Хуурамч барааны эсрэг гэрээг найман улс дэмжлээ

Хуурамч бараатай тэмцэх олон талт худалдааны гэрээнд Токио өчигдөр гарын үсэг зурлаа.Японы идэвхтэй оролцоотойгоор 2005 онд уг баримт бичгийг хэлэлцэж эхэлсэн юм. Токиод болсон энэ ажиллагаанд Япон, Австрали, Канад, Марокко, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, АНУ гарын үсгээ зурсан байна. Харин Европын холбоо, Мексик, Швед улс ойрын хугацаанд гарын үсэг зурахаа мэдэгджээ.

Японы Гадаад харилцааны сайд Коиторо Гэмба “Энэ баримт бичигт гарын үсэг зурснаараа олон улсын хамтын нөхөрлөлд эдийн засгийн дээрэмчидтэй тэмцэхэд нь тус болно” гэжээ.

Мэргэжилтний ярьснаар хуурамч бараа бүтээгдэхүүний асуудалд гэр ахуйн цахилгаан, хувцас, спортын бараа зэрэг өргөн хэрэглээний бараа, программ хангамжийг хамарч байгаа аж. Хууль бусаар хөгжим, кино олшруулж, тарааж байгаа нь үйлдвэрлэгч компаниудын ашгийг буруулж байгааг Японы сайд онцолжээ. Иймээс ч уг асуудлаар гарын үсэг зурсан нь чухал үйл явдал төдийгүй тодорхой үр дүн авчирна гэж талууд үзэж байна.

Эх орны үйлдвэрлэгчдээ хамгаалах засгийн газруудын хүсэл эрмэлзэл энэ баримт бичигт гарын үсэг зурах гол шалтгаан болсон аж. Улсын нэгдлүүд нь хуурамч барааны дээрэмчдээс болж асар их хохирол амсдаг Япон улс гарын үсэг зурсан нь олон талт хэлэлцээрийн санаачлагч нь байхаас өөр аргагүй юм.

Хуурамчаар зөвхөн цахилгаан хэрэгслийг хийгээд зогсохгүй хурдны галт тэргийг ч бүтээж байгаа гэнэ. Хурдан галт тэрэг бүтээх салбарт хэд хэдэн технологийн патент авах зорилгоор Хятад улс мэдэгдлээ өгсний дараа оюуны өмчийн эрхийг зөрчиж байна гэж Бээжинг Япон улс буруутгаад байна. Бээжин Тяньзинийн хоорондох анхны хурдны галт тэрэгний замыг барих үеэр Токиогийн технологуудын заримыг үзүүлж байжээ. Дараа нь Хятад улс Японы хурдан галт тэрэгний баазыг түшиглэн 350 км/цаг хурдлах чадвартай өөрийн галт тэргийг бүтээсэн аж. Үүнийг бүтээхэд ашигласан зарим нэг технологио Хятадын тал патентлаад гурав дахь улсад худалдах байжээ.

Хуурамч барааны дийлэнхийг Хятадад үйлдвэрлэдэг. Чанар муутай хуурамч бараа их хэмжээгээр орж ирдэг тэдний хөрш улсууд илүү мэдэрч байгааг шинжээчид онцолжээ. Иймээс ч Хятадын хөршүүдийн гаалийн хяналт чанга байх хэрэгтэй гэж талууд гарын үсэг зурах үеэрээ цохон тэмдэглэв.

Токиогийн хэлэлцээрт гарын үсэг зурсан орнуудын дунд Хятад байгаагүй нь үр дүнг нь муутгаж мэдэх аж. Энэ баримт бичигт одоохондоо найман улс нэгдсэн нь хэтэрхий цөөн гэж нэрлэгдэхэд хүргэжээ. Шинэ хэлэлцээрийн хүрээнд хийсэн эхний алхмууд эдийн засгийн дээрэмчдэд сайхан амьдрал амлахгүй аж. Ирэх оноос хуурамч барааг үйлдвэрлэн тарааж байгаа улс, компани, хувь хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй тээвэрлэсэн хүмүүст ч хариуцлага хүлээлгэнэ гэж талууд тохирсон байна.

Хэлэлцээрт орж байгаа улсуудын төр засаг хуурамч барааг хураан авч устгаад зогсохгүй хаана үйлдвэрлэснийг нь тогтоож цаашид мөрдөн байцаах юм байна. Ингэснээр хуурамч бараа үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахаж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна. Ямартай ч энэ тэмцэл далайн дээрэмчидтэй хийдэг тэмцлээс хэцүү байх нь. Хууль бусаар үйлдвэрлэж байгаа бараа, техникийн үнэ нь хэдэн тэрбум ам.долларт эргэлддэг юм.

Д.Түвшинтөр

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих