Орос цагаачийн хүү Австрийн ерөнхийлөгч боллоо

xw_1257623Австрийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны албан ёсны дүн мэдээ тодорхой болжээ. Маш бага хувийн саналын зөрүүгээр “ногоонтнуудын” намын экс-лидер Александр Ван дер Беллен ялсан байна.

Тэрээр нийт сонгогчдын 50,35 хувийн санал авч, түүний өрсөлдөгч Австрийн Эрхчөлөө намаас нэр дэвшигч Норберт Хофер 49,64 хувийн санал авсан аж. Өөрөөр хэлбэл, хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү нэг хувиас ч бага бөгөөд энэ нь ердөө 31 мянган саналын зөрүү юм байна.

Сүүлчийн мөч хүртэл ялалтдаа итгэлтэй байсан Хофер албан ёсны үр дүн зарлагдахын өмнөхөн ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр өөрийн Фэйсбүүк хуудсаар дамжуулан сонгогчдодоо талархал илэрхийлэн, “мэдээж, өнөөдөр гунигтай байна” хэмээн сэтгэлээ илэрхийлсэн аж. Мөн түүний төлөө санал өгсөн хүмүүс ч гэсэн Австрийн гэрэлт ирээдүйд хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ дашрамд дурдахаа мартсангүй.

Австрийн шинэ ерөнхийлөгч “цагаачдын удмынх” гэж өөрийгөө нэрлэдэг бөгөөд түүний эцэг Александр Александрович /Ван дер/ Беллен Оросын Псковын уугуул иргэн байжээ. Тэдний гэр бүл XX зууны эхээр Эстониор дамжин Оросоос дүрвэж, эхлээд Германд, дараа нь Австрид суурьшсан аж.

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих