Танилц: АН-аас нэр дэвшигчид тодорч эхэллээ
АН-аас УИХ-ын сонгуульд Дархан-Уул, Өмнөговь, Булган, Хэнтий, Говьсүмбэр болон Дорноговь, Орхон, Сүхбаатар, Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид тодорчээ.
Дээрх тойргуудад нэр дэвшихээр эхний даваагаа амжилттай давсан хүмүүсийн хэн нь, хэн бэ?
Р.БУРМАА ДОРНОДЧУУДААС БУЛТАВ
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмааг Дорнод аймагт нэр дэвшинэ гэж байсан ч тэрбээр Дарханд хүч үзэхээр болжээ. Учир нь түүнийг дорнодчууд сонгох байтугай чөлөөт бүс байгуулах асуудлаас үүдэлтэйгээр нутагтаа ч хөл тавиулаагүй билээ. Мөн өнгөрсөн хугацаанд Дорнодын тойргийг олигтой усалж чадаагүй юм. Тиймээс ийн тойргийг нь өөрчилж, мөрийг нь буруулж буй аж. Р.Бурмаа гишүүний хувьд сонгогчдын боловсролоор гаршсан болохоор тойргоо сольж, холих бол юу ч биш санагдаж, дараагийн парламентад гулсаад ороод ирнэ хэмээн найдаж байгаа биз. Гэвч намынхаа анхан шатны байгууллагаас эрхээ авсан ч бямба гарагт ҮЗХ чухам хэрхэн шийдэх бол.
М.СОНОМПИЛ АН-д ЭЛССЭНИЙ ШАГНАЛАА ХҮРТЛЭЭ
Нэг сарын өмнө Н.Батцэрэгийн хамтаар МҮАН-аас АН-д элссэн М.Сономпил тойрог хуваах бялуунаас хүртэж чадсан байна. М.Сономпилийн хувьд АН-ын угшилтай хүн ч 2012 оны сонгуулийн өмнө М.Энхсайханы нам МҮАН-д урвасан юм. МҮАН-аас Эрчим хүчний сайдад томилогдон ажиллаж байсан удаатай. Харин 2016 оны сонгуульд нам нь оролцохгүй болсон учир эргэн АН-даа орсон юм. АН-ынхан түүнийг өөрсдөд дээр нь гүйж ирснийг нь шагнаж Дорнодын тойргийг гаргаж өгсөн нь энэ.
ӨМНӨГОВЬД ХУУЧЧУУЛ ХҮЧ ҮЗНЭ
АН-ынхан Өмнөговь руу тойргоо сайн мэдэх хууччуулыг явуулжээ. Тодруулбал, одоогийн аймгийн Засаг дарга Б.Бадраа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын нэрийг санал болгосон байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Өмнөговь аймгийн унаган хүүхэд, нутгийн зөвлөлийн даргаар нь олон жил ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговьд цэцэрлэг, сургууль барихаас эхлээд тойрогтоо чамгүй олон ажлыг хийсэн гэдэг. Харин Засаг дарга Б.Бадраагийн хувьд аймгийн өдөр тутмын үйл амьдралд оролцож яваагийн хувьд иргэдийн дунд нэр хүнд сайтай учир ийнхүү итгэл хүлээлгэсэн аж.
ХЭНТИЙГ ХЭСҮҮЧЛЭГЧИД ТОДОРЛОО
Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засаг дарга Ж.Оюунбаатар, Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатарын нэрийг тойргийн намын хороо нь дэвшүүлжээ. АН-аас тус тойрогт 2012 онд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нар өрсөлдсөн. Б.Гарамгайбаатар ялалт байгуулж, улмаар УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хашиж байна. Тэрээр улаан тойргийг цэнхэртүүлсэн гэдгээрээ намдаа нэр хүндтэй нэгэн. Б.Гарамгайбаатарын хувьд аймгийн намын хорооны даргын алба хашдаг. Мөн “Монроуд” компанийг үүсгэн байгуулагч юм. Түүний үүсгэн байгуулсан компанибондын хөрөнгөнөөс санхүүжиж орон нутагт зам тавьсан ч хэдхэн сарын настай байсан гэх шүүмжлэлийг хүлээгээд буй. Харин М.Хүдэрбаатарын хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр мөн ажиллаж байгаа улс төрийн чадварлаг боловсон хүчин юм. Мөн тэрээр Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбоо болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүнээр ажилладаг.
ТААМАГ БАТЛАГДАЖ АН-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД БАЯНГОЛД ХҮЧ ҮЗЭХЭЭР БОЛЛОО
Тус дүүрэгт АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нэр дэвшихээр болсон байна. Түүнтэй хамт Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа , Засаг дарга Р.Оросоо нар хүч үзэхээр болжээ. З.Энхболдыг төрсөн нутаг Өвөрхангайгаа зорьж магадгүй гэх таамаг байсан. Гэхдээ хотын нөлөө бүхий дүүрэгт өрсөлдөхөөр болжээ. С.Эрдэнийн хувьд 2008, 2012 онд мөн л Баянгол дүүргээс нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байсан. Сонгуулийн үеэр Нийгмийн даатгалын сангийн дарга байхдаа албан тушаалаа ашиглан бусдад мөнгө шилжүүлсэн гэх зэрэг нэлээн хэдэн фактаар шалгагдаж байлаа. Гэсэн ч түүний хэргийг Нийслэлийн прокурорын газар шилжүүлж, түдгэлзүүлж байсан юм. Парламентийн танхимд намынхаа өмнөөс овоо хэдэн үг дуугарчихдаг, Баянгол дүүргийн иргэдэд нэр нөлөөтэйг нь харгалзан намын хорооныхон нь ийм шийдвэр гаргажээ. Дүүргийн намын хороогоо өөрийн хүмүүсээр дүүргэчихээд өөрийгөө дэмжүүлдэг гэж түүнийг шүүмжилдэг хүмүүс ч олон байдаг юм. С.Одонтуяагийн хувьд эдийн засагч мэргэжилтэй “Иргэн та баялаг” сангийн тэргүүн, “Сентоза”-гийн эзэн. 2008 оны сонгуульд энэ тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй юм. 2012 онд даагаа нэхэж С.Эрдэнийн хамтаар намаасаа нэр дэвшин ялалт байгуулсан. АН-ын бүлгийн дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг.
ХАН-УУЛЫН ШИНЭ ХҮМҮҮС
Сүүлийн үед орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийг өдөр бүр тотьдог шиг давтан ярих болсон УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгалмаа Хан-Уулд нэр дэвшихээр болжээ. Мөн тус дүүргээс хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Л.Болд, тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар нэр дэвших дэмжлэгээ аваад байна. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү нэр дэвшихээр болжээ.
М.ЗОРИГТ ДОРНОДОД…
Сүхбаатар аймаг УИХ-д нэг мандаттай. Хоёр мандат болгосон байсан ч нэгийг нь Увс аймаг руу шилжүүлсэн. Тэгвэл тус ганц мандатын эзэн аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болсон байна. Тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж их бүтээн байгуулалтын ажлуудыг хийж чадсан гэнэ. Тиймээс дэмжлэг авах магадлал ч өндөр байгаа юм. Тэгвэл 2012 онд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж байсан М.Зоригт гишүүн энэ удаад Дорнодод хүч үзэхээр болжээ. Тэрбээр ”Сонгуульд нэр дэвшихгүй. Улс төрөөс завсарлага авч байна” хэмээн жиргэж байсан ч удалгүй Дорнодыг тойглох болсон юм. Тэрбээр энэ талаараа МАН-ынхнаас Дорнодыг хамгаалахаар шийдсэн гэж тайлбарласан билээ. Түүнтэй хамт аймгийн намын хорооны дарга Д.Энхбаатар нэр дэвшинэ.
М.БАТЧИМЭГИЙГ ЖИЙЖЭЭ
Орхоны тойрогт нэр нь хүчтэй яригдаж байсан УИХ-н гишүүн М.Батчимэг жийгджээ. Тэрбээр өнгөрсөн жилээс Орхон аймагт идэвхтэй ажиллаж байсан ч намын хорооны гишүүд нь түүнийг дэмжээгүй байна. Тус аймгийн намын хороо шөнөжин хуралдаж Д.Одхүү, Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн нарыг Орхоны тойргуудад нэр дэвшүүлэхээр болжээ.
Тус намын бусад тойргийн хороод өнөөдөр хуралдаж УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах юм. Харин маргааш тус намын ҮЗХ-ны хуралдаан болохоор яригдаж байгаа аж. Уг хурлаар нэр дэвшигчдийг баталгаажуулна.
Т.Энхэлээ
http://www.24tsag.mn/
URL: