Зэсийн үнэ, “Рио Тинто”-йин хувьцааны уналт Монголын эдийн засагт аюултай
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин нэгэнтээ эдийн засгийн хямралыг “Төгс шуурга” хэмээсэн. Харин одоо Монголд “Төгс шуурга” дэгдэхэд бэлэн болчихоод байна.
Үүнд гадаад, дотоод нөлөөллийн аль аль нь буй. Гадаад нөлөөлөл нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт юм. Лондонгийн металлын бирж дээр энэ сарын 4-ний байдлаар нэг тонн зэсийг 6758 ам.доллараар худалдаж байв. Ердөө хоёрхон сарын өмнө 9000 ам.долларт хүрч байсан зэсийн ханш ийнхүү буурсаар байгаа нь “төгс шуурга”-д бэлэн байхыг сануулж байна.
Одоогоос хоёр жилийн өмнө макро түвшинд тохиолдсон нэгэн гунигт түүхийг энд дурьдаж болно. Тухайлбал 2008 онд нэг тонн зэсийн ханш 8000 ам.доллар байснаа 4000 ам.долларт хүртлээ буурсан. Гэвч тухайн үед улстөрчид үүнийг дэлхийн эдийн засгийн хямралтай холбон том тайлбар хийж байснаас биш, “Бид буруу тооцоолжээ” гээд уучлал гуйсан удаагүй.
Эдийн засагчид “Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 100 ам.доллараар буурах тутамд тухайн жилийн төсвийн орлого 10 тэрбум төгрөгөөр буурдаг” хэмээн хялбаршуулан тайлбарладаг. Үүнээс үзэхэд зэсийн үнээс хэт хамааралтай төсөв бүхий манай улсын хувьд зэсийн үнийн өсөлт, уналтад анхаарал хандуулахгүй байхын аргагүй.
Гэтэл энэхүү гадаад нөлөөллөөс гадна дотоод нөлөөллийг улстөрчид буй болгож байна. Энэ нь Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто”-ийн зүг тасралтгүй довтолж, дарамт шахалт үзүүлж буй явдал. Өнгөрсөн сараас эхлэн удаа дараа хийсэн “довтолгоо”-ны дүнд “Рио Тинто” группын хувьцааны ханш унасаар байгаа. “Рио Тинто”-ийн нэгж хувьцааны ханш өчигдрийн байдлаар Австралийн хөрөнгийн бирж дээр 60.21 австрали доллар, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр 43.87 ам.доллараар арилжаалагдаж байв. Ийнхүү зэсийн үнийн уналт, “Рио Тинто”-ийн хувьцааны ханшийн уналт давхцаж байгаа нь Монголын эдийн засагт “Төгс шуурга”-ыг дэгдээх гол хүчин зүйлс болж байна.
Уг нь “Рио Тинто”-ийн шинжээчид “Оюутолгойн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголын эдийн засаг 2020 он гэхэд 30 хувьд хүртлээ өснө” гэсэн өөдрөг таамаглалыг дэвшүүлсэн. Хариуд нь Монголын улстөрчид “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын илтгэлийг гоочлон гоморхож, түүгээрээ далимдуулан хувиа нэмэхийг санаархаж эхэлсэн.
Дэлхийн хэвлэлүүдэд энэ талаар гарч буй нийтлэл, мэдээллүүдээс харахад “Монголчууд ямар мундаг юм бэ, “Рио”-г атгаж байна” хэмээн магтсан, бахадсан зүйл огт алга. Харин ч “Рио Тинто” компанийн зэсийн олборлолтыг хариуцсан гүйцэтгэх захирал Эндрью Хардингийн үг илүү итгэл үнэмшил төрүүлсэн бололтой. Тэрбээр “Монголчууд ийнхүү хэлсэн үг, хийсэн гэрээнээсээ татгалзаж байгаа нь Гвинейн Засгийн газрын бодлоготой яг адилхан байна” хэмээжээ. Энэ бүхэн УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт шаардлага гардуулсан, үүний дараа уг гэрээг байгуулсан сайд нар нь Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хэлэлцээрийн ширээний ард дахин суухыг санал болгож байгаа зэрэг будлиантай үйлдлүүдтэй холбоотой.
Ямартай ч дээрх нөлөөллүүдээс үүдэн “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-ийн хувьцааны ханш унасан. Дээр нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч байгаагаас үүдэхэд тэртэй тэргүй томоохон алдагдалтай төсөв баталчихаад, одоо дахин тодотгол хийх гэж байгаа Монголчууд зэстэй холбоотой асуудлаар тэгтлээ оролдоод хэрэггүй л болов уу. Учир нь улс төрийн өрөг дээр иймэрхүү тоглоом манай эдийн засагт хожил авчрахгүйг нөхцөл байдал нотлоод байгаа.
Энэ мэтээр дотооддоо улстөржөөд ханахгүй гадаад түншүүдтэйгээ түншилцэх шинэ хэв маяг Монголчуудад огтхон ч зохихгүй байна. Зэсийн үнэ бидний хүссэнээр “тэнгэрт хадаж” өгөхгүй байгаагийн гол шалтгаан нь эрэлт буурсантай холбоотой.
Хөгжингүй орнууд зэсээс татгалзаж, өртөг багатай, хөдөлмөрийн бүтээмж ихтэй зэсийг орлох материалыг сонирхож эхэлсэн. Зэсийн үнэ унаж буйн бас нэг шалтгаан нь энэхүү металлын том хэрэглэгч Хятадын зэсийн нөөц сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн дээд түвшиндээ хүрээд байгаатай холбоотой.
“International Copper Study Group, ICSG” Олон улсын зэс судлалын групп урьдчилан таамаглаж байсанчлан дэлхийн зах зээл дээрх зэсийн илүүдэл энэ онд ч хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа нь ажиглагдсаар байна.
Нөгөөтэйгүүр Африкийн Замби улс хүртэл Хятадын зэсийн хэрэглээг хангахаар болсноо дэлхий нийтэд зарлачихаад байгаа шүү дээ. Замбигийн хувьд урьд нь зэсээ нийлүүлдэг байсан АНУ, Япон зэрэг оронд эрэлт буурсан учраас Хятадыг түших нь зөв гэж үзээд бусад түншүүдээсээ нүүр буруулах эрсдэл хийж байж найдвартай зах зээлээ олж авч байгаа нь энэ.
Яг тэр үед буюу өнгөрсөн оны зургаадугаар сард Лондонгийн хөрөнгийн бирж анх удаа Монголоор овоглосон өдөрлөг зохион байгуулжээ. Уг өдөрлөг дээр бидний эчнээ танил “Рио Тинто”-ийн төлөөлөгч Монголчуудад олон улсын санхүүгийн зах зээлд гарахдаа яарахыг сануулахын зэрэгцээ боломжийн хэмжээнд сурталчилж өгсөн. Харин энэ удаад сайн санаат түншүүд маань Монголын улстөрчдөд шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Тиймээс аливаа асуудалд улстөрчид нь бодлоготой, эдийн засагчид тооцоотой хандахыг цаг үе, нөхцөл байдал биднээс шаардаж эхэллээ. Гаднаас шалтгаалах хүчин зүйлсийн эсрэг яаж тэмцэхээ тооцоолохын оронд “Хөрөнгө оруулагчдаа дарамталдаг. Олон улсын жишигт нийцсэн гэрээгээ мөрдөж ажиллаж чаддаггүй, Засгийн газар нь голдуу УИХ-ын гишүүдээс бүрдсэн байдаг боловч хоорондоо хэл амаа ололцдоггүй” гэсэн мэдээллүүдийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс унших нь таатай санагдахгүй л байна.
У.Оргилмаа
URL: