Ли Жонг Ёлын 20 сая долларын хохирол “Их майдар” төслийг хөлдөө чирэх үү?
Цагдаа нар “Монголын төмөр зам” компанийн Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслөөс мөнгө угаасан хэргийн мөрдөн байцаалтыг зургаан сар явуулсны эцэст холбогдогчдыг яллагдагчаар татаж эхлэв.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг анх яллагдагчаар татаж байсан бол энэ удаа “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл сэжигтнээс яллагдагч болов. Түүнийг өнгөрсөн даваа гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин саатуулж, яллагдагчаар татсаныг танилцуулжээ.
Монголын төмөр замтай холбоотой хэрэг анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэгдэж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл нарыг анх баривчилсан билээ. Тэднийг төмөр замын төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа хууль зөрчсөн, мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм.
Үүний дараа энэ хэрэгт холбогдуулан “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг ч интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр түгсээр байгаа. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Монголын төмөр зам болон “Samsung CT” компанийн хооронд хийсэн 483 сая ам.долларын гэрээнээс 134 сая ам.доллар дутагдсан хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тухайн үед мэдээлж байв. Үүний дараа хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран АТГ-ынхан хамтран шалгах болсон. Харин сүүлийн мэдээллээр Ли Жонг Ёл гэх солонгос эр энэ хэргийн гогцоо, болж 20 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож буй аж.
Харин нөгөө талд төмөр замтай холбоотой хэрэгт гадны иргэнээр туг тахичихаад холбогдсон бусад албан тушаалтай хүмүүс сугарч үлдэх вий гэсэн болгоомжлол олон нийтэд байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар төрийн өндөр албан тушаалтнуудын оролцсон уг хэргийн гол сэжигтэн нь Ли Жонг Ёл, түүний компаниар дээрх хөрөнгө угаагдсан. Уг хэрэгт оролцсон бусад албан тушаалтан ч хуулийн дагуу шалгагдаж байгаа гэж байна.
Тэгээд зогсохгүй уг хэрэг хүрээгээ тэлж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбогдсон шуугиан ч бас өнгөрсөн сард дэгдсэн. Хуулийнхан “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компанийн байранд өнгөрсөн сард нэгжлэг хийсэн юм. Учир нь дээрх хэрэгтэй холбогдсон нэр бүхий компани, иргэдийн дансанд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө орж ирсэн гэсэн үндэслэлийг эх сурвалжууд хэлж байсан. Тэгвэл энэ удаад төмөр замын мөнгө угаасан хэрэг зөвхөн цогцолбороор зогсохгүй “Их майдар” төсөлтэй ч холбогдож болзошгүйг эх сурвалж хэлж байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: