”Дорнод Уран”-ыг ”Хан ресурс” хоёр жил чөдөрлөнө
Монголын Засгийн газраас 285 сая ам.долларыг нэхэмжилсэн Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн заргыг олон улсын арбитрын шүүх өнгөрсөн есдүгээр сарын 18,19-ний өдөр хэлэлцсэн билээ. Тодорхойгүй шалтгааны улмаас цөөнгүй удаа хойшлогдсоны эцэст Парис хотноо болсон уг шүүх хурал Монголын Засгийн газар болон “Хан ресурс” компанийн хооронд үүсээд байгаа маргааныг авч хэлэлцсэн, хоёр талын тайлбар мэдэгдлийг нь сонссон, цаашдынхаа шүүх хурлын товыг тогтоосон анхны хуралдаан байсан юм. Монголын Засгийн газрыг Бельгийн иргэн, хууль зүйн ухааны профессор, өмгөөлөгч Бернар Анотю, “Хан ресурс”-ийг Кровел энд Моринг хуулийн компани өмгөөлсөн бөгөөд олон улсын арбитрын шүүхээс канадуудын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх дараагийн хуралдаанаа ирэх арванхоёрдугаар сард хийхээр тогтжээ. Гэхдээ Монголын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанид 258 сая ам.долларыг төлөх эсэхийг тогтоох эцсийн шийдвэр хоёр жилийн дараа гарах гэнэ. Тэр болтол, тодруулбал, 2013 оны зургадугаар сар хүртэл, жилдээ 2-3 удаа арбитрын шүүхийн хаалгыг Монголын Засгийн газар татахаар болоод байна. Арбитрын шүүхийн анхны хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэрээр уг зарга эцэслэгдэх хүртэл Монголын Оросын хамтарсан “Дорнод уран” төрийн өмчит компани үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүйд хүрч байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн 2009 онд Монголд хийсэн айлчлалын үеэс эхлэн яригдаж, 2010 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалаар баталгаажсан “Дорнод уран” компани өнөө болтол байгуулагдахгүй байгаа гол шалтгаан нь “Хан ресурс”-ийн зарга гэдгийг Цөмийн энергийн газрынхан нуудаггүй.
Нэг хүдрийн зангилаанд ойрхон оршдог, стратегийн гэх тодотголтой Дорнод, Мардай, Гурванбулагийн орд газруудын нийт талбай нь 53807 га. Дээрх бүлэг ордуудаас ураны нөөцөөрөө Дорнодын орд тэргүүлдэг. Тус ордын баталгаажсан ураны нөөц нь 28868 тонн. Үүнийг оросууд ч, канадууд ч сайн мэднэ. Уг ордыг анх Орос, Монголын экспедици илрүүлж байсан бол 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” /Central Asia Uranium Corp/ компанийг байгуулж, Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулах 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас авч байжээ. Тухайн үед “Төв Азийн уран” компанийн 58 хувийг “Хан ресурс”-ийн охин компани “Хан Вермуда”, 21 хувийг ОХУ-ын “Атомред-метзолото” эзэмшиж үлдсэн 21 хувь нь Төрийн өмчийн хорооны мэдэлд байжээ. Харин 2007 онд баталсан Ашигт малтмалын хуульд заасан төсвийн хөрөнгө оруулалтаар илрүүлсэн ордын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ гэх заалтын дагуу 2009 онд Монголын Засгийн газар, Цөмийн энергийн газраас “Мон-Атом” компанийг байгуулж, “Хан Вермуда”-гаас 22 хувийг, “Атомред-метзолото”-гоос найман хувийг авч, монголчууд “Төв Азийн уран” компанийн 51 хувийг эзэмших болсон юм.
2009 оны долдугаар сарын 16-нд Цөмийн энергийн тухай хууль баталсаны дараахан “Төв Азийн Уран” компанийн эзэмшилд байдаг Дорнодын ордод Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, нөхөн сэргэлт хийгээгүй гэсэн шалтгаанаар лицензийг нь гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн байдаг. Үүний дараахан Цөмийн энергийн хуулийн дагуу Цөмийн энергийн газар ураны лицензүүдийг өөртөө төвлөрүүлж, “Төв Азийн уран” компанийн 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Тусгай зөвшөөрлөө алдсан “Хан ресурс” компани Цөмийн энергийн газрыг Монголын шүүхэд өгсөн боловч үр дүнд хүрээгүй билээ. Тиймээс 2010 оны сүүлээр Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч байгаагаа зарлаж, 285 сая ам.долларыг нэхэмжилсэн. Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр тус компани тусгай зөвшөөрлөө буцааж авах нь гол биш, Монголын Засгийн газар дээрэм хийж үйл ажиллагаанд нь хохирол учруулсныхаа төлбөрийг төлөх ёстой гэх мэдүүлгийг өгсөн байна. Дорнод ордын тусгай зөвшөөрөл өнөөдөр Цөмийн энергийн газрын мэдэлд байгаа юм.
Өнгөрсөн 2010 онд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр зургаан сарын дотор “Дорнод уран”-ыг байгуулах ёстой. Энэ хугацаа өнгөрсөн зургадугаар сард дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, ОХУ, Монголын Засгийн газар хооронд байгуулсан “Дорнод Уран” компанийг байгуулах гэрээ нэг ёсондоо хүчингүй болчихоод байгаа. Тэгэхээр “Дорнод уран” компанийг байгуулах гэрээг хоёр улсын Засгийн газар дахин үзэглэх гэдэг асуудал гараад буй. Оросуудын хувьд 2006 оноос эхлэн Монголоос уран олборлох бодолтой байгаагаа ил тодоор зарласан. Хэрвээ Дорнодын ордыг түшиглэн “Дорнод уран” компанийг байгуулсан тохиолдолд ОХУ-ын ураны хэрэгцээний дөрөвний нэгийг тус ордыг олборлох бүрт бүрэн боломжтой болох аж. Тус улсын “Рос-Атом” компани АНУ-ын цөмийн 100 гаруй реакторын талыг нь түлшээр хангадаг бөгөөд АНУ-ын атомын цахилгаан станцуудад түлш нийлүүлэх гэрээ нь 2013 онд дуусгавар болох ажээ. Тиймээс оросууд АНУ-ын ураны зах зээл дэх өөрсдийн бизнесээ хадгалж үлдэхийн тулд Монголын ураны төлөө ийнхүү нүдээ ухахаас буцахгүй аашилж буй. “Хан ресурс”-ийн зарга 2013 онд шийдэгдэх тухай мэдээ оросуудыг ихэд хилэгнүүлж байгаа бололтой, “Мон-Атом” компаниас ямар ч хамаагүй аргаар хамтарсан компанийг байгуулах ажлыг яаравчлахыг зөвлөсөн гэх яриа байна.
Ж.НЯМСҮРЭН
“Ардын эрх” сонин
URL: