Египетийн онгоц сүйрсэн үү, барьцаалагдсан уу

7gabc5qv6sjhabe6dp8t316r4iФранцын нийслэл Парис хотоос Египетийн Каир хот руу хөөрсөн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоц Газар дундын тэнгист осолдсон хэмээн албаныхан үзэж байна. Онгоц Парисын “Charles De Gaulle” нисэх буудлаас нислэгийн хуваариас 15 минут хоцорч хөөрчээ. “Airbus A320-232” онгоц Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө радараас алга болж, төв станцаасаа холбоо тасарсан билээ. Уг онгоцонд багийн 10 гишүүн болон 56 хүн зорчиж явжээ. Египетийн Тээврийн яам зорчигчдын мэдээллийг шалгаж эхэлсэн байна. Иргэд “онгоцыг террористууд барьцаалж, сүйрүүлсэн” хэмээн таамаглаж буй юм. Олон улсын нислэгийн хяналтын “Flightradar24” сайтын мэдээллээр онгоц Газар дундын тэнгис дээгүүр 11 мянган метрийн өндөрт нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон гэв.

Египетийн эрх баригчид онгоц сүйрсэн байх магадлалтай бүс нутаг руу аврагчдыг илгээсэн байна. Аврагчид Египетийн эргээс 280 км орчимд хайгуул хийж эхэлсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сисигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэж хэлсэн аж. Газар дундын тэнгист хайгуул хийх ажилд Грекийн аврагчид оролцож, самналт хийж эхэлсэн байна.

Онгоц сүйрсэн гэх таамгийг анх Газар дундын тэнгист явж байсан Грекийн худалдааны онгоцны ахмад мэдэгджээ. Тэрбээр “Карпатос арлын орчмоос утаа суунаглаж байсан” хэмээн Египетийн аврах албанд хэлсэн аж. Египетийн албаныхан уг мэдээллийг шалгаж, аврагчдаа Карпатос арал руу илгээжээ. Гэхдээ онгоц радараас алга болохоосоо өмнө ямар нэгэн ослын дуудлага өгөөгүй болохыг “Egypt Air” компанийн удирдлагууд баталсан байна. Мөн “Airbus A320-232” онгоц ямар нэгэн техникийн асуудалгүй байсан гэжээ. Онгоц 2003 оноос хойш тасралтгүй нислэгт гарчээ.

Францын Тээврийн яам онгоцыг хайх ажиллагаанд хамтран ажиллахаа мэдэгдэж, “Airbus A320-232” онгоц хөөрсөн “Charles De Gaulle” нисэх буудалд мөрдлөгө явуулах үүрэг өгсөн байна. Цагдаагийнхан онгоцны буудлын хяналтын камерийг шалгаж, онгоцонд сэжигтэй этгээд суусан эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

Германы нисгэгч шиг онгоцоо сүйрүүлсэн гэх таамгийг барууны хэвлэлүүд гаргажээ. Энэ талаар “Egypt Air” компанийн дэд захирал Ахмед Адел “Airbus A320-232” онгоцны ахмад 6000 цагийг агаарт өнгөрөөсөн туршлагатай нэгэн. Ахмад ямар нэгэн зөрчил гаргаж, гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Манай компанийн туршлагатай, үлгэр жишээ ажилчдын нэг. Хоёрдугаар нисгэгч мөн туршлагатай, манлайлагч нэгэн” гэж мэдэгджээ.

Сураггүй болоод буй онгоцонд нэг нярай, хоёр хүүхэд зорчиж явсан болохыг “Egypt Air” компанийн мэдээллийн төвөөс уламжлав. Онгоцонд Египетийн 30 иргэн, Францын 15 иргэн, Иракийн 2 иргэн, Их Британи, Бельги, Кувейт, Саудын Араб, Судан, Чад, Португал, Алжир болон Канадын тус бүр нэг иргэн зорчиж явжээ. Онгоц сураггүй болсон гэх мэдээллийн дараа Каир хотын нисэх буудалд зорчигчдын ар гэрийнхэн цугларч, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Египетийн Тээврийн сайд Шариф Фатни иргэдтэй уулзах үеэрээ “Онгоцонд техникийн асуудал үүссэн эсвэл террористууд барьцаалсан эсэхийг тодруулж байна. Та бүхэн бидэнд ажиллах боломж олгооч” гэж хэлжээ. Сайд “Онгоцонд техникийн асуудал үүссэн гэж бодохгүй байна. Террористуудтай холбоотой байх” гэсэн байна.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд онгоцны асуудалтай холбоотойгоор мэдэгдэл хийжээ. Олланд “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Зорчигчдыг амьд байгаасай хэмээн залбирцгаая” гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Сайн сайхан зүйл болоосой” гэж жиргэжээ. Тэрбээр мөн Египетийн Ерөнхийлөгчтэй утсаар ярилцсан болохыг Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжилсан байна. Грекийн Батлан хамгаалахын сайд Панос Камменос “Онгоцыг Газар дундын тэнгист сүйдсэн хэмээн таамаглаж байна. Грек улс сураг гарах хүртэл Египет улсад туслалцаа үзүүлэх болно” гэсэн бол Израйлийн Ерөнхий Бенжамин Нетаньяху твиттер хуудсаараа дамжуулан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард “Egypt Air” компанийн онгоцыг гэмт этгээд барьцаалсан билээ. Онгоц Александриа хотоос Каир хүрэх байсан юм. Гэмт этгээд хуурамч тэсрэх бөмбөг зүүж ахмадыг заналхийлж, онгоцыг Кипр улсад газардуулсан хэрэг гарсан.

 

Б.Дэлгэрцэцэг

 


URL:

Сэтгэгдэл бичих