Орос “школ”

4062

Орос машины сайн тал юу вэ. Замыг тэгшилнээ, бартаанд сайн. Муу тал нь юу билээ. Хүнээ бодоогүй замаа бодоод хийчихсэн машиндаа гэх явган яриа байдаг. Манай төр, Их хурал яг ийм машин болчихлоо. Иргэдээ бодохгүй. Одоогийн 76 ба түүний нөхдийн ашиг сонирхлын төлөө ажилладаг машин боллоо. Нарийн техник үйлчилгээ стандарт барьдаг барууны унаа байсан бол өдийд найдвартай нам зогссон буюу ээлжит сонгуульдаа хүрсэн байгаа.

 

Сүүлийн буюу хаврын чуулганы нээлтээс энэ хүртэлх гаргасан шийдвэр нь олон талаар маргаан эргэлзээ дагуулсаар. Улс төрийн хүрээнд өрнөж буй тэмцэл хямралд хууль тогтоох дээд байгууллага байнга татагдан орсон байдалтай явж ирэв. Засаглалын хямрал бараг эмчилгээгүй болсон гэдгийг одоо дээрээ ч нуухгүй болжээ.

 

Иргэд дараагийн парламентын сонгуулийн талаарх бодол дүгнэлтээ нэгтгэж байх хаврын уртад парламент ер нь хэрэгтэй юу. Хэдүүлэхнээ хуралдаад юу хэлэлцээд шийдвэрлээд байдаг улс вэ гэж бухимдаж байхад нь давс нэмж тултал завсарлага авчихав.

 

Үндсэн хуулийн цэцийн хоёрдмол дүгнэлтээр жагсаалтүй болж чадамжтай эсэх нь эргэлзээтэй болсон парламент хаалтынхаа өмнө урт завсарлага авсныг зөвтгөх шалтгааныг ажиглагчид хэлж чадахгүй байна. Тоочвол зайлшгүй хэлэлцэх олон асуудал давхар түгжигдсэнийг хэвлэл сайтууд хангалттай бичлээ. Их хурлын даргын зөвлөлийн саналыг үндэслэн гаргасан захирамж парламентыг хариуцлагагүй төдийгүй улс төрийн намууд хөшигний цаана гар бариад байгааг харуулсан үзэгдэл болов.

 

АТГ-ын даргын томилгоо шийдэгдэхгүй үлдэв. Энэ нь хэнд ашигтай тусав. Оффшорын талаар ямар нэг ажил эхлүүлэх хүлээлтийг ард түмэн АТГ-д хаягласан. Удирдагчгүй байгаа энэ газар шинээр давшилт эхлүүлэх байтугай эхлүүлсэнээ ялалтаар төгсгөх чадваргүй болчихлоо. Зургаадугаар сарын 23-нд шинэ дарга нь томилогдлоо гэж бодоход сонгуулийг хүлээхээс өөрийг хийж амжихгүй нь тодорхой. Давхар дээлийг тайлах хуулийн төсөл мөн нам дарагдав. Наагуур яривал Энэтхэгээс авах нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал түг гээд цоожтой хаалга мөргөв. Цөмийн хаягдлын асуудлаар ээлжит бус чуулган зарлаж байсан парламент маань энэ мэт улс оронд амин чухал олон асуудлыг хурлаараа боон хэлэлцэхгүй хойшлууллаа.

 

Чуулган завсарласан болохоор Ерөнхий сайдын өргөн барьж намын бүлгээрээ дэмжүүлсэн 3 сайдыг явуулах ба нөхөн томилох асуудал ч шоу байсан болж засаг энэ байгаагаараа сонгууль давахаар болж ирэв. Уг нь ингээд байж болохгүй гэж Ерөнхий сайд тодотгосоор сайдуудын асуудлыг оруулж ирсэн. Үүний цаана жижиг ч гэлээ МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал ч ярьсан тохирсноороо явахгүй бололтой. Сураг гараад байнгын хороон дээр хэлэлцэгдээд байсан ялгүй байдлын тогтоолыг нь ч голруулах замд нь оруулав. Гэвч энэ бүхэн ээлжит чуулганы хаалтын өмнөх их завсарлагааны эцсийн шалтгаан гэхэд бүгд хөнгөдөж байна.

 

Хамгийн сүүлд Л.Эрдэнэчимэг гишүүн нарын өргөн барьсан Тавантолгойг эргэлтэд оруулах тухай тогтоолын шинэ төсөл гэнэт өргөн баригдсан нь энэ завсарлагын хонхны уяаг татсан байж болно. Тавантолгойг тойрсон улс төрийн “бүрэн зураглал” гараагүй байхад гэнэт шинэ тогтоолын төсөл чуулганд яагаад яаралтай өргөн баригдав. Хэлэлцэгдэхээсээ өмнө бараг батлагдсан буюу 40 гишүүн дэмжээд мутраа хайрласан тогтоолын төсөл гэнэт өргөн баригдсан. Үүнээс хойш бүтэн 7 хонолгүй сүүлийн чуулганаа сараар завсарлуулчихав.

 

Энэ асуудал дээр АН ба МАН дотроо толхилцоонтой байсан хийгээд цааш их хурал дээр зайлшгүй хэлэлцэгдэх болсон нь эрс шийдэмгий байгаа талуудын ашиг сонирхлыг шууд хөндөж сонгуулийн явц болоод өрнөлд тун ноцтой үр дагавар авчрах нөхцөл үүссэн тул энэхүү гэнэтийн завсарлага авагдлаа гэж харж болохоор. Тавантолгойг таллах ажиллагаа нэг талын санаачилгаар буюу олонхын хүч түрэлтээр  шийдэгдвэл сонгуулийн бүх тохироогоо нулимаад яахаас ч буцахгүй хөдлөх сүүлийн сануулгыг эсрэг талаас өгсөн нөхцөлд Их хурлын даргад завсарлага авах л ганц хаалга үлдсэн байх талтай. Нөгөө талдаа эхэлсэн алхмаа эрсдэлгүй гүйцээж энэ 4 жилийн улс төрийн хаалтын хонхыг Тавантолгойгоор цохихын тулд хүчиндсэн завсарлага авагдсан гэж харж болохоор.

 

Хуулиараа сонгуулиас 30 хоногийн өмнө хаалтаа хийх байсан чуулган санал хураалт болохоос 3 хоногийн өмнө чуулах тун сонин дүр зураг бий болов. Шахуу хэлэлцэгдэх асуудлуудыг ингэнэ тэгнэ гэж таамаглаж байсан хэвлэлийнхэн бүгд төөрөлдсөн болж “шок”-ын байдалтай сууна. Ард түмэн бол “эд нар цайрчээ” гэсэн ганц дүгнэлттэй сонгуулиар тулж уулзах хүлээлттэй үлдлээ.

 

70 жил үзэл сурталд хүлэгдэж үзсэн Орос школтой ард түмэндээ бид. Гарын ая даана. Гэхдээ хууль дээдлэх ардчиллын суурь зарчимаа бол ягштал цээжилчихээр болсон. Барууны ардчиллын хаяг зүүчихээд Орос машин шиг давхих улстөрчидтэй сонгуулийн өдөр засварын багажтай уулзахгүй бол болохгүй нь дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


URL:

Сэтгэгдэл бичих