С.Нарангэрэл: ХУУЛЬ БУС ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНТЭЙ БИ ХАМТАРЧ АЖИЛЛАХГҮЙ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар 10 гаруй жил ажилласан доктор профессор, академич С.Нарангэрэл ажлаа өгчээ. Энэ тухай өөрөөс нь тодрууллаа.

-МУИС-ийн Эрдмийн зөвлөл хоёр жилд нэг удаа сургуулиудынхаа захирлыг өөрчлөх тухай шийдвэр гаргадаг юм байна. Хууль зүйн сургуулийн захирлын сонгуульд та яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Би 1999 оноос хойш энэ сургуулийн захирлаар ажилласан. Залуу халаагаа бэлтгэж, тэднийгээ дадлагажуулах ёстой гэж бодсон учраас энэ сонгуульд нэрээ дэвшүүлээгүй. Залуу доктор Одгэрэл, Эрдэнэцогт, Амарсанаа гэх мэт хүмүүс өрсөлдсөн.

-Хууль зүйн талдаа нэг ноймрын хүн гэж таныг олон нийт үнэлдэг. Яагаад ажлаа өгөхөөр болсон юм бэ. Өөр учир шалтгаан байна уу?

-МУИС-ийн захирал С.Төмөр-Очир сургуулийнхаа нэр хүндэд халдан, эд зүйлийг нь хувьдаа ашигласан үйлдэл удаа дараа гаргасныг би эсэргүүцэж байна. Тиймээс энэ хүнтэй нэг баг болж ажиллахаас татгалзсан.

-Та цаашдаа сургуульдаа багшилна биз дээ?

-Тэгэлгүй яахав, багшийнхаа ажлыг хийнэ ээ. МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Хууль зүйн сургуулийн захиралд нэр дэвшсэн багш нараас сонгон шалгаруулалт хийж, тус сургуулийн Төрийн захиргаа, эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Солонгыг томилжээ. Тэрбээр МУИС-д 28 жил ажиллаж байгаа туршлагатай багш нарын нэг аж.

Өнгөрсөн сарын 19-нд сонгууль болсон бөгөөд 20-ны өдрөөс эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг доктор, профессор Д.Солонго удирдах болжээ.

Х.ОЮУНСҮРЭН

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих