Дарга дагаж “донсолдог” төрийн алба

184067-29042016-1461912538-969138108-atgАвлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үздэг. Тус газраас хийсэн дотоод шинжилгээгээр төрийн албаны томилгоо хаана ямар хөдөлгөөнтэй байгааг харах боломжтой юм. Тэгвэл өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны дөрөвдүгээр сарын 26 хүртэлх хугацаанд нийт 10036 мэдүүлэг гаргагч АТГ-т ханджээ.

Тэдгээрийн 3373 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2758 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн аж. Харин 1210 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 1100 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байсан аж. Дээрхээс үзвэл, энэ хугацаанд 3373 хүн ажил албаа сэлгэн шилжиж, 2758 хүн албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болон, 1210 төрийн албан хаагчийн эрхэлж буй албаны нь чиг үүрэг өөрчлөгдсөн, харин 110 хүн төрийн албанд шинээр томилогдсон гэсэн үг.

Ганцхан жилийн дотор 10036 хүн төрийн албанд орж, төдий хүн халагджээ

АТГ-аас дүн шинжилгээг хийхдээ хугацааг сар тус бүрээр нь ялгаж салган авч үзжээ. Тэгвэл өнгөрсөн оны нэгдүгээр сард хамгийн олон хүн АТГ- т хандаж, ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэдүүлгээ өгсөн байна. Энэ нь нийт 996 хүн аж. Энэ бол АН, МАН хамтарч шийдлийн Засгийн газрыг байгуулсны дараах үе юм байна.

Тэр тусмаа Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Зам, тээврийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад томилогдох этгээдүүдийн мэдүүлгийн тоо харьцангуй олон байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шинэ хамтрагчаар орж ирсэн МАН- аас Шадар сайд томилогдсон. Онцгой байдлын ерөнхий газар, МХЕГ гэх мэт дээр дурдсан салбарууд бол Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг.

Харин тус оныхоо тавдугаар сард нь АТГ-т хянуулахаар 821 мэдүүлэг ирүүлсний 269 нь Цагдаагийн ерөнхий газарт хамааралтай байжээ. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар томилогдсоны дараах цаг үетэй давхцаж байгаа юм.

Тэгвэл энэ оны гуравдугаар сард АТГ 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсан. Эдгээрийн ихэнх хувийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газрын томилгоо эзэлж байна. 2016 оны эхний сард гааль, татвар, улсын бүртгэл, статистик эрхэлсэн төрийн байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулсантай үүнийг холбон ойлгож болох юм.

Ийнхүү аль нэг салбарын сайд солигдоход тухайн хүний эрхлэх асуудлын хүрээнд багтдаг бүх харьяа байгууллага дагаж “донсолдог” нь АТГ-ын хийсэн шинжилгээгээр батлагдаж байна. Тухайлбал, дээрх хугацаанд мэдүүлэг гаргасан нийт хүнээс 2764 нь төрийн аль нэг байгууллагад “дарга”- аар томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн байгаа юм.

Энэ нь дээрх хугацаанд АТГ-т мэдүүлгээ хянуулахаар хүргү үлсэн дөрвөн хүний нэг нь даргын албан тушаалд томилогдохоор нэрээ дэвшүүлсэн байна гэсэн үг. Мөн ердөө нэг жил гаруйн хугацаанд 10036 хүн төрийн албанд орох мэдүүлэг өгсөн нь тэдний өмнө ажиллаж байсан төдий хэмжээний хүн халагдсан гэсэн үг. Энэ бол Монголын төрийн албанд халаа сэлгээ ямар түвшинд байгааг тод харуулсан баримт.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих