Н.Алтанхуягийн “өшөө авах” ажиллагаа

4128

Намаа сонгуульд ялуулж, нэгэн цагт Ерөнхий сайдын сэнтийд заларч байсан Н.Алтанхуяг журмын нөхдийнхөө ачаар суудлаасаа буусан. Ерөнхий сайдыг огцруулах саналыг МАН гаргасан ч АН-ынхан гол тоглолтыг хийж, Н.Алтанхуягийг гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас ч, АН-ын даргын албан тушаалаас ч буулгасан. Тэр цагаас хойш Н.Алтанхуяг хэсэгтээ ганцаардсан. Гэвч тэр ганц дайчин ганцаардахгүйг харуулж, Ерөнхийлөгчөөс эхлээд намынхаа дээд доод нөхдийг багагүй айлгаж, улс төрд байгаа гэдгээ харуулсаар ирсэн. Тэгвэл Н.Алтанхуяг одоо ч намдаа  нэр нөлөөтэй байгаагаа харууллаа. Түүнийг Ерөнхий сайдын суудлаас буухад “тусалсан” АН-ын зарим нөхдийн сонгуулийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг

Санал хураалтад оролцоогүй Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ нарт хариуцлага тооцох тогтоолыг АН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргажээ. Намын дүрмийн дагуу шийтгэл оногдуулах ёстойг хяналтын хорооны гишүүд дарга З.Энхболдод зөвлөсөн байна. Тэгэхээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас буулгасан нөхдийн хувь заяа З.Энхболд болон ҮЗХ-ны гишүүдийн гарт буй гэсэн үг.

Одоогоор Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн болон санал хураалтад оролцоогүй гишүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ тухай яригдаж байна. Тэгэхээр аймаг, нийслэлээс аль хэдийнэ нэр дэвших эрхээ авч, эхний даваагаа давсан нөхөд бүдэрч магадгүй. Баянхонгорын Х.Баттулга, Д.Ганбат, Ховдын Д.Батцогт, Дарханы Р.Бурмаа, Дорнодын М.Зоригт, Чингэлтэйн Г.Баярсайхан, Архангайн Д.Ганхуяг, Баянголын С.Одонтуяа, С.Эрдэнэ нарт хяналтын хорооны тогтоол таатай бодол төрүүлэхгүй. Хяналтын хорооны зөвлөгөөг З.Энхболд хэрхэн хүлээж авах, ҮЗХ-ны гишүүд “сануулгатай” горилогчдод яаж хандах нь орой тодорхой болно.

 

АН-ын дарга З.Энхболд сонгуультай зэрэгцэн хариуцлагын тухай дуугарч буй. Тэрбээр намаасаа оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдээд буй. Оффшортнуудын төлөөлөл болсон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг Сэлэнгийнхэн 10 хувийн саналаар гаргаж, З.Энхболдын эсрэг тавьсан. Харин одоо хяналтын зөвлөлийнхөн бас нэг хариуцлагын асуудлыг гаргаж ирлээ. С.Баярцогтын асуудал З.Энхболдыг хэлсэндээ хүрдэг эсэхийг харуулна. Харин Хяналтын ерөнхий хорооны тогтоол АН-ыг хэр ардчилалтай нам болохыг илтгэнэ.

 

Ямартай ч Н.Алтанхуяг АН дотор байр сууриа алдаагүйн дээр чамгүй хүчтэй байгаагаа ганцхан тогтоолоор харууллаа. Түүний эсрэг ажилласан нөхөд зүгээр өнгөрөхгүй гэдгийг сануулав. Түүний “өшөө авах” ажиллагаа амжилттай болох эсэхийг бид мөдхөн харна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийг унагаж байсан нөхдийн хэд нь өнөөдөр бүдрэх нь сониуч хүмүүсийн анхаарлыг татаж буй асуудал. Мөн өрсөлдөгч намуудын нэр дэвшигчид ч АН-ын ҮЗХ-ны хурлыг зүг чих тавьж буй.

 

 

В.Бат     http://www.shuud.mn/content/read/468706.htm


URL:

Сэтгэгдэл бичих