Ногоон байгууламжгүй нүцгэн хот

Хүүхэд хөгшидгүй гадаа гарч нарлах цаг ирлээ. Тодорхой хэлбэл, зүлэг, цэцэг, мод бүхий ногоон орчин руу хүн бүр тэмүүлж байна. Гэвч Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр амарч, салхилах ногоон байгууламж бүхий томоохон талбай бараг алга.

Хот, суурин газрын ногоон байгууламж нь агаарын температурыг бууруулж, зуны улиралд сүүдрэвч, хүйтний улиралд салхинаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулж, дуу чимээнээс хамгаалж, нүүрсхүчлийн хийг шингээдэг гээд байгалийн эрүүл зүй тогтцыг бүрдүүлдэг шидтэй. Тиймээс иргэдийн амьдарч буй орчныг зайлшгүй зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх шаардлага бий.

Харамсалтай нь, сүүлийн үед шил шилээ даган ашиглалтад орж буй орон сууцны хороолол, хотхонууд ногоон байгууламжийн асуудлыг орхигдуулдаг нь хэрээс хэтрэв.

Барилгын норм, дүрэмд орон сууцны барилгын 500 метрээс нэг километрийн радиуст хамгийн багадаа нэг га талбайд ногоон байгууламж байх ёстой хэмээн заажээ. Гэвч бодит байдал дээр ногоон байгууламж төлөвлөх нь битгий хэл хүүхдийн тоглоомын талбай, гадна орчинд тухлан суугаад нарлах сандалгүй орон сууцнууд ашиглалтад орсоор байна.

Хотжихын хэрээр агаарын бохирдол ихсэж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бууруулдаг

Нэг сая гаруй хүн амтай томоохон хотуудын тоонд хэдийнэ багтсан атлаа өнөөг хүртэл “эсгий хот“ нэрнээсээ салаагүй явна, Улаанбаатар. Хэдийгээр барилгажилт, бүтээн байгуулалт жилээс жилд эрчимтэй өрнөж, хотын өнгө төрх нэг үеэ бодоход танигдахын аргагүй болсон ч хотжилт дагасан сөрөг талуудаа бид шийдэж чадахгүй л байна.

Улс орнууд хотжихын хэрээр агаарын бохирдол ихсэж, энэ нь хүн амын эрүүл мэнд, экологийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хязгаарладаг. Иймд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг мөрдөж, хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал шаардлага гэдгийг өнөөдөр нийслэлчүүд биеэрээ мэдэрч сууна.

Хот байгуулалтыг зөвхөн хэдэн том байшин барих мэтээр төсөөлж болохгүй. Архитектурын шийдэл, газар зүйн байршил, усны болоод цахилгаан эрчим хүчний хангамж, дэд бүтцийн шийдэл нь хотын амин чухал судас нь юм. Энэ бүх төлөвлөлтийг хийж ирсэн ч хэрэгжүүлээгүйгээс агаар, ус, хөрсний бохирдол Улаанбаатар хотын толгойны өвчин болсон. Хотын удирдлагууд үүнээс гарах арга замыг утаагүй түлш, бүрэн шаталттай зуух төдийхнөөр л харж байна.

Нэгэнт бид нэг, хоёр жилийн дотор гэр хорооллын бүх яндангаасаа салж чадахгүй тул ногоон ургамал, ой, мод бүхий талбай, цэцэрлэгжсэн орчин байгуулж, бохирдлоосоо бага ч болов салах боломж уг нь бий. Учир нь дэлхий ертөнцийн хүчил төрөгчийн бүх нөөцийг 3.5 тэрбум жилийн хугацаанд зөвхөн ногоон ургамал л бүрдүүлж ирснийг эрдэмтэд тогтоосон. Ногоон байгууламж нүдэнд үзэгдэхгүй ч ямарих нөөц бололцоотойг эндээс харж болно. Жишээ нь, нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг байна.

Энэ нь хотыг утаагаар хучдаг 160 гаруй мянган янданд байгалийн томоохон шүүлтүүр болно гэсэн үг. Өвөл болохоор мод навч шилмүүсгүй болсон ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж, дуу чимээг тэр хэрээр бууруулж чаддаг аж. Ялангуяа навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө тогтоон барьж, хэт халалт болон хөрөлтийг 2-3 градусаар бууруулан тогтворжуулснаар хот, суурин газарт бичил уур амьсгал бий болгодог.

Асфальт чулуун зам талбай бүхий газар, шил, тоосгон ханатай барилга, байгууламж ихтэй төв суурин газрын агаар илүү халуун бүгчим байдаг. Мод ургамал тарьж суулгаж, цэвэршүүлснээр орчин тойрны чийг тунадасны 75 хувь нь хөрсөнд шингэж, агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг. Түүгээр зогсохгүй ногоон байгууламж ойр орчинд байснаар нарнаас ирэх халуун цацрагийн элчийг 10-15 дахин бууруулдагийг эрдэмтэд тооцоолжээ.

Энэ байдлаас үзэхэд ногоон байгууламжийн ач холбогдол хот суурин газарт асар их ажээ. Гагцхүү төлөвлөж, хэрэгжүүлэх л шаардлагатай байна. Дэлхийн томоохон хотууд ч энэ хандлага руу шилжиж байна. Тухайлбал, 2015 онд дэлхийн 60 орны барилгын салбарын үйлдвэрлэгч, төсөл хэрэгжүүлэгч, зөвлөхүүдийн дунд явуулсан судалгаагаар 28 хувь нь 2020 он гэхэд нийт хийж хэрэгжүүлэх төсөл, бүтээн байгуулалтынхаа хамгийн багадаа 60 хувийг “ногоон” болгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл, байгальд ээлтэй технологи ашиглахын зэрэгцээ байгалийн нөөцийг аль болох хэмнэж, дахин ашиглах туршлагыг хэрэгжүүлэхээр чармайх юм. 2009 онд энэ тоо дөнгөж 13 хувьтай байсан аж. Мөн 51 хувь нь ойрын гурван жилийн дотор үйл ажиллагаа нь ногоон хотын төлөө чиглүүлнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа аж. Энэ хандлага Өмнөд Африк болон Скандинав, Герман, Бразилд хүчтэй өрнөж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногдож буй. Энэ нь ийм хэмжээний хотуудын жишгээр авч үзвэл 2-3 дахин доогуур үзүүлэлт юм.

Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногдож байна

Монголчууд мод, ургамал тарьж байсан түүхэн уламжлал багатайн дээр байгаль цаг уурын хүчин зүйл гэж манай оронд байдаг. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн санаачилгаар мод тарих албан ёсны өдөртэй болсноор иргэд мод тарих сонирхол, хүсэлтэй болсон. Гэсэн ч тарьсан модоо ургуулах ухаанд суралцаагүйгээс 60 хувь нь л мод болон ургаж байна гэсэн тооцоо гарчээ.

Мод тарих иргэдийг дэмжих арга хэмжээ аваагүй биш, авч байгаа. Тухайлбал, нийслэлээс хашаа хороондоо өөрийн хөрөнгөөр мод тарьсан айлыг урамшуулах журам гаргаад мөрдөж буй. Гэтэл хэрэгжүүлж байгаа нь хангалттай биш. Цаашдаа зөвхөн хашаа хороо биш, Туул, Сэлбэ голын сав болон ойжуулалт, мод үржүүлгийн газрыг ч ингэж урамшуулах хөшүүрэг хэрэглэх хэрэгтэй. Мөн нийслэлийн иргэдийн амьдран суудаг орон сууцны хороолол дунд байх ногоон байгууламжийн стандартыг бүр зайлшгүй мөрдүүлдэг баймаар.

Хэрэв ногоон байгууламжаа шийдээгүй барилгын компани байвал Улсын комисс хүлээж авахаас татгалздаг болоход буруудахгүй. Ингэж байж л хот төлөвлөлт, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх амин сүнс болсон ногоон байгууламжийн тоо нэмэгдэх учиртай. Үгүй бол ногоон байгууламжгүй, нүцгэн хот хэвээр үлдэхээс яах билээ.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих