Урьдчилгаагүйгээр орон сууцтай болох нөхцөл бүрдэх үү?

4085

Түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хандсан иргэдийн 80 гаруй хувь нь түрээслэсэн байраа урт хугацаанд өмчилж авах боломжтой эсэхийг сонирхож байсан аж.

Тиймээс иргэд байраа түрээслэж байгаад өмчлөх боломжийг нээж өгөх үүднээс ойрын хугацаанд Засгийн Газрын тогтоолд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Түрээсийн байрыг өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх, эсвэл түрээслүүлэх талаар олон улсад хэрэглэдэг хэд хэдэн хувилбар байдаг.

1. Зөвхөн түрээслэх,

2.Түрээслэж байгаад өмчлөх,

3. Ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр түрээсийн төлбөр дээрээ байрны үнийг шингээж төлөх байдлаар өмчлөх.

Монголын нөхцөлд дээрхи хувилбаруудыг бүгдийг нь хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Иргэн түрээсийн орон сууцанд амьдрах 5 жилийн хугацаандаа зээлийнхээ 30%-ийн урьдчилгааг бэлдээд зээлд хамрагдах, эсвэл 20-25 жил cap бүр түрээсийн төлбөр дээрээ байрны өртгийг нэмж төлөн өөрийн өмч болгох хувилбаруудыг нэмж хэрэгжүүлнэ гэсэн үг.

Түрээсийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч “Буянт-Ухаа-2” хорооллоос гадна Сүхбаатар дүүргийн 7-р хороололд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2880 айлын орон сууцны 720-ийг нь иргэдэд түрээслүүлэхээр болсон.

Цаашид ч бусад хувийн компаниудтай хамтран “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хүртээмжтэй болгох талаар ярилцаж байгаа гэнэ. Гэхдээ хувийн хэвшлийнхэн ТОСК-иас зарласан үнээс 30-40 хувиар өндөр өртгөөр байраа түрээслүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Хувийн компаниудын хэлсэн үнээр орон сууц түрээслүүлвэл иргэдийн орлогоос давж, айл өрхөд ирэх санхүүгийн дарамт нь өндөр болох учраас асуудлыг олон хувилбараар ярьж, хамтран ажиллах аргыг хайж байгаа бололтой.

“Хувийн хэвшлийнхэн өртгөө бууруулж, өнөөдрийн хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны үнэд хүргэвэл тодорхой шийдэл гаргаж, хамтран ажиллах бүрэн боломжтой”  гэж ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг хэлсэн юм.

shinebair.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих