Ерөнхийлөгчийн ивээлд багтсан ер бусын тавилантай Ж.КАПЛА ба “Саусгоби Сэндс”
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Овооттолгойн нүүрс ний ордод гадаадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компани 2008 оны дөрөвдүгээр сараас олборлолт явуулж эхэлсэн байдаг.
Канадын “Руне Пинкок Майнарко” зөвлөх компанийн судалж бэлтгэснээр Овооттолгойн нүүрсний уурхай нь 175.7 сая тонн баттай болон боломжит, коксжих нүүрсний нөөцтэй гэх мэдээллийг түгээж байлаа. “Саусгоби сэндс” компанийн веб сайтад мэдээлснээс үзвэл, тэд 2011 онд 4.5 сая, түүний дараа жил 1.4 сая тонн нүүрс олборлосон байна.
Сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн онд 3.4 сая, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 0.7 сая тонн нүүрс олборлосон бололтой юм. Ер нь олборлолт явуулж эхэлсэн цагаас хойш нийт 8.7 сая тонн нүүрс ухаж гаргасны 6.2 саяыг нь экспортолсон гэх мэдээлэл байна. Үүний үр дүнд 456 тэрбум төгрөгийн орлого олж, 2011 он хүртэл 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн гэх боловч түүний цаана асар их асуудал байсныг татварын байгууллага илрүүлэн шалгаж нотолсон байдаг.
Тодруулбал, “Саусгоби сэндс” компани 35.3 тэрбум төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн буюу нуун дарагдуулсныг шалгалтаар тогтоосон төдийгүй тус компанийн удирдлага болох АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын харьяат Кристебал Ж.Дэвид, Хилармон В.Кажухом нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс ял оноож байлаа. Тэд 5.1-5.6 жилийн хорих ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ багтааж, өршөөл үзүүлснээр эх орон руугаа эрх чөлөөт дуугаа аялсаар мордоцгоосон юм.
Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга эсэргүүцэж, Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах гэж Цэцэд хандахаар УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн ч тэгсхийгээд нам жим болсон. УИХ-ын гишүүд ч “Хэнд өршөөл уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал” гэх тайлбараар Ц.Элбэгдоржид хир халдаагаагүй билээ. Түүний цаана олон нийт болон татвар төлөгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд “Манай эцэг” гаднынханд ээлтэй, харин бидэнд гэж шазуур зуусан бодолтой л үлдсэн байх.
Ардчилсан улсын энэрэнгүй Ерөнхийлөгчийн ивээлд багтсан “Саусгоби сэндс”-ийнхэн тийм ч сайхан, ариун явдалтай улс биш байж, уг нь. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өртөг одоогийнхтой харьцуулахад өндөр, манай улсын эдийн засаг ч өсөлттэй байсан 2011 оны эцсээр тус компани 50 орчим ажилтан, ажилчдаа бөөнөөр нь хоморголон халж байлаа.
Мөн өөрийн эзэмшлийн 57.6 хувийг 900 сая орчим ам.доллараар үнэлэн БНХАУ-ын төрийн өмчийн “Чайналко”-гийн охин компани “Чалко”-д зарахаар завдаж байсныг Төрийн өмчийн хороо илрүүлэн таслан зогсоож байжээ. Үүнээс гадна Хятадын төрийн өмчит “Чайна инвестмент корпораци” компаниас 500 сая ам.доллар зээлж, түүнийхээ барьцаанд Овооттолгойн ордын эзэмшлийн 29.9 хувийг тавьсан гээд Монголын баялгаар тоглож байгаа хар түүх, бодит баримтаар дүүрэн ийм л компани. Гэтэл манай улсын “эцэг” Ц.Элбэгдорж тэдэнд өршөөл нигүүлслээ харамгүй хайрласан нь юуны учир вэ.
Энэ үйлдлээрээ “Манай улсад дураараа дургиж болно. Хүрээд ирцгээ” гэж гаднынхныг уриалаад байгаа юмуу гэтэл манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт төдий л нэмэгдсэн юм алга. Эрхэм Ерөнхийлөгч болон төрийн өндөр дээд албаныхан гуйлга гуйж, бадар барьсны хүчинд олон улсын байгууллага, гадаадын улсуудаас хөнгөлөлттэй гэх зээлийг багагүй цутгаж өрөө зузаалсаар байгаа нь үнэн.
Харин гарт баригдаж, нүдэнд харагдах ганц том авлага нь “Саусгоби сэндс”-ийн татвараас зугтаалгасан 35.3 тэрбум төгрөг болж таарлаа. Гэтэл үүнд Засгийн газар дэндүү найрсаг зан гаргаж, 2016-2017 онд 15 тэрбум төгрөгийн өрөө бэлнээр төлье. Үлдсэн 20.3 тэрбумыг Тавантолгойн ордод олборлолт явуулах замаар хаая гэсэн “Саусгоби сэндс”-ийн саналыг дуртайяа хүлээж авсан нь олон нийтийн гайхшралыг төрүүлж, зэвүүг хүргээд хаячихав.
Яасан цагаандаа гарчихсан, даварчихсан улс гэж ийм байдаг юм бэ. Хоёр жил дамжуулан төлөх 15 тэрбум төгрөгийг тэд хилийн чанадаас ачиж ирэх юмуу дансаар гуйвуулахгүй нь тодорхой. Нөгөө л Овооттолгойгоос ухаж авсан нүүрсээ хятадуудад борлуулан олж таарна. Түүнийгээ хэдэн ам.доллараар экспортолж, хэдийг нь татвараас дахин зувчуулахыг хэн ч таашгүй.
“Саусгоби сэндс”-ийг Тавантолгойн ордод олборлолт хийлгэснээр ямар хор хохирол учирч болохыг албаны зарим эх сурвалж урьдчилж хараад тодорхойлчихсон байна. Тодруулбал, Зам тээврийн сайд асан А.Гансүх ийм алхам хийж, “Саусгоби сэндс”-ийн толгойг илснээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрлэлийн бүтээмж унаж, технологийн горим алдагдах магадлалтай гэж үзэж байгаа юм. Гаднын компани зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолтыг явуулна, цалин хөлс, үйлдвэрлэлийн зардал, машин техникийн засварыг өөрсдөө хариуцна гэж сайхан амлаж байгаа ч “Бороо гоулд”-ын гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа байхгүй.
Тэд 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан ч тавхан жилийн дотор газрын хэвлийд байсан хамаг алт, баялгийг хямд ажиллах хүч, өндөр чадалтай техникийн давуугаар хамаад дуусгасан. Түүнтэй адил өдөр шөнөгүй олборлолт явуулаад одоогоор үнэ ханш нь навч уначихсан байгаа нүүрсийг уул толгод мэт овоолоод хаячихвал яах юм бэ. Борлуулалт ч байхгүй, газар дээрээ шатаад дуусах байлгүй. Энэ байдлыг ашиглан өөрсдөө давуу эрхийг олж авч, Хятадын зах зээл дээр гол тоглогчдын нэг болж бэхжих, цаашлаад дотоодын бусад компанийг шахахыг ч үгүйсгэх газаргүй. Үүнд уран бэрийн нүүдэл бус урагшгүй ноёдын толгойг эргүүлэх, хормой хотыг нь багахан хүндрүүлэх башир арга байхад л болчихно гэж тооцоолоогүй гэж хэн батлах юм бэ. Тэд гар бариад бугуй барихын үлгэрийг дэндүү сайн мэддэгийг Тавантолгойн ордын нүүрс ачилтын тендерт оролцохоор хүсэлтээ ирүүлж байснаас харж болно.
Аз болоход зөв гарын нэг нөхөр “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэнээр хүсэлтээ татаж байжээ. Ийм л компанийг улсын “эцэг” өршөөлдөө багтааж, гүйцэтгэх засаглал нь хөхиүлэн дэмжиж, хууль тогтоогчид өмгөөлж хамгаалаад байгааг ер ойлгохгүй юм гэж үндэсний үйлдвэрлэгчид, сошиал ертөнцийнхэн гайхаж ярьж бичихээс хэтрэхгүй юм даа, хөөрхий. Нөгөө үндэсний эрх ашиг, аюулгүй байдал хаана нь ч яваад байгаа юм, мэдэхгүй.
Д.Мөнх
Эх сурвалж: Монголын үнэн
URL: