“Самсунг Си энд Ти” компанийн охин компани болох “SCTECM” төмөр зам, нисэх буудал барих тусгай зөвшөөрөлгүй

3984

Монголчууд төмөр замын бүтээн байгуулалтанд 265,6 сая ам.доллар, 6,3 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл нэг ч төмөр зам тавьж чадаагүй өнөөдөртэй золгосон нь харамсалтай.  Энэ их мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй хамхуул адил салхинд хийсээд алга болжээ. Гэвч энэ мөнгийг идсэн уусан гэх нөхдүүд их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих ажилд оролцсон манай үндэсний 13 компани ажил хийсэн хөлсөө авч чадахгүй өдий хүрчээ. Тиймээс тэд өчигдөр хэвлэлийн хурал хийж, үндэсний компаниудыг хохироосон, БНСУ-ын “Самсунг Си Энд ти” ХХК-ны охин компани болох “SCTECM” компанийн ноцтой баримтыг дэлгэв.

Тодруулбал, 2008-2014 оны хооронд төмөр замын эргэн тойронд  745,26 сая ам.доллар, 348,0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлууд төлөвлөгдөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоор “Ухаахудаг Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих ашиглах, шилжүүлэх концесийн гэрээг хийсэн юм. Тухайн концесийн гэрээнд 267 км урттай төмөр замыг 100 хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа 51 хувьийг төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх заалттай байсан. Гэтэл өнөөгийн болж буй үйл явцад дүгнэлт хийвэл тухайн үед ажиллаж байсан салбар хариуцсан дарга нарын буруу шийдвэртэй холбоотой гэж харагдахаар юм. Төмөр замын бүтээн байгууллалт нэрээр үндэсний компаниудаа дэмжсэн үү гэвэл худлаа аж.

“Энержи ресурс” ХХК “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барьж эхлэх үед “Самсунг Си энд Ти” компани болон түүний охин компани болох “SCTECM” ХХК-тай төмөр зам бариулах ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хийгээгүй харин албан захидлаар “эцэслэн тохирсон” байдаг аж. Эцэслэн тохирсон гэдгийг гэрээ байгуулсан мэтээро олон нийтэд танилцуулж Засгийн газрыг хуурч мэхэлсэн үйлдэл гаргажээ. “Монголын төмөр зам” ТӨХК сонгон шалгаруулалтгүйгээр тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани, түүний охин компани болох “SCTECM” ХХК-г ажилуулсан гэдгийг барим бичгийг үндэслэн нотолж байна.

“SCTECM” компани 2012 оны 12 дугаар сард 139,000 ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёлыг ажиллуулжээ. Тэрбээр компанийхаа захирлаар ажиллаж байхдаа БНСУ-ын иргэн Сынг Юнг Ха-д Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих итгэмжлэл олгосон ноцтой баримтыг дэлгэв. Ли Жёон Ёл-ын өөрт нь олгосон 7 үүрэгт итгэмжлэлд түүнийг зөвхөн төмөр замын төсөл дээр “Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх эрхийг өгсөн атал шинэ нисэх онгоцны буудал барих итгэмжлэл бусдад өгөх, төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд “Монголын төмөр зам” ТӨХК-тэй гэрээ үзэглэх эрхгүй юм. Хамгийн аюултай нь одоо Монгол Улсад хэрэгжиж байгаа энэхүү хоёр мега төслийн ажлын ерөнхий туслан гүйцэтгэгч “SCTECM” компани төмөр зам, нисэх буудал, барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй байж, Монголд үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тус компаний захирал Ли Жёон Ёлын итгэмжлэлд туссан 7 үүрэгт бүгд эрхтэй гэсэн боловч ганцхан 2-р заалтанд санхүүгийн холбогдолтой мөн компанийн өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж байгаа явдал нь хэрэв “SCTECM” санхүүгийн өрөнд уналаа гэхэд толгой компани болох “Самсунг Си энд Ти” компани хариуцлага хүлээхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, “SCTECM” нь эрхзүйн чадамжгүй, зохиомол нэртэй хуурамч компани ажээ.

Иймд дүрмийн санг нь 139,000 ам.долларын компанитай Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил түвшний 2 том мега төслийн хариуцлагыг хэн тооцох вэ.

Ч.Сүрэнхорлоо: Монгол Улсын томоохон төслийг хэрэгжүүлж байгаа нэрээр мөнгө угаасан

Монголын төмөр замын барилгын үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо “Өнөөдөр бидэнд байгаа баримтаар Ли Жёон Ёл төмөр замын төсөл дээр туслан гүйцэтгэгч 13 компанийг говь руу нүүлгэн шилжүүлсэн хэмээн “МТЗ” ТӨХК-иас 14,8 сая ам.доллар авсан байдаг. Гэтэл санхүүгийн бичиг баримтаас үзэхэд 3 компанид 2 сая ам.доллар өгч 9 сая ам.доллар завшсан байгаа. Үүнийг гэрээний залилан гэж олон улсад үздэг. Туслан гүйцэтгэгч хийсэн 13 компани өнөөдрийн байдлаар 11 сая ам.доллар авах ёстой. Гэтэл өгөөгүй. Гэрээ байгуулсан толгой компани хариуцлага хүлээхгүй гэсэн. “SCTECM” гэсэн зохимол нэртэй компани эрхзүйн чадамжгүй, эзэн холбогдогчгүй болж биднийг хохироох гээд байна. 1,5 сая ам.долларын төслийг гар дамжуулж, мөнгө угаасан Солонгос эзэн байна. Тусгай зөвшөөрөл байхгүй, лицензгүй байж Монгол Улсын томоохон төслийг хэрэгжүүлж байгаа нэрээр мөнгө угааж байгаа нь хэзээ ч байж боломгүй зүйл” гэлээ.

Өнөөдрийн байдлаар туслан гүйцэтгэгч 13 үндэсний компани одоо хийсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн атал тэдэнд 59 сая ам.долларыг “SCTECM” ХХК өгчээ. Гэтэл “МЗТ” ТӨХК тус компанид 199,7 сая ам.долларыг бүрэн шилжүүлж өгснийг Хөгжлийн банкны санхүүжилт баталж байна. ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 140,7 сая ам.доллар юунд зарцуулагдсаныг олж тогтоохоор ажиллаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг улстөржүүлэхгүй байхыг хэвлэлийн хурал хийсэн хүмүүс онцлон хэлж, уриалж буйгаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн цаашид Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж “Самсунг Си энд Ти” компанийн ёс бус бизнесийн үйл ажиллагааг дэлгэх болно гэв.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих