Оюутолгойгоор овоглосон УИХ-ын 20 толгой Засгийн газрыг огцруулах уу?
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах 20 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаар болжээ.
Тэдний дотор АН- төдийгүй МАН-ын гишүүд ч байгаа юм. Тэд “Бид Монгол Улсынхаа төлөө ийм алхам хийж байгаа тул өргөх бичиг барьсаны дараа бидэн дээр хүмүүс нэмэгдэнэ байх. Өчигдөр өргөх бичиг боловсруулж байгаа мэдээллийг авсан зарим хүмүүс Засгийн газрыг огцруулахгүй байхын тулд ганц нэг хүнд тендер өгье гэж авлигал өгсөн гэсэн мэдээлэл байна. Ийм байдлаар улс орноо бусдад худалдахгүй байх олон хүн байгаа гэдэгт итгэж байна. Энэ мэдээллийг удахгүй олон нийтэд дэлгэнэ.
Оюутолгой анх ТЭЗҮ-гээ батлаагүй байхад л ашиглалтын лиценз олгосноос эхлэн буруу зам руу орсон. Бид эхний үед туршлагагүйгээс болж алдсан байж болно. Одоо алдаагаа бага дээр нь засах цаг болсон. Засч чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Биднийг ийм зүйл тавихаар Оюутолгойнхон манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгнө энэ тэр гэж байсан.
Тэд шүүхэд өгсөн ч анхнаасаа алдаатай шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэр бидний талд гарна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын эзгүйд өргөх бичиг барьж, санал хураалт явуулах боломжгүй гэж зарим хүмүүс шалтаг хайж байна лээ. У.Хүрэлсүх дарга энэ долоо хоногт багтаж ирнэ. Өргөх бичгийн хариуг 14 хоногийн дотор өгдөг тул энэ хугацаанд намын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн байх болно. Бид энэ долоо хоногт багтаан өргөх бичгээ барина” гэлээ.
Б.Жиргээ
mass
URL: