Отгонтэнгэр Хайрханы нэрний учир
Отгонтэнгэр хайрхан уул нь Хангайн нурууны ноён оргил бөгөөд түүний орчны уулсыг оролцуулсан 955км2 талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байгаа билээ. Энэ гайхалтай уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752м-ээс дээш хэсэг нь мөнх цастай байдаг.
Энэхүү уулын Отгонтэнгэр хайрхан гэж нэрлэгдэх болсон тухай нэгэн домог бий. Та бүхэндээ тэрхүү домгийг сонирхуулъя.
Домогт өгүүлснээр 1227 онд Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох үедээ тэнгэрт хальж, тэр газраас Их хааны төрөлх нутаг руу нь зөөсөн тухай “Монголын Нууц Товчоо”-нд дурдсан байдаг. Эзэн Богд Чингис хааны шарилыг ачсан хасаг тэрэг Алтайн нурууг даван Бурхан Халдун ууланд ирэх замдаа газрын холд шарилыг муутгахгүйн тулд Отгонтэнгэр уулын мөнх цасанд хөлдөөж хадгалсан бөгөөд тэнгэрт хальсан их хааныхаа шарилыг агуулж байсан уулаа сүсэглэн хүндэтгэж “Отгонтэнгэр” гэж нэрлэсэн гэсэн байдаг. “Отгон” гэдэг үгийн утга нь хамгийн сүүлчийнх гэсэн үг. Монголчууд эртнээс бага хүүгээ отгон хөвүүн гэж нэрлэдэг учиртай. “Тэнгэр” гэдэг үг нь тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа гэсэн утгатай болно. Энэ нь Монголчууд эзэн Богд Чингис хааныг мөнх тэнгэрийн хөвүүн гэж боддог байсантай холбоотой гэнэ.
Эх сурвалж: Etiom.mn
URL: