Ш.Алтантуяагийн хэрэг ба Завханы алтны орд

1463718043_bb8f5aaad880b2d38f294633ba14290142409d01

-Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу нэр дэвшинэ-

Одоогоос 10 жилийн өмнө Малайзад 28 настай, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяа хэмээх Монгол бүсгүй харамсалтайгаар амиа алдсан билээ. Монгол бүсгүйг Малайзын томоохон улстөрчдийн захиалгаар урьд нь цагдаад ажиллаж байсан хоёр этгээд толгойд нь хар уут углаж, гарыг нь хойно нь хүлж эзэнгүй ойд аваачиж байгаад буудаж, биед нь С4 тэсрэх бөмбөг бэхэлж дэлбэлж онц хэрцгий аргаар хөнөөсөн нь тогтоогдсон юм. Энэ хэрэг илэрсэн. Эзэн холбогдогч нь ч тогтоогдсон. Тэр ч байтугай нас барахдаа бие давхар байсан гэгддэг Ш.Алтантуяаг захиалсан алуурчид Малайзын өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разак болон түүний үнэнч туслах Абдул Разак Багинда болохыг олон улсын шинжээчид илрүүлсэн. Нажиб Разак Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Францаас шумбагч хөлөг онгоц худалдан авах том гэрээг гардаж хийсэн бөгөөд энэ гэрээн дээр орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяаг аймшигтайгаар хөнөөсөн.

Тиймдээ ч Франц, Малайзын шинжээчид энэ хэргийн араас эрчимтэй хөөцөлдөж, эзэн холбогдогчдыг нь илрүүлсэн. Харамсалтай нь, Монголын тал энэ хэргийг анхнаас нь анхаарч үзээгүйн дээр улмаар алуурчдад нь цаазын ял хүлээлгэх нь хүний ёсноос гажууд зүйл хэмээн хэлсэн нь олон улсад Монгол Улсаа дэндүү доош хийсэн явдал болсон. Малайзын жирийн ард иргэдээс өгсүүлээд улстөрчид хүртэл “Бид Монголчуудын царайг яаж харна аа. Монголчуудаар хэзээ ч битгий оролд. Монголын Засгийн газрыг тавих шаардлагыг үг дуугүй биелүүл. Алуурчдыг Монгол Улсад хүлээлгэн өгч элэг нэгтнүүд нь цаазаар авах эрхтэй.

Ш.Алтантуяаг захиалсан эрх баригчдыг авч хаях хэрэгтэй” хэмээн тэмцэж байхад Монгол Улс “яахын бэ” хэмээн хэлсэн энэ хэргийг илрүүлэх гэж тууштай тэмцэж байсан Малайз, Франц цаашлаад хэд хэдэн орны сэтгүүлч, шинжээчдийн багийн урмыг ууцаар нь хугалсан явдал болсон. УИХ-ын гишүүн Лу.Болд Гадаад хэргийн сайд байхдаа Малайзын нийслэл Куала-Лумпурт болсон “Цаазаар авах ялын тухай Азийн орнуудын анхдугаар их хурал”-д оролцож индрээс үг хэлэхдээ “Ш.Алтантуяагийн алуурчдад цаазын ял оноохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, тэдэнд цаазын ял оноох ёсгүй. Хэн нэгний үхлээр нөгөөд үхлийн ял оноодгийг болих хэрэгтэй.

Ш.Алтантуяагийн хэргийг цаазын ялыг халсан анхны тохиолдол болгохыг уриалсан юм”. Ингэж Монгол Улсын Засгийн газар иргэнийх нь амийг хөнөөсөн алуурчдын амийг Малайзын Засгийн газраас гуйв. Мэдээж Малайзын нэр бүхий томоохон улстөрчид гэмт этгээдүүдийг аврахыг хүсч байсан юм. Харин олон нийт тэдэнд тохирсон шийтгэлийг нь хүлээлгэхийг харж байсан юм.

Энэ хэрэг явдлаас үүдэлтэйгээр Малайзын өнөөгийн эрх баригч болон манай өнөөгийн эрх баригч нарын хооронд зузаан харилцаа бий болж, улмаар уул уурхайн олборлолтод өртөөгүй цорын ганц аймаг Завханаас илэрсэн томоохон алтны ордоо Малайзчуудад 30 жил ашиглуулах хэмжээнд хүртлээ дотноссон юм. Энэ мэт Монголоос дэмжлэгтэй Малайзын алуурчин эрх баригчидтай бүтэн 10 жил тэмцээд тусыг эс олсон С.Шаарийбуу гуай тэмцлийн аргаа өөрчлөхөөр шийдсэн бололтой Иргэний хөдөлгөөний намаас Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшихээр бүртгүүлжээ.

 Эх сурвалж: Үндэстэн.мн


URL:

Нэр: irgen Огноо: 20 May 2016

teneguud

Нэр: зочин Огноо: 22 May 2016

Болд гэж Элбэгийн утсан хүүхэлдэй л байх нь дээ

Сэтгэгдэл бичих