудыг нэгдээд ирэх цагт учрах аюул тоймгүй хэмээн болгоомжилж, хагаралдан бутаргах бодлого явуулж ирсэн. Хятадууд хамгийн гол аюул хойд зүгээс монголчуудаас ирнэ хэмээн болгоомжилж, цагаан хэрмийг 1000 жил барьж босгосон түүхтэй. Зөвхөн энэ хэрмийг барьж босгох гэж хятадуудын олон зуун жил амссан зовлон бэрхшээл тоймгүй, амиа алдсан хүний тоо хэмжээлшгүй хэмээн түүхчид үздэг. Оростой холбоотой асуудлыг ярьж байгаа учраас хятадыг түр орхиё.

XIII зууны эхээс эхлэн Орос орон монголчуудын хөлд үрэгдэх болсон гэдэг. Хамгийн томоос нь дурьдвал, 1223 онд Калка голын дэргэд Орос Монголын хооронд том тулалдаан болж, монголчуудын ялалтаар өндөрлөжээ. Оросын хоорондоо зөрчилтэй вангуудыг ээлж дараалан цохих нь манайхны хувьд амар байжээ. Улмаар 1237 он гэхэд Бат хааны цэрэг Оросын Рязань, Москва, Суздаль  зэрэг гол суурингуудыг эзлэн, жилийн дараа гэхэд өөр 20 орчим хот монголчуудад эзлэгдсэн байв. 1242 оноос эхлэн Орос орон Бат хааны байгуулсан Алтан ордны улсын бүрэлдэхүүнд орсон ба алтан ордны улсын нийслэл нь Ижил мөрний эрэг дэх Сарай хот болжээ. Манай улс Уралын нуруунаас Карпатын нуруу хүртэлх   өргөн уудам газар нутгийг эзэмшиж байсан бөгөөд 1399-1419 онд хаан байсан Эдэгэйгээс хойш улсын хил хязгаараар биеэ даасан Астрахань, Казань, Крымын хаант улсууд байгуулагдсанаар хүч нь ихэд доройтсон байдаг.

Алтан орд улсын үед монголчууд өөрийн эзний байдлаа нутгийн оросууд болон угсаатнуудад мэдрүүлэхийн тулд үс тавих, хувцас хунар өмсөх, алба гувчуур барих, өртөө зам эрхлэх, төрийн ёс заншил зэрэгт монгол ёсоо ягштал мөрдөхийг тулгаж байсан байна. Монголчууд мөн бүх эзэнт гүрний нутгийг өртөө замын сүлжээнд оруулахдаа Орос оронг ч алгасаагүй болно. Оросын түшмэд вангууд монгол төрийн ёсонд захирагдан, Мөнх хийгээд Гүюүг хааны ордын чухал ёслолд ирж оролцдог байжээ. Орос хэлэнд монгол үгс ихэд холилдон үлдсэн нь өнөө ч их анзаарагддаг. Мөн монголчуудын харьяа байсан газарт монгол газар усны нэр ихээр үлдэж хоцорчээ. Жишээлбэл, Москва буюу Мушгиа, Калуга буюу Хаалга, Саратов буюу Шар дов, Тюмень буюу Түмэн, Есөнтуки буюу Есөнтуг гэх мэт…

Түүнчлэн монголчууд маань нутгийн оросууд болон бусад туургатнуудтай 200 илүү жилийн дотор цус их холилдсон бөгөөд өнөө цагийн оросууд, украйн, белорусууд цагаан арьстай гэхээсээ илүү монголжуу төрхийг олж, шинэ генийн фондтой болсон. Оросуудад Ордынский хэмээх шинэ овог үүссэн нь үүнтэй холбоотой.

Оросууд монголын дарлалд байснаар үндэстэн болж төлөвших үйл явцыг олсоноос гадна хожим нэгдэн нягтарч  Орос их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг болсоныг Оросын аугаа их түүхч Л.И.Гумилёв зоригтой гаргаж тавьсанаараа тухайн үедээ үлэмж хэлмэгдсэн байдаг. Үүнийг оросын нэг үзэл сурталд баригдсан түүхчид хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч өдгөө нэгэнт олноо хүлээн зөвшөөрөгдсөн үнэн болжээ. Их Монголын аугаа түүхээс товчхон танилцуулсан маань хэн нь хэн нь явсан гэдгээ мартсан монголчууд маань өнөөдөр ”цаст уулын цагаан бар цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэдэг л болж дээ гэж хэлэх гэсэн санаа.

Сталинаас хойш оросын удирдагчид Монголыг хамаагүй гартаа оруулалгүй жийргэвч улс маягаар ашиглаж иржээ. Хятадтай шууд хиллэхгүй, дундаа нэг улстай байх нь дээр гэж үзсэнээс оросын хаант засгийн үед хятадаас хамгаалах том бамбай болгож Ар монголыг автономит эрхтэй улс байлгах бодлого явуулсан гэдэг. Хаант засаг унасны дараа оросууд азийн анхны социалист орон гэж монголыг зарлажээ. Хэрвээ оросууд тийм байрь суурь барьж байгаагүй бол аль хэдийн ЗХУ-ын дагуур улс болох байжээ. Тэр бүү хэл манай төрийн удирдагчид ЗХУ-ын харьяа улс болох гээд өргөдөл бичээд явж байсан нь нэгэнт илэрсэн нууц болжээ. Тэдний энэ бодлого нэг талаараа манай улсын тусгаар тогтнолд гай болоогүй ач тустай ч тухайн үеийн ЗХУ-ыг хөгжүүлэх хөшүүргүүдийн нэг болсон түүхий эдийг ханган нийлүүлэгч хавсарга орон болгосон юм. Түүхийн хүрд эргэх үед өнөө иванууд маань  “ах” болон хувираад Монгол улсын аль өнгөтэй өөдтэйг зөөж эхэлсэн байдаг. “Алтыг нь аваад авдрыг нь хаялаа..” хэмээн монголчууд хуншгүй зан гаргасан хүнийг шүүмжилдэг боловч оросууд манайхны арчаагүй занг ашиглан алтыг маань авахдаа ашигласан авдраа үнэлээд монголчуудыг өрөнд унагаад байгаад л хамаг учир байгаа юм. Дээр дурьдсан өр нь Зөвлөлт задарсны дараа үед “Монголросцветмет” үйлдвэрт Монголын талын оролцооны төлбөрийг Орос өгснөөс гарсан гэнэ. Монголын ашигт матлмалыг орос руу гаргах үйл ажиллагаатай, угтаа эргэлтийн хөрөнгөдөө  “цус сэлбэсэн” төдий хэрэг, яагаад ч өр болдог юм.

Нэгэн жишээ хэлэхэд, 1924-1925 онд Монголд худалдаа аж үйлдвэрийн парк байгуулахад Богд хааны сан хөмрөгт 500 сая ам долларын цэвэр мөнгө байжээ. Тэр цэвэр мөнгийг 1927 онд мөнгөн тэмдэгт хийлгэнэ гээд орост аваачиж тушаасан боловч тэр чигтээ  алга болсон байна. Ганцхан үүн дээр л ярихад манай улс Орост өртэй байтугай авлагатай гарч байгаа юм. Саявтар миний “хуурай” ах, манай нэртэй эрдэмтдийн нэг, МУИС-ын ОУХДС-ийг үүсгэн байгуулагч Хэрээд  Ж.Баясах  энэ талаар “ дээр үеийн ноёд чинь тэнэг хүмүүс биш болохоор татвар хурааж, ордоо ашиглуулж,  гааль нь гувчууртай байж улсын сан хөмрөгтөө мөнгөө төвлөрүүлдэг байж. Тэр үеийн 500 сая долларыг одооны ханшид шилжүүлвэл аманд багтахгүй тоо гарна. Тэр мөнгө яагаад буцаж ирсэнгүй юунд оров гээд судлах гэхээр оросууд архивтаа оруулдаггүй. Бусдыг нь орхиод үүн дээр бид хөрөнгөө нэхвэл манай авлага орсуудын яриад байгаа өрийг хэд нугална.. ” гэж билээ.

Яахаараа өртэй өргүй гэдгийг дан ганц  хойд хөрш шийддэг юм бэ? Зүй нь салбар бүрийн эрдэмтэд судлаачдаас бүрдсэн баг байгуулж, судалгаа явуулан, тэднээр дүгнэлт гаргуулмаар юм. Тэд үндэслэлээ яриад, бид ч баримтаа гаргаад хоёр талаасаа мэтгэлцэх ёстой, гуравдагч дөрөвдөгч орноор зуучлуулж хэлэлцээ хийх ёстой, Шийдвэрт хүрч чадахгүй бол олон улсын шүүх дээр хөтлөлцөөд очих ёстой. Дэлхийд данстай эрдэмтэд цаана чинь хүлээн зөвшөөрөхгүй байгаа өрийг нэг муу “албан тушаалтан” очиж зөвшөөрөөд байгааг би ер ойлгохгүй байна. Одоо бүр нөгөө оросууд нь дүрдээ итгэчихсэн, “их өр”ийг чинь тэглэлээ гэнэ, нилээн өндөр болзолтойгоор шүү ураны ордоо ашиглуулах!  60 гаруй мянган тонны нөөцтэй ураны ордоо өгөх болзолтойгоор, хийгээгүй хэргийн төлөө оросуудын гаргасан “өршөөлийн хуульд” хамрагдаад байгаа Сү. Батболдын засгийн газарт баяр хүргэе!

Г.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих