МАН хүнийг, АН бодлогыг “түлхлээ”
УИХ дахь МАН, АН-ын бүлгийнхэн чуулганы завсарлагаар хойш тавьсан Сонгуулийн хууль хэмээх шатрын хөлгийн ард дахиад л суув. МАН “хүнээ л сонгуулъя” гээд өмнө санал болгосон мажоритар давамгайлсан холимог тогтолцогоо түлхлээ. АН-ынхан харин бодлого сонгуулахаар пропорциональ давуу холимог тогтолцоогоо хамгаалж нүүдлээ түр завсарлаад буй. Мажоритар, пропорциональ элементийг 50:50 хувь тэнцүү хольсон хувилбарыг АН-ын бүлгийнхэн өнгөрсөн зун дэвшүүлсэн. Дахиад буулт хийх боломж тэдний бүлэгт байхгүй. Ингэхэд мажоритар элементийг түлхүү оруулж хүнээ сонгох уу, пропорционалийг илүү тусгаж бодлогоо сонгох уу гэдэг салаа замын уулзвар дээр хоёр бүлэг халз тулаад сууж байна.
УИХ-ын 1992 оны сонгуулиас хойш монголчууд дан мажоритар тогтолцоогоор саналаа өгч ирсэн. Өнгөрсөн хугацаанд мажоритар тогтолцоо сайнаасаа сөрөг талаа илүү харуулж ирсний тусгал нь өнөөдрийн Монголын улс төрийн тогтолцоо юм. Энэ тогтолцооноос болж улстөрчид нийт улс үндэсний эрх ашиг гэхээсээ өөрийн сонгогдсон жалга довны сонирхлыг хаацайлагчид болж хувирсан. Төсвийн мөнгийг том бүтээн байгуулалтад зориулахаасаа илүү тойргийнхоо сургууль, эмнэлгийн дээврийн цоорхойг бөглөж, өөрт нь түлхүү санал өгсөн баг руу авто зам, цахилгааны шугам тавиулах гэж улайрах болсон. Ажлын байр гаргаж байнгын орлоготой залгуулахаасаа өмнө бэлэн мөнгө тарааж иргэдээ тэжээвэр хурга болгоно. Хүүхдийн мөнгийг хасах хэрнээ ямааны ноолуур, тэмээний ноосонд нөхөн олговор олгоно. Сонгуульд хэн ялахаа мөнгөөр шийднэ. Намын нөхдөө адлана. Авлига дэлгэрүүлнэ Ямар сайндаа “Комиссын бараа, компьютер тараагч” гэсэн нэр зүүгээд сууж байх вэ. Монгол төрийн түшээ гэсэн том нэрийн дор багийн иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч өчүүхэн сэтгэлгээнд хүлэгдэж, улсын нэгдсэн төсвийг хулганын нүх бүрт тараасаар 20 жил өнгөрөөсний балгаар 2000 онд 36 хувьтай байсан ядуусын тоо буурсангүй. Харин ч баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар мэт болж, хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг үндсэн орлогоо болгосон бүхэл бүтэн давхрага нийгэмд үүслээ. Гишүүн бүр төсвөөс тэрбум төгрөг татаж тойргоо додомдоод ч нэмэр болсонгүй, 76 тэрбум төгрөг хувь гишүүний нэр хүндийг өсгөх гишгүүр болоод л өнгөрсөн. “Хүнээ л сонгоно шүү гэж сонгогчид захиад байна” гэсэн үгийн цаана ах дүү, хамаатан садан, найз нөхөд олонтой тойргоо өмчилж, дахин сонгогдох сонирхлоос өөр юу ч байхгүй гэдэг нууц биш. Тойргийн сонгогчдодоо сайн нэр олохын төлөө, УИХ-д дахин сонгуулахын төлөө гурил будаа зөөж, гудамж шүүрдэхээс наагуур болсон сэтгэлгээнээс гишүүдээ чөлөөлж, иргэдээ угжнаас салгаж өөрөө өөрийнхөө амьдралыг даах бяд суулгахын тулд бодлогыг сонгох цаг яг одоо ирсэн байна.
Тэр нь өнөөгийн нөхцөлд пропорциональ элемент давамгайлсан холимог тогтолцоо. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явуулахад тойрог төлөөлөөгүй гишүүд улс орны хэмжээнд сэтгэнэ үү гэхээс тойрогтоо хүлэгдэж толгойгоо гашилгахгүй. Жинхэнэ төрийн түшээ гэдэг нэр тийм гишүүдэд тохирно. Тэд бодлого ярина, хувийн тоглолт хийж нам дотроо дажин дэгдээхгүй. Пропорциональ элементтэй холимог тогтолцогоор санал хураахад эмэгтэйчүүдийн квот оруулж өгөх боломж бас нээгдэнэ.
УИХ гэдэг ноёдын сэнтий бус нийт ард түмний төлөөлөл гэдгийг мартаад байгаа эрхэм гишүүд мажоритар системээр сонгуульдаж мөнгөөр уралдсаар дараагийн парламентад эмэгтэй гишүүний бараа тасарч мэдэхээр болсон. Улс төрд эрчүүд азаргалж, мөнгөөр бүхнийг шийдэж, бүх суудлаа өмчилж суутал Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэх 2015 он хаяанд туллаа. Дөрвөн жилийн дараа гэхэд УИХ-ын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүд болгох амлалтыг дэлхий нийтийн өмнө хүлээсэн Монгол Улс өдгөө гуравхан бүсгүй гишүүнтэй сууж байна. Тэр амлалт хэрэгжихгүй нь бараг тодорхой болсон ч ядаж 10 хувьд хүргэх боломж пропорциональ давуу сонгууль хийвэл гарч ирнэ.
Мөнгө төгрөг, бэлэг сэлтээр авлигадаж авсан суудалд дөрвөн жил заларч, гурван жилд нь жирийн сонгогчдоо мартдаг байдлыг халъя гэвэл пропорциональ руу зоригтой алхам хийх ёстойг гишүүд мэдэж л байгаа. Ялангуяа Монгол Улс уул уурхайн орон болж үсрэнгүй хөгжлийн ирээдүй хүлээж байгаа энэ торгон үед хувь хүнийг бус нэгдсэн бодлогыг сонгох цаг иржээ, гишүүд ээ.
URL: