Нум сум харвахын төлөө 20 янгир агнах зөвшөөрөл хүсчээ
-Дэлхий нийтээрээ ан амьтны эрхтнийг ашиглахыг хориглочихоод байхад манай улсад эсрэгээрээ-
Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард “Нэн ховор болон ховор амьтдыг хамгаалах тухай хууль” баталсан.
Мөн тэдгээр амьтдын тархац нутгийг улсын тусгай хамгаалалтанд авч, уугуул нутагт нь хамгаалан, сэргээн нутагшуулах тогтоол гаргасан аж.
Энэ шийдвэртэй холбоотойгоор Монголын үндэсний спортын наадмын анхдугаар зөвлөлгөөн энэ оны тавдугаар сард Төрийн ордонд гурван өдөр болж өндөрлөсөн. Тус зөвлөлгөөнд УИХ болон Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагын төлөөлөгчид, үндэсний спортоор хичээллэгчид, нум урлаачид оролцсон юм.
Зөвлөлгөөний үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа илтгэл тавьж “Хүн амын нийт 30 хувийг үндэсний спортод татан оролцуулна. Мөн тэдний 10 хувийг нь үндэсний сурын харваагаар хичээллүүлнэ. Түүнчлэн цэргийн анги, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрт нум сумыг албан ёсоор оруулж, техник хэрэгсэлээр хангахад анхаарах болно” хэмээн илтгэлдээ онцолж байлаа.
Энэ үеэр хуралд хүрэлцэн ирсэн харваачид, нум урлаачдаас тодорхой санал тавьсан байна. Нум урлах эрдмээрээ нэлээд дээгүүрт тооцогддог Улсын мэргэн Ж.Сүхбаатар болон зарим нэгэн сур харвааны төлөөлөл сайдын хэлсэн үгийг алдсангүй бололтой. Тэрбээр С.Ламбаа сайд, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нарт “Нум урлахад гол түүхий эд болох янгирын эврийг урагш Хятад руу хууль бусаар гаргаж байхын оронд уламжлалт сур харваагаа хөгжүүлэх энэ саналдаа тулгуурлаад нум урлаачдад 20 гаруй тооны янгир агнах зөвшөөрөл олгоно уу” хэмээх хүсэлт гаргажээ. Үүнийг нь ч тэд даруй шийдсэн сураг дуулдсан.
Нумыг ховор амьтад, ургамлын эд, эрхтэн оролцуулж бүтээдэг. Тухайлбал янгир ямааны 80 см-ээс доошгүй урттай эвэр, бод мал, буга, хандгайн мөч, зооны урт шөрмөс, загасны хайрс, мал загаснаас тусгайлан гаргаж авсан цавуу, хулс, өнгөлгөөнд загасны хайрс, могойн арьсыг ашиглаж хийдэг байна.
Янгирыг 2006 онд Монгол орны амьтдын “Улаан данс” номонд “Ховор болон ховордож болзошгүй” зэрэглэлд оруулсан аж. Зэрлэг ан амьтдын тооллогыг найман жилд нэг удаа явуулдаг байна. Манай улс 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Уулын туурайтны нөөцийн үнэлгээний газраас тооллого явуулсан байдаг. Тус тооллогод манай улс 24 мянга орчим янгир ямаатай гэсэн дүн гарсан. Гэтэл нум болон янгирын эврээр бизнес эрхлэгчид аль хэдийн нийгэмд байраа эзэлсэн нь нууц биш. Наад зах нь эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум энэ жил 500 мянга хол давсан. Энэ онд олон түүхт ой давхар тохиож түүнд оролцох гэсэн харваачдын тоо ч гэсэн олширсон. Мөн нум худалдан авах эрэлт ихсэж, сүүлдээ бүр олдохооргүй болсон аж.
Нум урлаач дотроос харьцангуй сайн хийдэг гэх Ж.Сүхбаатар гуайн нум бараг нэг сая шүргэсэн дуулдсан. Нэгэн залуу харваач ярихдаа “Сүхбаатар гуайн нум ер олдохгүй байгаа. Би арай гэж хоёр нумаа зарж байж түүний хийсэн нумыг худалдан авлаа” гэсэн юм.
Харин 2011 оны хавраас эхлэн янгир ямааны үнэлгээ нэмэгджээ. Гадны жуулчдад Алтайн тэхийг агнахад 4500 ам.доллар, говийн тэхийг агнахад 3960 ам.долларын хураамж төлөхөөр болсон аж. Харин янгирын экологи, эдийн засгийн үнэжээ нь нас хүйсээсээ хамаарч 2-3.4 сая төгрөг хүрдэг юм байна.
Харваач ч үгүй, янгир ч үгүй үлдэх вий
Манай улсын эрийн гурван наадмын нэг сурын харваа урианхай, халх, буриад гэсэн төрөлтэй. Монголын үндэсний сурын холбооны дүрэмд “Заавал эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумаар харвуулна” гэж заасан байгаа. Тэгэхээр С.Ламбаа сайдын хэлсэн үг, энэ дүрэм хоёр шинэхэн баталсан “Нэн ховор болон ховор амьтдыг хамгаалах тухай” хуулийг зөрччихсөн байдаг.
“Нийт хүн амын 10 хувийг үндэсний сурын харваагаар хичээллүүлнэ” гэж сайд зарласан. Манай улс өнгөрсөн жил хүн ам, орон сууцны улсын тооллого явуулсан. Үүнд хоёр сая 754.685 хүн амтай гэсэн дүн гарсан. Бидний 10 хувь нь сур харваагаар хичээллэхэд 275.468 харваач гарна. Тэгтэл янгирын тоо нь ердөө 24 мянга. Энэ тоо харваачдынхаа тооны хаана нь ч хүрэхгүй байгаа биз дээ. Багаар бодоод 275.468 хүний ядаж тал хувь нь харваач боллоо ч гэсэн тэр хүрэхгүй. Эцэст нь харваач ч гүй, янгир ч үгүй үлдэх нь бололтой, Монгол Улс…
Ингэж зугаацаж болохгүй
Амьтны эрхийг хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн янгирын эврээр нум хийхийг эрс эсэргүүцдэг аж.
Тэрбээр энэ тухайгаа “Эрийн гурван наадмаар зугаацахдаа ингэж авирлаж болохгүй. Дээр үед юм хөгжөөгүй байхад хүмүүс янгирын эврээр нум хийдэг байсан байж болно. Нэгнийх нь тоглоом байхад нөгөөгийнх нь зовлон байж болохгүй. Дэлхий нийтээрээ ан амьтны эд эрхтэнийг ашиглахыг хориглочихоод байхад манай улс тоглоом наадамдаа амьтдыг сийчиж, эд эрхтэнийг нь ашиглаж болох уу. Наадамдаа биш юмаа гэхэд бэлтгэл сургуульдаа хуванцар болон бусад эд материалаар хийсэн нумаар харваж болно шүү дээ. Манайд тийм нум гараад зохиогчийн эрхээ авчихсан байгаа” гэсэн юм.
Хуванцар Монгол нум бүтээжээ
Үндэсний сурын спортын мастер Н.Даваадорж анх удаа эвэр-элэгтэй, шөрмөсөн артай нумын хүчтэй энэ тэнцэхүйц хуванцар, шахмал Монгол нум зохион бүтээжээ.
Монгол нум гэж байгаагийн учир нь эвэр нумаас өнгө загвар, хүчний хувьд ялгагдахааргүй аж. Нум урлаач Н.Даваадорж 2005 онд Оюуны өмчийн газраас албан ёсны зохиогчийн эрхээ авч баталгаажуулжээ. Уг нумыг одоогоор Урианхай, буриад сурд харвахыг зөвшөөрсөн байгаа аж.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор буюу 2006 онд үндэсний сурын улсын баяр наадамд түрүүлсэн Улсын мэргэн, спортын мастер Х.Болдбаатар, А.Хонгор нар тус нумаар бэлтгэл хийж байр эзэлсэн аж.
Л.Баатархүү
URL: