Бүх малчдад ноосны урамшуулал олгохоор боллоо

3911

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол батлагдсанаар анх удаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдэж энэхүү шийдвэр нь улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд олон эерэг нөлөөлөл авчирсан юм. Тухайлбал ноосонд урамшуулал олгож эхэлснээр хонины ноосыг төвлөрүүлэн үйлдвэрт нийлүүлэх механизм гольдролдоо орж, үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос гарч, нэмүү өртөг шингэсэн, экспортын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн.

 

Энэ хүрээнд 2011-2015 онд ноос угаах, самнах, нарийн ноосон ээрмэл утасны, барилгын ноосон дулаалгын материалын, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд шинээр ашиглалтад орсон юм.
Гэвч дээрх тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа нь амьдрал дээр нотлогдсоор байна. Хэдийгээр “хоршооны гишүүн” гэсэн томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч ноосны ченжүүд орон нутагт зохион байгуулалттай хоршоодыг олноор байгуулж малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, ноосны урамшууллын мөнгөнөөс суутгах зэргээр хууль зөрчих болсон юм.
Ийм байдлаас болж хоршоонд нэгдэх сонирхол буурсантай холбоотойгоор 2014 онд үйлдвэрт 2,6 мянган тн ноос тушаасан 18,1 мянган малчин өрх 2.8 тэрбум төгрөгийн, 2015 онд үндэсний үйлдвэрт 1,1 мянган тонн ноос бэлтгэн нийлүүлсэн 7481 малчин өрх 1,1 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулалыг авч чадахгүйд хүрсэн юм.
Нийгэмд үүсч буй дээрх нөхцөл байдлыг харгалзан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах зорилгоор ХХААЯ-наас тогтоолын үзэл баримтлалыг боловсруулж, Сангийн сайд, Хууль зүйн сайдтай хамтран шинэчлэн баталсан. Батлагдсан үзэл баримтлалын дагуу тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч тусган, өнөөдрийн /05.19/ УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн гишүүдийн 89.8 хувийн саналаар баталлаа.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны төсвийн багцад ноосны урамшууллын олгох  санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэгдсэн байгаа. Тиймээс тогтоол батлагдснаар 2016 оны төсөвт ямар нэгэн ачаалал үүсгэхгүй юм.

URL:

Сэтгэгдэл бичих