Сугалаанд суурилсан шийдэл Монгол төрийг доройтуулах нэг шалтгаан биш гэж үү!

3900

Монголчууд ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийг ардаа үдлээ. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг “тэнэгдүүхэн” сургааль аль ч нийгмийн үед тухайн үеийн утга учрыг агуулж хөдөлмөрлөснийхөө хэрээр үр дүнг нь амсахыг хамгийн шударга зарчмаа болгон амьдарсаар ирлээ. Соёлт ертөнцөд хуульт ёсыг нийгмийн амьдралыг зохицуулдаг гэдгийгнь  хүлээн зөвшөөрсөн.

Гэвч цаг хугацааны эрхээр ч юм уу аль эсвэл энэ цаг үед амар хялбар аргаар амьдрах хүсэлтэй хэсэг бүлэг иргэд нэмэгдсээр, төр захиргааны байгууллага нь хүртэл иргэдээ азаа сорьж амьдар гээд дэмжээд эхэлсэн. Газар авсан ч сугалаа, цэцэрлэгт орохдоо ч сугалаа. Амьдрал тэр чигээрээ азанд түшиж, хууль биш сугалаа Монголын нийгмийн амьдралын зохицуулагч болтлоо доройтож байна.

Бизнесийн байгууллага үйлчлүүлэгчид, хэрэглэгчдэдээ таалагдахын тулд, тэднийг өөртөө татахын тулд өрсөлдөгчдөө давж гарах маркетинг нь хомсдохдоо сугалааны аргыг хэрэглэх бол байж болох асуудал. Савангийн дууриудад хүртэл сугалаагаар амьдралаа дээшлүүлж болдог, тэр ч байтугай сугалаагаа зарж, өвлүүлж болдог гэж итгүүлж байна. Гэхдээ бусдыг луйвардахгүй байх, аз нь амьдралыг нь дээшлүүлэх хүч болон хувирч болох тэр механизмыг хуулийн талаас нь найдвартай хангасан байгаа нь харагддаг. Харин Монголд бол сугалаа гэдэг тун өрөвдөлтэй тактик л даа. Сугалаа байтугайд итгэхээ больсон иргэдийн сэтгэлзүй, түүгээр наадаж шийдлээ гаргах төр, захиргааны байгууллага дэндүү өрөвдөлтэй биш гэж үү.

1463699253573e47351413f

Та бүхэн санаж байгаа бол “Саятан” хонжворт сугалаа, элдэв лото ардчиллын эхэн үед олон ч “ардчилагч”-ийг хөлжүүлж билээ. Харин тэндээс хэчнээн саятан төрсөн бол. Одоо тэд ямархуу амьдарч яваа бол, мэдэх зүйл байна уу.

Дараа нь хэвлэл захиалахдаа “юу хожих бол” гэж горьддог болов. Тэгснээ үгийн сүлжээ бөглөчихөөд тэрхүү шагнал амласан редакцийг хайж манаргав. Харин өнөөдөр төрийн байгууллага шийдэж чадахгүй байгаа асуудлаа сугалаагаар шийдэж эхэлсэн. Цэцэрлэгт хэний хүүхдийг бүртгэх, яаж хамрагдах хүрээний хүүхдүүдээ багтаахаа мэдэхгүй сугалаа сугалуулах жишээтэй. Бас тэр сугалаанд аз нь таарсан эцэг эхчүүд нь өөр хоорондоо азын сугалаагаа зарсан, шилжүүлсэн гээд бөөн маргаан, хардалт сэрдэлт.

1463699262573e473eac007

“Буянт Ухаа” хороололд арай хямд орон сууц ашиглалтад ормогц “Хэн нь түрүүлж орох вэ”, “Ямар шалгуураар оруулах вэ” гээд аргаа бармагц сугалаа аминд нь орж, “Аавын хүүгийн аз, азын шооны нүх мэдэг” гээд “шийдэж” орхилоо. Дараа нь “Буянт Ухаа хороололд орон сууцанд орох эрхийн сугалаагаа зарна шүү” гэсэн зар, шивнээ чихэнд, нүдэнд хүрчихээр дургүй хүрмээр байгаа биз дээ.

1463699319573e4777c2c37

Дараа нь хэд хэдэн удаа нийслэлд газар эзэмших эрхийг нь сугалгаагаар баталгаажуулах нь тэр. За ингээд болоогүй мөн л төрөөс мөнгийг нь гаргаж олон нийтэд зориулсан түрээсийн орон сууцны иргэдийг сугалгаагаар бүртгэж, сонгон шалгарууллаа. Хамгийн сүүлийн бөгөөд хамгийн их хэл ам дагуулаад буй сугалаа нь НӨАТ-ын сугалаа байв. НӨАТ-ын шинэ хууль гарсантай холбоотойгоор иргэдийг татварыг нь цаг алдалгүй төлүүлж байхын тулд ийнхүү сугалаа явуулах аргыг Засгийн газраас сэдэж явуулсан. Тэрхүү сугалааных нь азтангууд өнөөдрийг хүртэл хэл ам дагуулсаар байна. 400 сая төгрөг хожлоо гэх дуулиан өнгөрсөн сард гарсан ч хоёр ч хонолгүй хоёрын хоёр эзэнтэй болчихсон. Гэтэл цагдаагийнхан үүнийг нь шалгаж үзээд хоёр иргэнийг хоёуланг нь “асуудалтай” гэж дүгнэв. Ингээд хамгийн үнэн гэж итгэж явсан НӨАТ-ын сугалаад итгэх итгэл бөхөв.

Төр мэргэн үү. Төр захиргааны байгууллагын дарга, албан хаагчдыг төсвийн мөнгөөр тэжээх хэрэг байна уу. Асуудал бүхнээ сугалаагаар шийдчих юм чинь илүү зардал биш гэж үү. Эсвэл асуудлыг шийдэж чаддаг, азаар биш хуулиар зохицуулагдсан төрөө дээдэлье. Энэ хоёр замынхаа нэгийг л сонгохгүй бол улс орон хөл толгойгоо алдаж байна. Ердөө 40-өөд хоногийн дараа УИХ-ын сонгууль болно. Дараа нь орон нутгийн сонгууль болно. Нэг голынхон байтугай,  нэг тогооноос хоол идэж буй халуун бүлийнхэн хүртэл талцдаг цаг ирлээ. Төсвөөс асар их хэмжээний зардал гарна. Ингэж байхаар сурснаараа сугалаадчихъя.

Намар болохоор сурах бичиг хэн хэвлэх вэ, төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ хэн нийлүүлэх вэ, аль компани зам барих вэ гээд тендерийн маргаан тасрахгүй. Сугалъя. Уул уурхайн ордуудад хайгуул, ашиглалтын лиценз олгохдоо ч сугалаад азаа үз. Сугалаа эцсийн шийд мөн л бол түүнийгээ сонго. Биш бол сугалааг хал!

 Г.Ган

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих