АТГ-ын даргыг томилуулахгүй байх нь ямар ашигтай вэ

4031

Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаад хаврын чуулганыг завсарлууллаа. Хуульд зааснаар АТГ-ын даргад томилох хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол холбогдох Байнгын хороогоор долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч хагас сар гаруйн хугацаа өнгөрлөө. АТГ-ын даргын суудал эзэнгүй байсаар байна.

Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-ын хаврын чуулганаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнээс хойш хуулийн хугацаанд даргыг нь томилж чадахгүй “гацаасан” байдалтай өдийг хүрэв. Уг нь хуулиндаа бол 14 хоногийн хугацаанд томилох ёстой. Гэтэл АН-ын эрх баригчид хуулийг гууль болгож, хуулиа дагаж мөрдөж, хуулиндаа захирагдаж чадахгүй өөрсдөдөө ашигтай байдлаар завсарлага авч өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн даргыг нь хүлээн зөвшөөрөхгүй, томилуулахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд АТГ-ын даргагүй оролцох далд санааг агуулсан байхыг ч үгүйсгэх юм.

Зургадугаар сарын 23 хүртэл УИХ-ын чуулган түр завсарласан байгаа. Өчигдрийн чуулганы хуралдаанаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан хэдий ч ийнхүү талаар өнгөрлөө. УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 29-нд болно. Тэгэхээр долоо хоногийн дотор амжиж АТГ-ын даргыг томилно гэдэг бараг л худлаа болно доо гэсэн хардлага гишүүдийн дунд байгаа юм. Сонгуулийн үеэр АТГ даргагүй байх нь ямар хүмүүст ашигтай байна вэ гэсэн хардлага ч төрүүлж байгааг нуухгүй юм.

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргад цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулах саналаа тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн. Эл асуудал юунаас болж хойшилсон талаар АН болон МАН-ын хоёр гишүүний байр суурийг сонирхвол, УИХ дахь

Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

“Ардчилсан намын бүлгээс хамааралтай зүйл энд огт байхгүй. Өргөн баригдсан хуулийн төслийг УИХ-ын дарга харьяалагдах Байнгын хороо руу шилжүүлдэг. Харьяалагдах байнгын хороо нь тухайн шилжиж ирсэн асуудлыг аль долоо хоногт, хэдийд, ямар дарааллаар УИХ-ын даргын зөвлөл рүү оруулах вэ гэдгийг шийдэж саналаа өгдөг. Тэр нь УИХ-ын Тамгын газраар дамжиж даргын зөвлөлд орж ирдэг. Гэтэл Хууль зүйн байнгын хорооноос ямар ч тийм шийдвэр гаргаагүй. Ингэж байтал Хууль зүйн байнгын хороон дахь МАН-ын гишүүд шахаж шаардаад, олонхи дэмжээд хэлэлцэхээр шийдсэн. Тэгэхээр нь бүлэг завсарлага авсан. Бүлэг завсарлага авсан үндэслэл нь юу вэ гэхээр нэгэнт Хууль зүйн байнгын хорооноос Даргын зөвлөлд оруулах саналаа өгөөгүй асуудлыг хэлэлцэх гэсэн учраас завсарлага авсан. АТГ-ын газрын даргын томилгоо нь Хууль зүйн байнгын хорооны л шийдэх асуудал юм” гэв.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар

“Эрх баригчид зөвхөн АТГ-ын даргын асуудал дээр удав. Энэ томилгоонд уг нь хуулийн хугацаа бий шүү дээ. АН-ынхан хуулийн хугацаатай буюу АТГ-ын дарга, ЭМС-ын сайдын асуудал гэх мэтэд өөрсдөө хугацаагүй завсарлага авдаг. Ойлгомжгүй байдал үүсгэдэг. Хуулийн хугацааг хэтрүүлдэг байдал хэрээс хэтэрч байгаа. Нэг ёсны ардчиллын амин сүнс нь хуулийн засаглал юм шүү дээ. Хуулийн дээгүүр давж гишгэдэг, хуульгүй мэт авирладаг үзэгдэл бол өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийн хамгийн том шалтгаан нь юм. АН-ын үед хуульт ёс үндсэндээ уланд гишгэгдэж алга боллоо. Сонгуульд нэр дэвшигчид бүгдээрээ АТГ-т ХОМ-ээ өгч, тэндээс ”Асуудалгүй” гэдэг албан бичиг авдаг. Тиймээс энэ процесст саад хийхийн тулд даргынх нь томилгоонд саад хийгээд байгаа юм байна гэж ойлгож байгаа. АТГ-ыг даргагүй байлгаж байгаад өөрсдийнхөө санаагаар, идэж ууж, хөрөнгө завшсан асуудлаа бүгдийг нь толгойгүй байгууллагаар гүйцэлдүүлэх гэж байна гэж харж байна” гэлээ.

Ийнхүү АТГ-ын даргыг томилохгүй, хуулийн хугацааг нь өнгөрөөчихөөд байгаагийн цаана эрх баригчдын далд сонирхол яваад байх шиг. Тухайлбал, энэ газрыг даргагүй байлгаж байгаад сонгуультай холбоотой маргаан үүсэхэд өөрсдийн талд шийдвэрлүүлэхийн тулд хийж буй үйлдэл ч гэх хардлага төрж бас өрнөөд байна.

Zaluu.com О.Сайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих