Сарын настай засаглал

4002

Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход сар гаруйхан хоногийн хугацаа үлдээд байна. 2012-2016 оны парламент Засгийн газартаа халгаатай байлаа. Олонхигүй парламентын Засгийн газар тогтворгүй байдгийг бид 2004-2008 оны хамтарсан Засгийн газраар жишээлж ирсэн. Тухайн үед Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын, С.Баярын Засгийн газар үйл ажиллагаа явуулсан байдаг. Тухайн үеийн М.Энхболдын Засгийн газрын үед “Эх орон ардчилал” эвсэл задарч, Засгийн танхимд халаа сэлгээ үргэлжилж байлаа. Засгийн газар тогтворгүй холбирсон уг үйл явдал өнөөдөр давтагдаж байна. АН олонхийн бус олон суудал авсан энэ парламентын үед Засгийн газрын суурь тогтворгүй үргэлжилсэн. Шинэчлэлийг өөрчилж, шийдлийн Засгийн газрыг  байгуулсан ч танхимын гишүүд нэг баг болж ажиллаж чадсангүй. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л нам намынхаа эрх ашгийг хамгаалан зүтгэцгээж байсан нь үнэн.

 

Парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хоёр жилд ажилласан Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт Ерөнхий сайд хэмээх албан тушаалд дэвшсэнээс бус тамга нь бусдын хараат байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх мэдэл байсангүй. Энэ нь “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх” хуулийн заалт зөрчигдсөнтэй холбоотой. Тиймээс ч АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын болоод Ерөнхий сайдын бүрэн эрхийг давхар эдэлж, алх, тамга хоёрыг атгаж ирсэн гэж болно.

 

Цаашлаад Засгийн газарт дөрвөн жил хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэг задарч, гишүүд нь өөр өөрсдийн зам мөрийг хөөв. Хэрвээ эвслийн бүлэг задарвал сайдуудыг нь ч албан тушаалаас нь чөлөөлөх заалттай. Гэхдээ улс төрийн тогтвортой байдлыг харгалзан Засгийн газар танхимаараа ажиллаж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгох байх гэсэн таамаглал нийгэмд байлаа.

 

Харин энэ удаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулиа дагажээ. Тэрбээр зарим сайдаа чөлөөлүүлэх саналыг УИХ дахь намын бүлэгтээ хүргүүлсэн байна. Засгийн газар дахь МАХН-ын сайдууд болох Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа хүргүүлжээ. Тиймээс парламент хаалтаа хийхийн өмнө Засгийн газрын сайдуудыг чөлөөлөх томилох асуудлыг шийдвэрлэх нь. Эрх баригчид парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хэд хоногтоо Засгийн газраа дангаараа бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна.

 

Ер нь Засгийн газрын танхим хагас жил гаруйн хугацаанд ЭМС-ын сайдаа томилж чадахгүй гацсан. Энэ нь Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвсэл дэх МАХН-тай шууд холбоотой. ЭМС-ын сайдыг тус намаас дэвшүүлэх  квоттой байсан. Хамтарсан намуудын тохироо бүрдээгүйгээс эрүүл мэндийн салбар улс төрийн хямралд нэрвэгдэж, улаан бурхан өвчин нүүрлэснийг олон нийт мартаагүй. Хамтарч Засаг барихаараа улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалт, ур хугацааны бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэж өмнө Засгийн тэргүүнүүд ярьдаг байсан. Үнэндээ ч хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн бүтээн байгуулалт өрнөсөн нь үнэн. Басхүү хамтарч Засаг барьсан ч үл ойлцолвол эдийн засгийг сульдуулж, томоохон бүтээн байгуулалт Тавантолгойг гацааж, улсын хөгжлийг ухрааж, хүн ардын амьд явах баталгаа алдагдуулдаг сургамжийг бид өнгөрсөн хугацаанд амслаа.

 

Нэгэнтээ Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн өргөн барьсан саналыг парламент гацаахгүйгээр хэлэлцэж, дараагийн сайдыг нь томилоод шуурхай шийдвэрлэх биз. Басхүү сарын хугацаатай сайдаар хэн хэн томилогдох нь бусдад сонин байх.

 

Эрх баригчдад сарын хугацаанд Засгийн газрыг дангаараа байгуулж, сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжоор хангагдлаа, нэг талаасаа. Мэдээж, хариуцлагыг дөрвөн жил хамтарсан “Шударга ёс” эвсэл дэх улс төрийн хүчнүүд хуваалцахгүй, магтаалыг ч хүртэхгүй нь тодорхой.

 

Тиймээс ч хийсэн ажил, хүлээх хариуцлагаа хамтад нь үүрээд сонгуулийн босгоор алхахаар тооцжээ, эрх баригчид.

 

shuud.mn   Н.Энхлэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих