Газрын маргаанаас үүдэн Зайсангийн гудамжны тохижилтын ажил дуусахгүй байна
Дүүргүүдэд эрх шилжсэн ажлын талаар удирдах ажилтны шуурхай хурал дээр тайлан тавьдаг уламжлалтай. Энэ удаад Хан-Уул дүүрэгт 2011 онд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар мэдээлэл сонсов. Улсын төсвөөр 9 сургуулийг иж бүрэн компьютор бүхий лабораторитой болгож, 4 сургуульд багш хөгжлийн төв байгуулахын зэрэгцээ “Англи хэл бидний 2 дахь хэл”, “Иргэний боловсрол ирээдүй” төслүүдийг сурагчдын дунд хэрэгжүүлж тус бүр тав, таван сурагчийг Тайваньд амруулахаар болжээ.
Нийслэлийн төсвөөр тус дүүрэгт хэрэгжүүлэх том ажлын нэг нь дүүргийн төр захиргааны төв байр юм. Одоо суурийн ажил явагдаж 1 тэрбум төгрөг зарцуулаад байна гэж Засаг дарга Ж. Ганхуяг хэлэв.
Ирэх оны 8 дугаар сард хүлээн авахаар төлөвлөж буй юм байна. Үүнээс гадна Ажилчны алдар талбайн тохижилт, 3 хороо 19 дүгээр байрны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэн, 8,9 дүгээр байрны тохижилтын ажлууд 100 хувь дууссан гэнэ.
Харин То вангийн гудамж 75 хувь, Богджавзундамбын гудамжны тохижилтын ажил 10 хувь, Зайсангийн гудамжны тохижилтын ажил дуусаагүй байгаа. Эдгээрийг нийслэлийн өдрийн өмнө амжуулж дуусгана гэж хэлэв. Ажил удааширч буй гол шалтгаанаа газрын маргаантай холбоотой гэж тэрбээр тайлбарлалаа.
shuud
URL: