Хүний хөгжлийн мөнгөний шимтгэлээр нэг банкийг тэтгэв үү?

Хүний хөгжлийн  21000 төгрөгийг олгохдоо банкууд хүн бүрээс үйлчилгээний хураамж гэж 350 төгрөг авч байгааг иргэдийн халаасанд гараа дүрж байгаа хэрэг гэж зарим  улс төрчид үзэж байна. Энэ тухай өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Гишүүдийг чуулганы завсарлагаар орон нутагт ажиллаж байхад нь иргэд, сонгогчид сар бүр олгодог хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөс банкууд үйлчилгээний хураамж гэж 350 төгрөг авч 20650 төгрөг олгодог. Мөнгө авахад чирэгдэл, хүндрэл ихтэй гэдгийг хэлж байжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Арвины хэлж байгаагаар Монгол Улсын 2,6 сая иргэнээс сар бүр 350 төгрөг хурааж байна гээд тооцоод үзэхэд Хүний хөгжлийн мөнгийг голлон олгож буй Хадгаламж банкинд сардаа 945 сая, жилдээ 11 тэрбум төгрөг орж байгаа гэнэ.  Тэгвэл үүгээр тогтохгүй дээр нь Засгийн газрын шийдвэрээр төсвөөс иргэн бүрт 100 төгрөгөөр тооцож банканд гэрээгээр мөнгө өгдөгөөс гадна хугацаандаа мөнгөө авч чадаагүй иргэдийн үлдэгдэл мөнгөнөөс 0,3 хувийн хүү бодож үйлчилгээний хураамж бас авдаг аж. Засгийн газар 350 төгрөгийн  хураамж авч байх зөвшөөрлийг банкинд энэ оны 4 дүгээр сарын 27-нд өгсөн байна. Гэтэл банк энэ хураамжаа нэгдүгээр сарын 19-нөөс авч эхэлсэн байх юм.

Мөн Д.Арвин гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас яагаад хариуцлагагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсныг асуухад Хэрэг эрхлэх газрынхан асуудлыг гурван удаа буцаасан ч дөрөв дэх удаад нь хүчээр шийдүүлсэн гэсэн хариу өгчээ. Энэ асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд  Засгийн газарт оруулж шийдүүлсэн гэнэ.

Гишүүн Ц.Даваасүрэн нэг банкны жилийн зардалд их бодоход гурван тэрбум төгрөг хангалттай, 11 тэрбум төгрөг арай хэтэрч байна гэж байсан юм. Зарим гишүүний амнаас  нэг тэрбум төгрөг ч хангалттай гэж байсан юм.  Харин Ч.Улаан гишүүн арай өөр байр суурьтай байлаа. Орон даяар сүлжээтэй хоёрхон банк байдгийн нэг нь өндөр хураамж авахаар санал болгосон болохоор  тендэр зарлаад ч нөгөө нь л үлдэж таарна. Мөнгийг бэлэн бусаар, картаар  олгох хэлбэрт шилжиж болно. Банк иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тодорхой зардал гарна. Төсөвт зардал суулгаагүй болохоор иргэдийн мөнгөнөөс хураамж авахаас аргагүй. 21 мянган төгрөгөөс хураамж авахгүй гэвэл төсвийн тодотгол хэлэлцэх үед зардлыг суулгаж өгье гэлээ.

Д.Одбаяр гишүүн харин буруу зөв гэсэн дүгнэлтийг шууд хийсэнгүй. Гүйлгээний хураамж авах ёстой юм бол 450 төгрөг нь бодитой юу гэдгийг мэргэжлийн хүмүүсээс асууж, тооцож үзэх хэрэгтэй гэсэн бол  Д.Оюунхорол гишүүн энэ бол Улсын тэмдэгтийн тухай хураамжийг зөрчсөн үйлдэл гэж байлаа. Байнгын хороо уг асуудлаар ажлын хэсэг гарган шалгаж, нэн даруй тогтоол гаргахаар боллоо.

Ш.Эрдэнэ

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих