Б.Наранбаатар: АН-ынхан хүнийг залхаан цээрлүүлэх ажлаа зогсоохгүй байна

9468ee_3999c21f82627315original_x800МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар өчигдөр олон нийтэд хандаж хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан дууны клипийг ОХУ-ын “Останкина”-тай хамтран хийж байгаа бөгөөд уг ажлынхаа хүрээнд өчигдөр өглөө ОХУ руу нисэхээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд очиход Баянгол дүүргийн Прокурорын газраас хилийн хориг тавьсан байжээ. Ингэснээр Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан уран бүтээл хойшилж, гаднынхны өмнө манайхан эвгүй байдалд орж байгааг тэрбээр тодотгосон юм. М.Наранбаатар “Үүнд нисэхийн ажилтнуудыг буруутгамааргүй байна. Энэ бүхэн АН-ын дарга З.Энхболд бид хоёрын жил дамнасан маргаантай холбоотой. Монголын төрийн толгойд байгаа зарим хүнийг ойлгохгүй байна. Өнгөрсөн жил мөн надад хилийн хориг тавьсан. Түүнээс хойш Өршөөлийн тухай хуулийг баталж дээр нь уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоог хүртэл хилээр гаргахгүй байгаа нь сонин байна. Би УИХ-д бие дааж нэр дэвшиж байгаа. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд болон түүний хамсаатнууд цаашид юу сэдэж байгааг мэдэхгүй байна” гэв. Тэдний хоорондын маргааныг эргэн сануулбал, 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны УИХ-ын чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг танилцуулах үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Үндэсний телевизийнхэн бүгд архичин, зуун хүний ажлыг 700 хүн хийдэг” хэмээн мэдэгдсэнээр эхэлсэн юм.

М.Наранбаатар тухайн үед МҮОНРТ-ийн Ерөнхий захирал байсан. Түүнийг хамт олон нь “Биднийг доромжлоод байхад та үгээ хэлдэггүй юм уу” гэж шаардсаны улмаас 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд хэвлэлийн хурал зарлаж, телевизийн хамт олон цуглаан зохион байгуулж байсныг уншигчид санаж буй биз ээ.

“Дараа оны нэгдүгээр сарын 2 буюу бүх нийтийн амралтын өдөр МҮОНРТ-д З.Энхболд даргын даалгавраар ирсэн  Үндэсний зөв­лөлийн зарим гишүүн яаж аашилж, аяглаж МҮОНРТ-ийн ажлыг надаас авсныг та бүхэн санаж байгаа. Үүний дараа Баянгол дүүргийн цагдаагийн газраас намайг дуудаж, УИХ-ын дарга З.Энхболдын цагдаа, прокурорт өгсөн өргөдөлтэй танилцуулсан. Өргөдөлд цагдаа болон прокурорын дарга нь “Уг хэргийг хурдан шалгаж, танилцуул” гэж цохсон байсан. Тиймээс тус хэрэгт маш хурдан хэрэг бүрдүүлэлт, мөрдөн байцаалтын ажил явуулсан. Ингээд нэгдүгээр сарын 6-нд эхэлсэн мөрдөн байцаалт, 9-нд дуусч “Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлээр З.Энхболдыг гүтгэсэн” хэмээн надад ял сонсгосон. Анхны шүүх хурал дөрөвдүгээр сарын 8-нд,  дараагийн хурал зургадугаар сард болж, намайг буруутай гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгох, мөн таван жилийн хугацаанд ял шийтгэлтэйд тооцно гэсэн шүүхийн  шийдвэр гаргасан. Би Улсын Дээд шүүхэд гомдол гаргаснаар шүүх хурлаар “Хоёр шатны шүүх хурлыг хаалттай явуулсан нь буруу. Мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулахдаа нэг талыг барьж явуулсан. Шаардлагатай хүмүүсээс нэмэлт тодруулга, байцаалт аваагүй” гэсэн шийдвэр гаргаж хэргийг 2015 онд Баянгол дүүргийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Тус дүүргийн прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гээд хэргийг хаасан” гэсэн юм.

Ингээд бүх зүйл дуусчихаад байхад З.Энхболд сар гаруйн дараа дахин гомдол гаргажээ. Түүний хэлснээр шүүх, прокурорынхон З.Энхболдын дарамтад орж ийм шийдвэр гаргаж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга албан тушаалаа ашиглаж, хуулийнханд нөлөөлж өөрийн талд шийдвэр гаргуулахаар зүтгэж байна гэх тайлбарыг Б.Наранбаатар хэлсэн. Мөн түүнийг МҮОНРТ-д есөн жил ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргасан байж болзошгүй гэх хардлагын үүднээс  МХЕГ-аас 2-3 удаа аудитын шалгалт оруулаад “но” илрэхгүй болохоор нь гэрээт аудит хүртэл оруулсан  гэдгийг хэллээ. Б.Наранбаатар  “АН-ынхан хүнийг залхаан цээрлүүлэх ажлаа зогсоохгүй байна. Магадгүй үүнийг иргэд өөрсдөө зогсоох байх” гэв. Асуудал нь Б.Наранбаатар нэг удаа хилээр гараагүй байгаа мэт боловч нөгөө талдаа том үйл явдал өрнөж байгаа гэдгийг ч тэрбээр онцолж байлаа.

М.ЭНХЦЭЦЭГ


URL:

Нэр: zochin Огноо: 20 May 2016

Bitgii buuj ogoorei udahgui hunshig humuus tolgoi ni ajildag uhamsartai humuujiltai humuus ene ulsiig udirdah tsag irne!

Сэтгэгдэл бичих