АСЕАН-ы батлан хамгаалахын сайд нар Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцжээ
Өчигдөр Лаосын нийслэл Вьентьян хотноо Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАН-ы батлан хамгаалах сайд нар уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд учирч байгаа аюул занал, уламжлалт бус сорилтууд, тэр дундаа терроризм, Солонгосын хойгийн хурцадмал байдлын тухай хэлэлцсэн байна.
Эдгээр асуудлаас Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан АСЕАН-ы уулзалтын анхаарал татсан гол сэдэв байсныг олон улсын шинжээчид онцолж байна. Тус бүс нутагт БНХАУ үйл ажиллагаагаа эрчимжүүлж, өөрийн барьсан хиймэл арлуудын усан хилээс газар нутгаа тооцно гэж маргаж байгаа нь Вьетнам, Филиппин төдийгүй АНУ-аас ширүүн шүүмжлэл хүлээгээд байгаа. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн уулзалтаас гаргасан хамтарсан тунхаглалд Өмнөд Хятадын тэнгисийн олон улсын дэглэмтэй бүс нутагт навигацийн эрх чөлөөг хамгаалах талаар тусгажээ.
Мөн олон улсын хуулийг хүндэтгэж, тус бүс нутаг дахь газар нутгийн маргааныг хүч ашиглалгүй, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх АСЕАН-ы 6 зүйлт зарчмыг дагаж мөрдөх тухай заасан байна. Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаас гадна АСЕАН-ы гишүүн орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай асуудал уулзалтын үеэр хөндөгдсөн байна. АСЕАН-ы батлан хамгаалах сайд нар тус уулзалтын дараа Хятадын батлан хамгаалах сайдыг оролцуулсан албан бус уулзалт зохион байгууллаа.
Энэ уулзалтаар АСЕАН төвтэй бүс нутгийн аюулгүй байдлын механизм хөгжүүлэх тухай хэлэлцжээ.
URL: