Сонгуулийн сонирхолтой тойргууд

2016 оны УИХ-ын сонгуулийн өдөр ойртсоор. Намууд нэр дэвшигчдээ битүүхэн тодруулж, гэрэл цохиулчихгүй хичээж нуусаар. Гэхдээ хэн хаана нэр дэвших вэ гэдэг нь нүднээ ил байгаа хойно доо. Ямартай ч сонгуулийн тойргуудыг ажиглахад сонирхолтой, содон юмс харагдаж байна шүү.

“Үхлийн тойрог”

 

Нийслэлийн хамгийн олон хүн оршин суух Сонгинохайрхан дүүргийг нэр дэвшигчид “үхлийн тойрог” гэх нь бий. Учир нь энэ тойргийн сонгогчид хэний ч төлөө саналаа өгч болзошгүй. Тиймээс нэр дэвшигчдэд эрсдэл ихтэй. Тэгвэл эрсдэлийг үл тоож АН-аас Н.Алтанхуяг, Т.Болдбаатар, О.Магнай, Б.Ургамалцэцэг, Ө.Пүрэвбаатар, Л.Эрдэнэчимэг, МАН-аас Д.Сумьяабазар, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар, С.Түмэнгэрэл, Н.Учрал нарын хүмүүс тодорч, “цусгүй тулаан” өрнүүлэх нь.

 

Зургаан мандаттай. Тэгэхээр Сонгинохайрханчуудыг зургаан хүн УИХ-д төлөөлөх юм байна. Харин дээр дурьдсан хүмүүсийн хооронд жинхэнэ тулаан өрнөнө. Энэ нь зарим тойргийг бодвол шинэ ч бай, хуучин ч бай эрсдэл дагуулж болзошгүй гэсэн үг. Жишээ нь О.Магнай энэ тойрогт өмнө нь нэр дэвшээд унаж байсан. Харин Л.Эрдэнэчимэгийн хувьд 2012 онд СХД-ээс сонгогдсон хэдий ч сонгогчид “ам муутай”. Тэгвэл намаа сольсон ч тойргоо солиогүй эрхэм бол Д.Тэрбишдагва. Гэхдээ итгэл үнэмшил, нэр төрөө албан тушаалаар “худалдах” сэтгэхүйтэй хүнд Сонгиночууд дахин итгэх болов уу, яах бол.

Н.Учрал/Их засаг сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү/ хувьд уг нь Хэнтий аймагт нэр дэвшихээр тойрогтоо нэлээдгүй мөнгө хаяж байсан. Гэвч сайн ах нь /У.Хүрэлсүх/ тойргийг нь булааж, оронд нь “үхлийн тойрог” руу түлхэгджээ. Сонгиночуудын итгэл хайрыг хүлээн авч чадах нь уу, үгүй юу Их засаг сургуулийн “Хунтайж”-ын л чадварын асуудал юм даа.

Олон мандат байгаа учраас нам бүрээс дор хаяж зургаан хүн дэвшүүлнэ. Энэ утгаараа хамгийн хүчтэй, гал гарсан тулаанууд өрнөж, санаанд багтамгүй явдлууд зохион байгуулагдах болов уу. Гал унтраах, нүүрс тараах энэ тэр бол юу ч биш. Ийм тойрог орон нутаг хэд хэд бий.

“Сонирхолтой тойрог”

 

Улсын баруун хязгаар Ховд нутгийг “сонирхолтой” гэж онцлоод байгаа юм. Энд шинэ гэхээсээ хууччууд их. Тухайлбал, “баз хүргэчүүд” болох Д.Батцогт, С.Бямбацогт нар намуудаа тэргүүлэн оролцоно. С.Бямбацогтыг дагаж Б.Очбадрах, О.Батнасан, Ц.Цогзолмаа нар Д.Батцогтыг дагаж Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар нэр дэвшихээр болоод байгаа. Эд бүгд л Ховд нутгийн уугуул иргэд. Ховдынхондоо ч танигдсан хүмүүс. Тэгэхээр Ховдчууд хэнд нь ч саналаа өгч болзошгүй. Гэхдээ энэ тойрогт нэг бус гурван мандат ноогдож байгаа учраас өрсөлдөөн тун сонирхолтой явагдах болов уу. Улаан, цэнхэрийн тулаан дундуур Монгол банкны Ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү Хангал бие даахаар орж ирсэн нь бүр ч сонирхол татах боллоо. П.Хангалын хувьд сурталчилгаагаа эрт эхэлж, тойрогтоо танигдах ажлаа идэвхтэйгээ хийж байгаа. Харин энэ олон эрчүүдтэй өрсөлдөхөөр Ц.Цогзолмаа энэ жил төрсөн нутгаа зорьж байгаа. Гэхдээ нэр дэвшигчдийн хувьд “базуудыг өвдөг шороодуулах” тийм ч амар бус болов уу. Тиймээс л Ховдын тойрог сонирхол татаад байгаа юм. Эдгээр эрхмүүдтэй МХЕГ-т удирдах албан тушаал хашч байсан, мөн л Ховд нутгийн хүү Б.Довдонбалжир МАХН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Гэхдээ хэн хэрхэн нэр дэвших, Ховдын тойрог сонирхол татах эсэх нь МАН-ын бага хурал, АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар эцсийн байдлаар шийдэгдэнэ.

 

“Өст тойрог”

 

Өнгөрсөн сонгуулиар маргаантай хоёр тойрог байсан. Тодруулбал, Увс, Өвөрхангай аймгийн сонгуулийн үр дүн маргаантай байсаар намартаа золгож, хоёр намын тохироогоор маргаан намжиж байсан. Гэхдээ намууд л тохиролцсон болохоос биш сонгогчид одоо ч бухимдалтай хэвээр л байгаа. Ялангуяа Өвөрхангайн сонгогчид энэ сонгуулиар нэг зүйл бодчихсон л байгаа болов уу.

 

Тэгвэл энэ “өст” гэх тойрогт АН-ын хоёр дахин өрсөлдөхгүй нь бололтой. Харин саяхан намаа сольж АН-д орсон Н.Батцэрэг, МҮОНТ-ийн Гүйцэтгэх захирал асан Ч.Даваабаяр, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албан дарга С.Дэмчиг нар нэр дэвшихээр болсон байна. Харин МАН-аас С.Чинзориг даагаа нэхэж, Я.Содбаатар,Н.Тогтохсүрэн нар зуузай холбох нь.

Н.Батцэрэгийн хувьд намаа сольж байж тухайн тойргийг авсан учраас өөрт зөөлөн санагдсан байж магадгүй. Ч.Даваабаяр бол аль эртнээс Өвөрхангайг услаад эхэлчихсэн. Харин төрийн ордны гадаа олон Өвөрхангайчуудыг цуглуулж чадсанаараа С.Чинзоригт боломж өндөр байж болзошгүй. Гэхдээ өст тойрог хэнээс хэзээ яаж хариугаа авахаа мэдэж байгаа байлгүй дээ.

“Хөрөнгөтнүүдийн тойрог”

 

Нийгэмд ажилчин, сэхээтэн гэх гарал угсаа бий. Гэхдээ Сэлэнгэд өрсөлдөх эдгээр хүмүүсийг “хөрөнгөтөн” гэх тусгай ангилалд оруулмаар. Тухайлбал, АН-аас ЗГХЭГ-ын дарга “оффшортон” С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар нэр дэвших нь ерөнхийдөө ойлгомжтой болсон. Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нарын нэрс сонсогдож байна. Намууд эцсийн байдлаар нэрсээ зарлаагүй. Тиймээс зарим хүний нэрс таамаг төдий байна. Харин эдгээр эрхмүүд дээр “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Цандэлэг нэмэгдэнэ гэх мэдээллийг эх сурвалж хэллээ. Эндээс харахад Сэлэнгэ аймагт “хөрөнгөтөн”-үүд нэр дэвшиж, “мөнгөөр тулаан хийх нь” гэж харагдаад байгаа юм.

 

“Азаа үзэгчдийн тойрог”

 

Азаа үзэгчид Орхон аймаг буюу Эрдэнэт хотын зорьж байх шиг. Тухайлбал, Хөвсгөлд “гологдсон” Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, “улс төрд гологдсон” Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, “Тагнуулч туслахтай” М.Батчимэг нарын хүмүүс Эрдэнэтэд нэр дэвшихээр яригдаж байна. Тэдэнтэй Эрдэнэтийн “Очир” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг нар өрсөлдөнө. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарыг АН-аас Эрдэнэтэд нэр дэвшүүлж магадгүй. Д.Одхүүгийн хувьд хоёр удаа Эрдэнэтчүүдийг төлөөлж, УИХ-д сууж үзсэн. Харин Д.Дорлигжавын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг хэсэг хугацаанд удирдаж байснаараа л тус тойргийг зорьж “азаа үзэж” байгаа болов уу.

 

Эрдэнэтчүүд Ш.Отгонбилэгт “хайртай”. Тиймээс л хүүг нь дэмжсэн. Энэ удаад яахыг хэлж мэдэхгүй юм. Бусад нь бол бүгд л азаа үзэж байгаа хэрэг. Магадгүй Эрдэнэтэд амьдардаг, Эрдэнэтийн тухай сайн мэдэх л хүнийг Эрдэнэтчүүд сонговол зүгээр байх. Түүнээс салхинд хийсч яваа хамхуул шиг сонгуулийн сургаар “азаа үзэж” яваа хүнээр Эрдэнэтчүүд лав дутахгүй биз.

Үргэлжлэл бий…

 

А.Аюуш

 


URL:

Сэтгэгдэл бичих