Алдагдсан бурхны мөрөөр

-Гэр бүлийн хүмүүсийг сэжигтнээр татан саатуулжээ-

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хийдээс хулгайлагдсан 500 сая төгрөгийн үнэ бүхий Ногоон дарь эх бурхныг хулгайлсан байж магадгүй хэмээн дөрвөн хүнийг сэжиглээд байгаа юм байна. Сэжиглэгдэж буй дөрвөн хүний хоёр нь тус хийдийн манаачаар гурван жилиин өмнөөс ажиллаж байгаад өнгөрсөн сард ажлаа өгсөн Н.Бямбасүрэн болон түүний эхнэр Г.Наранхүү нар юм. Харин нөгөө хоёр сэжигтэн нь Налайх дүүргийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй Жамбалсүрэн, Ганчимэг гэх гэр бүлийн хүмүүс аж.

Жамбалсүрэн, Ганчимэг нарыг уржигдар буюу энэ сарын 2-нд Налайх дүүргээс баривчилж, аймгийн цагдаагийн хэлтэст саатуулаад байгаа аж. Гэхдээ тэд хэргээ хүлээхгүй байгаа бөгөөд Ногоон дарь эх бурхан ч олдоогүй байгаа юм байна. Тэднийг сэжиглэх болсон шалтгаан нь хийдийн манаач хийж байгаад ажлаа хүлээлгэн өгөөд байсан Н.Бямбасүрэн, Г.Наранхүү нараас өмнө нь бурхан тахил, судар зэргийг хямд үнээр худалдан авдаг байсан нь тогтоогдоод байгаа юм байна. Энэ талаар тус сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Г.Лхагважав “Хийдэд манаачаар ажиллаж байсан хүмүүсийг сэжигтнээр татаад байгаа нь үнэн. Тэднийг сэжигтнээр байцаах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Н.Бямбасүрэн, Г.Наранхүү нарын амьдралын боломж тааруу, гэнэн итгэмтгий, боловсролгүйгээр нь далимдуулан Улаанбаатараас хоёр хүн ирж бурхан, тахил, судар зэрэг ховор, үнэ бүхий зүйлсийг хямд үнээр худалдан авдаг байсныг тогтоогоод байгаа. Тодорхой хэлбэл, 12 сая гаруй төгрөгийн өртөг бүхий ховор, үнэт бурхан, тахил, судрыг тэд 800 мянган төгрөгөөр л зарчихсан байгаа юм. Тэднийг байцаах ажил үргэлжилж байна. Бурхан тахил авдаг байсан гэр бүлийн хүмүүсийг саатуулаад байгаа нь үнэн” гэсэн юм.

Ногоон дарь эх бурхан алдагдсан өдөр Н.Бямбасүрэнгийн гэрийн ойролцоо буюу хийдийн тэр хавьд цагаан өнгийн “Аксент” маркийн машинтай эмэгтэй, эрэгтэй хүн ирсэн тухай нутгийн нэгэн иргэн хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Тэд хэн болох талаар судлахад Н.Бямбасүрэн нараас бурхан, судар худалдан авдаг Жамбалсүрэн, Ганчимэг нар байж таарсан аж. Гэхдээ тэдний хэн нь ч ийм хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлж байгаа аж.

Н.Бямбасүрэн, Г.Наранхүү нарыг сэжиглэж буй өөр нэг шалтгаан нь бурхан хулгайлсан этгээдүүд хийдийн манаач А.Алтангадасын гэрийн хаалгыг гаднаас нь төмөр утсаар багласан мөртлөө хажуу айлынхыг нь яагаа ч үгүй байсан гэдэг. Түүнчлэн Ногоон дарь эх бурхны заларч байсан лаврингийн цонхны хамгаалалтыг хөрөөдөж (өмнө нь хөрөөдөж бэлдсэн байх магадлалтай), унагах мөн цонхны шил хагарахад мэдээгүй. Цаашилбал өглөө 06.00 цагт А.Алтангадасыг тооноороо гарч, хаалганыхаа баглааг тайлах үед тэд аль хэдийнэ босчихсон байсан зэрэг нь сэжигтэй байгааг хэсгийн төлөөлөгч ярьж байсан юм.

Биднийг хийдийн хашаанд очиход Н.Бямбасүрэн бие засах газар барьж байсан юм. Харин түүний эхнэр Г.Наранхүү гэртээ юм угаагаад сууж байлаа. Тэднээс хэргийн талаар асуухад “Хажуу айлын маань үүдийг төмөр утсаар түгжээд, бурхныг маань аваад явчихсан байсан. Бид хоёрыг хэсгийн төлөөлөгч байцааж байгаа нь үнэн. Гэхдээ бид түүнийг нь ямар мэдэх биш. Бурхан маань олдох байх аа. Өмнө нь гурван ч удаа алга болоод олдож байсан юм” гэлээ.

БУРХАН ОЛДВОЛ ХИЙДИЙГ ГУРВАН АЙЛААР МАНУУЛАХААР ЯРЬЖ БАЙНА

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга И.Доржсүрэнтэй Ногоон дарь эх бурхны талаар цөөн хором ярилцлаа.

-Бурхан алдагдах үед та нутагтаа эзгүй байсан гэсэн үү?

-Би Улаанбаатарт ажилтай явж байсан. Нутгийн ард иргэд төдийгүй холын аймгуудын иргэдийн шүтээн болсон Ногоон дарь эх бурхан дөрөв дэх удаагаа алдагдаад байна. Гэхдээ удахгүй олдох байх. Учир нь бидний шүтээн энэ нутгаасаа, хонхроосоо гарах их дүргүй. Уг нь Р.Раш гишүүн хамгийн сүүлийн үеийн дохиолол бүхий тусдаа лаврин барьж, шүтээнийг маань залсан юм. Гэтэл хулгайч нар дохиоллыг салгасан байна гэсэн.

-Лаврингийн дохиолол эвдрээд нэлээд удаж байгаа гэж байна лээ. Хулгайд алдсанаа тоолоод л сууж байх хэрэг үү, эсвэл олдохоор нь улсын мэдэлд шилжүүлэх үү?

-Дохиоллын хувьд багахан гэмтэл гарсан байсан. Нутгийн ард түмэн өөрсдийн тахиж шүтдэг, амиа даатгадаг бурхнаа хааш нь ч явуулах хүсэлгүй байгаа. Ихэнх нь хэдэн арван жилийн туршид амь, амьдралыг нь тэтгэж, ивээж ирсэн болохоор шүтээнээ өгөхгүй гэх юм билээ. Бид хамгаалалтыг сайж-руулж, гурван айл манаачаар буулгахаар яриад байна.

-Бурхныг олсон хэрэг үү?

-Одоохондоо олоогүй байна л даа. Сэжиглэж байгаа хүн бий. Яг бариад авсан юм байхгүй ч ер нь бол олчихоод байгаа.

-Энэ удаад олдлоо гэж бодоход нутгийн ард түмний шүтээн гээд улсын хамгаалалтад өгөхгүй гэж суутал бурхан бүр олдохгүйгээр алдагдвал яах вэ. Олддог л юм бол улсын хамгаалалтад өгсөн нь дээр юм биш үү?

-Энэ зөвхөн миний санал, шийдвэр биш. Тийм муухай зүйл болохгүй гэж найдаж, харуул хамгаалалтаа сайжруулахаар бид ярилцаж байна. Нутгийн түмний шүтээн болсон энэ бурхан Цагаандэлгэр сумын хонхорт л байх ёстой гэдэг юм билээ. Бид нутгийнхаа үзэж хардаг хүмүүсээр мэргэл үүлж, төлөглүүлэхэд “Нутгаасаа гараагүй байна, удахгүй олдоно” гэсэн.

-Цонхоор хүүхэд оруулсан байх гэж иргэд ярьж байсан. Эсвэл зохион байгуулалттайгаар хулгайлсан гэх юм билээ?

-Тэр цонхоор том хүн яагаад ч багтахгүй. Хүүхэд оруулсан гэвэл эндхийн хүүхэд лав биш байх. Учир нь хөдөөний хуүхдүүдэд тийм зүрх байхгүй. Хотоос хүүхэд авчирч оруулсан байж болох юм. Гэхдээ цонхны хаалтыг хөрөөдөж, цонхыг хагалсан зэрэг нь зохион байгуулалттай байх магадлалтай гэж ярьж л байна” гэлээ. Ногоон дарь эх бурхны заларч байсан лаврин руу орлоо. Сүүлийн үеийн гэгдэж буй дохиолол цахилгааны утасны буруу холболтоос болж шатаад бараг жилийн нүүр үзэж байгаа аж. Лаврин дотор сийлбэртэй гуу байх бөгөөд Ногоон дарь эх бурхныг энд байрлуулдаг байжээ. Өмнө нь хэд хэдэн мөнгөн цөгцөнд зул өргөжээ. Өнгө өнгийн хадаг хөглөрөн хэвтэх бөгөөд алдагдсан бурхны оронд том цөгцөнд зул хөгжөөсөн байлаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих