“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван М.Хүдэрбаатарыг “залилангаар л баяжсан байх шүү” гэжээ
Ёстой нөгөө аль ч төрд тал алддаггүй хүн гэдэг шиг нэг нөхөр АН-д тодроод байгаа. Түүний нэрийг М.Хүдэрбаатар гэдэг. Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход нь ч мөн л зөвлөх болчихсон. Чухам тэгээд яг юу зөвлөдөг эсэх нь бол тодорхойгүй. Монгол Улсын хөгжилд нэмэртэй зүйл зөвлөж чаддаг эсэх нь бол бүр тодорхойгүй. Яахав, Монголын адуучдын холбооны тэргүүн гэдэг утгаараа нэг тиймэрхүү адуу морь, уралдаантай холбоотой юм бол хэлж, ярьж хийдэг шиг байгаа юм.
Гэхдээ бас УИХ-ын гишүүн болчих гэгээн зорилготой гэдгээ өнгөрсөн сонгуулиар харуулаад авсан. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт АН-аас нэр дэвшээд унасан тэрээр энэ удаа ч нэр дэвших гээд чухам завгүй явна. Үнэндээ бол түүнийг Хэнтийд нэр ус муутай л гэдэг. Гэсэн ч сонгогчдын сэтгэлзүйг өөр лүүгээ эргүүлэх гэсэн тохиромж муутай аргуудаасаа болж өөрөө асуудалд орж явдаг нэгэн. Ямартаа л Хэнтийчүүдийн эртнээс дээдлэн шүтэж ирсэн Өндөр хан уулыг тахиж байна гээд, 999 ул боовоор идээ засч, энд тэндхийн баахан зочин гийчин урьж залан сүрийг үзүүлэхдээ давхар давхар өөрийнхөө сүрийг үзүүлчихсэн гэдэг. Учир нь тахилга болж буй уулын хормойгоор М.Хүдэрбаатарын эзэмшлийн 11-77 дугаартай төмөр хүлгүүд сүлжилдээд, төр засах ухаан гэхээсээ бэл бэнчинтэй шинэ цээж баян гэдгээ л баахан амьтанд харуулсан гэдэг. Бас болоогүй 999 ул боовоор идээ зассанаа «ЮНЕСКО»-д бүртгүүлнэ гэж гүйгээд уг зорилго нь ер нь хаашаа янзын хүн бэ гэж хүмүүс гайхахад хүрч байлаа.
Тэрчлэн Хэнтий нутгийн иргэд М.Хүдэрбаатар гэж хэн ч мэдэхгүй залуу нутгаас нь УИХ-д суух гээд гүйгээд байгаад ихэд гайхаж олон л зүйлийг хэлж ярьсан байдаг. Тухайлбал, тус аймгийн Батширээт сумын харьяат, АН-ын ахмад гишүүн иргэн Д.Ганболд бичихдээ “Сүүлийн хоёр жил Хэнтий аймгаар гарал үүсэл нь тодорхойгүй Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар хэмээх нөхөр гүйдэг боллоо. Эхэндээ тоосонгүй. Хэн нэгний гар хөл юм болов уу гэж боддог байв.
“Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайван дагуулж ирсэн санагдана. Түүнээс сэм асуулаа. “Хаана төрсөн, хэний хүүхэд бэ. Ямар ажил төрөлтэй залуу бэ” гэлээ. Ч.Энхтайван инээмсэглэн “САА-н хүүхэд юм билээ. Залилангаар л баяжсан байх шүү. Мөнгөнд ямар үнэр байх биш. Хэнтий аймгийн ядарсан ардад хэдэн төгрөг очно шүү дээ. Дуугүй байгаарай” гэдэг байна. Ч.Энхтайваныг дагасан хүн ямар л олигтой нэгэн байхав дээ. Эрүүгийн ертөнцийн бузар булай бүхэнтэй холилдсон нэгэн байж таарна. Хүн дарамталдагуудын нэг байгаа биз. Энэ талын чимээ анир ч дуулддаг. Энэ тухайд дараа дараагийн нийтлэлүүд дурдана. Тэр үед хохирогчид олноор гарч ирэх биз ээ. Тэр зүгээс яриа өгнө гэсэн хүмүүс ч байдаг юм билээ. “Хутагт” группийн захирал Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар гэдэг залуу янз бүрийн машин унаж давхиад л. Морь мал уралдуулж, бөх барилдуулж ч байх шиг. Аймгийн заан Г.Нэргүйбаатараас “Энэ юун хүүхэд бэ” гэж асуулаа. Тэрээр “Би ч сайн мэдэхгүй байна. Нэг ийм хүн гарч ирээд улс төрд үзэх юм гэнэ. Мөнгө төгрөг сайтай юм билээ” гэдэг байна. Ингээд Хэрлэнгийн САА-н дунд сургууль дээр очиж асуулаа. Багш нар нь сайн мэдэхгүй юм. Тус сургуульд олон жил ажилласан аймгийн арслан С.Батсүх “Манай сургуулийн 30 жилийн ой хоёр жилийн өмнө болсон. Тэгэхэд л энэ нөхөр гараад ирсэн. Гараад ирсэн ч гэж баярын арга хэмжээнд орохгүй тойрч зугтаагаад байсан юм. Таних мэдэх хүн байгаагүй юм билээ” гэдэг байна шүү. Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар хэмээх энэ залуу 1978 онд төрсөн гэдгийг мэдээд авлаа. Ангийнх нь багшийг ч мэдээд авлаа.
Цуг сурч байсан хүүхдүүдээс нь асуулаа. Тэдгээр хүүхдүүд “Яг манай ангид сурч байсан гэхэд хаашаа ч юм бэ. Нэгээс гурав хүртлээ хамт сурсан юм. Сурлагаараа муу учир дөрөвдүгээр ангид орох жилээ цаадах чинь улираад сургуулиас гарсан. Хөдөө мал дээр байгаа сураг дуулдаад байсан. Гэтэл гэнэт тэрбумтан болчхоод гараад ирсэн. Уул хаднаас алт эрдэнэс олсон юм болов уу л гэж бодсон” хэмээн ярьсан талаар бичсэн байдаг юм.
За Ер нь бол М.Хүдэрбаатарын мөнгө хөрөнгөтэй болсон үүх түүх нь жуулчны баазад ажиллаж байгаад Японы иргэний сэтгэлд нийцсэн учраас арлын улсад хөл тавих боломж нээгдсэнтэй холбоотой гэдэг юм билээ. Тэрээр Японд байхдаа бийлэгжүү өвгөн, эмгэн хоёрыг асрах болсон бөгөөд өөд болоход нь өв хөрөнгөтэй нь үлдсэн гэдэг. Япон улсын хуулиар тухайн улсын иргэн гадны байгууллага, хүнд өмч, хөрөнгөө гэрээсэлсэн тохиолдолд тодорхой хувийг нь улс татаас болгон авдаг. Энэ хуулийн дагуу хөрөнгийнх нь нэг хэсгийг Японы талд шилжүүлэн өгч байж, бусдыг нь М. Xүдэрбаатар өмчлөх эрхтэй болсон гэдэг. Харин тэр өөрөө бол тэс өөрийг хэлж ярьдаг. Ямартаа л “2000 онд нэг сайхан тохироо бүрдэн Япон явах боломж гараад арлын оронд анх хөл тавьж байлаа. Мэдээж маш их хүсэл эрмэлзэлтэй зорин очсон. Ажиллаж байгаад хэлний бэлтгэлд сурсан. Тэгээд тэндээ нэг жижиг бизнесийн сургуульд орсон манайхаар бол коллеж. Сурахын хажуугаар мэргэжлийн боксоор хичээллэсэн мэргэжлийн боксчин гэсэн үнэмлэхтэй” гэж хүртэл ярьж байжээ. Гол нь тэрээр өөрийг нь өдий дайны яваад өмч хөрөнгөөрөө томоос том буян болж тусласан япон хөгшчүүлийг огт дурсдаггүй нь хүн чанаргүй талдаа хүн л бололтой гэж бусдыг харахад хүргэж иржээ. Ямартай ч нэгэнтээ бэлтэй болсон М.Хүдэрбаатар «Хутагт» группээ байгуулж, тэрбум тэрбумаар үнэлэгдэх төмөр хүлгээр, их мөнгөөр гангарч дахин нэг сонгуультай нүүр тулж байна.
Намтар түүхийг нь харахад түүнд төрийн хүн байх туршлага сэлт бий эсэх нь бас л анхаарал татаж байгаа юм. 1977 онд төрсөн тэрбээр 2007 онд Токио хотын Метрополитан их сургууль, 2010 онд Удирдлагын академи удирдахуйн ухааны магистр, 2012 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн гэж өөрөө хэлдэг. Ажлын туршлагын тухайд 2002-2004 онд Япон улсад Худалдааны салбарт, 2004-2007 онд Кабей жуулчны компанид Монголыг хариуцсан менежер, 2007 онд «МЖММ» ХХК-ийн ерөнхий захирал, 2008 оноос «Хутагт» группийн ерөнхий захирал хийж байгаад сонгуульд 2012 онд нэр дэвшсэн ч гарч чадаагүй. Гэхдээ Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын зөвлөхөөр 4 жил ажиллаад өдийг хүрчихлээ. Үнэндээ бол өнгөрсөн 4 жилд зөвлөхөөр ажилласныг нь бол Монголчууд мэдэх байх. Харин тэрнээс өмнөх ажлын туршлага сэлтийг нь бол хэн мэдэх бол?
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: