Эквадорын эргийн бүс нутагт хоёр удаа газар хөдлөлт болжээ
Өнгөрсөн сард Эквадор улсын эргийн бүс нутгаар 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 660 хүн амь үрэгдсэн. Дээрх газар хөдлөлтөөс учирсан хор хохирлыг барагдуулах ажиллагаа дөнгөж эхлээд байгаа үеэр тус бүс нутагт дахин 6,7 болон 6,8 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтийн голомт өмнөх газар хөдлөлтийнхтэй тун ойр цэгт байсныг шинжээчид онцлон тэмдэглэлээ.
Дөрөвдүгээр сарын 16-нд болсон газар хөдлөлтийн гамшгаас хойш өнөөдрийг хүртэл Эквадорын эргийн бүс нутгаар 1,500 гаруй удаагийн дайвар чичиргээ бүртгэгдээд байгаа юм. Лхагва гарагт болсон 2 удаагийн газар хөдлөлтөд 85 орчим хүн гэмтэж бэртсэн талаар Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа танилцуулсан байна. Мөн нэг өндөр настан амь үрэгдсэн тухай мэдээлэл ирснийг холбогдох албаныхан баталгаажуулахаар ажиллаж байгаа аж.
Газар хөдлөлтийн дараа олон тооны дайвар чичиргээ мэдрэгдэх нь энгийн үзэгдэлд тооцогддог ч эдгээр чичиргээний хүч нэмэгдэж, дахин гарз хохирол учруулах боломж бийг энэ удаагийн явдал харуулж байна. Газар хөдлөлтүүдийн дараа 2 мужийн айл өрхүүдэд олон цагаар эрчим хүч тасарчээ. Мөн газар хөдлөлтөөс учирсан хор хохирлыг бүртгэх ажиллагаа явуулахын тулд Манаби болон Эсмеральда мужийн их сургуулиуд ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл амрахаар болсон байна.
URL: