Олон улсад оффшортнуудад хүлээлгэж буй хариуцлага
Оффшор тойрсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байв.
Татварын диваажин гэгдэх бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанид хувь эзэмшдэг улстөрчид, төр засгийн тэргүүнүүдийн талаарх мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс дэлхий нийтэд ил болгосон. Панамын “Mossack Fonceka” гэх хуулийн фирмийн татваргүй 21 бүсэд байрлуулсан 200 гаруй мянган нууц компанийн оффшор дансны мэдээлэл цацагдсан даруй уг асуудлын эргэн тойронд үйл явдал өрнөсөн юм. Хэвлэл мэдээллийнхэн өөрийн орны улстөрчидтэй холбоотой ил болсон баримтууд ямар учир шалтгаантайг судалж мэдээлэл хүргэсэн бол нөгөө талд нэр холбогдсон улстөрчид хариу тайлбар хийгээд авсан. Манай улстөрчдийн зүгээс ч ийм маягийн тайлбарыг өгөв.
ОФФШОРТОЙ ШУУД БУСААР ХОЛБОГДСОН УЛСТӨРЧИД
Төрийн дээд албан тушаалтан, улстөрчид оффшор данстай байхыг ихэнх орон хүлээн зөвшөөрдөггүй. Харин бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн таатай орчныг сонгож, татварын хөнгөлөлттэй бүсэд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Үүн дээр улстөрчид тоглолт хийдэг гэж болно. Өөрөөр хэлбэл, улс төрд орохоосоо өмнө бизнес эрхэлж байхдаа оффшор данстай болсон гэх тайлбарыг улстөрч болгон хэлдэг. Оффшор данстай улстөрчдийг нэг удаа ил болгоод орхих биш. Харин эцсийн үр дүн, ач холбогдол нь юу байх, оффшортнуудад ямар хариуцлага хүлээлгэх тухай ч олон нийт хөндөж буй. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс “Панамын баримт”-уудыг үе шаттайгаар нийтэд ил болгож байгаа. Эхний ээлжний мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдсан бол дараагийнх нь өнгөрсөн долоо хоногийнх юм. Энэ удаад 200 гаруй компани, тэдний эзэмшигчдийн нэр, хаяг, бүртгэл зэрэгтэй холбоотой баримтуудыг ил болгоод байгаа ч цаана нь илүү нууцлалтай мэдээлэл байгааг ч эрэн сурвалжлах сэтгүүлчид анхааруулсан. Дэлхийн 380 гаруй сэтгүүлийн хамтран ажилласан “Панамын баримт”-д зарим улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд шууд болон шууд бусаар холбогдсон хүн олон бий. Тухайлбал, Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд, Английн Ерөнхий сайдын эцэг, Украин болон Аргентины Ерөнхийлөгч, Исландын Ерөнхий сайд, Оросын Ерөнхийлөгчийн дотны найзууд, Мароккогийн эзэн хааны хувийн нарийн бичгийн дарга гээд оффшортой холбоотой нэрсийн урт жагсаалт гарч байгаа.
Энэ асуудалд манай улстөрчид “Татварын хөнгөлөлттэй бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанид хувьцаа эзэмшдэг байсан, харин хэдэн жилийн дараа өртгөөр нь буцаагаад зарсан. Оффшор данстай компанид хувьцаа эзэмших нь олон улсад байдаг жишиг. Бид хуулийн байгууллагаар шалгуулна” гэх төдийхнөөр хариу тайлбар хийж буй. Гэвч үнэн худлыг нь нягтлан хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа эсэх нь одоо хэр нь таг чиг. Өнгөрсөн долоо хоногжин сүр дуулиан болсон энэ сэдэв манайд бараг намжих талдаа орсон бололтой. Харин олон улсад халуун сэдэв хэвээр байна. Өөрөөр хэлбэл, оффшор данстай улстөрчидтэй хариуцлага тооцох үйл явдал ширүүхэн өрнөж байна. Зарим улсад тэдний эсрэг акцуудыг авч эхэлсэн байна.
ОФФШОР ДАНСНААСАА БОЛЖ АЛБАН ТУШААЛААСАА БУУСАН ЕРӨНХИЙ САЙДУУД
Хариуцлага хүлээсэн улстөрчдийн эхэнд Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон орох нь дамжиггүй. Түүний нэр оффшортой холбогдсон даруйд Засгийн газар нь хуралдаж Засгийн газрын тэргүүнээ огцруулах асуудлыг түр хүлээх шийдвэр гаргаж байсан. Гэвч Ерөнхий сайдын эсрэг талынхан найман мянга орчим хүнийг гудамжинд жагсааж, Засгийн газрын тэргүүнийг огцруулах баримтад хэдэн арван мянган хүний гарын үсэг зурснаар Исландын Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд огцорсон. Дараагийнх нь Испанийн Аж үйлдвэр, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Хосе Мануэль Сориа юм. Түүний оффшор данстай гэдэг нь Панамын баримтуудаар нотлогдсон. Үүний дараа тэрээр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм. Тэгвэл оффшортнуудтай хариуцлага тооцох ажил энэ удаад ч үргэлжилж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ил болгосон баримтад Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн нэр бий. Украины парламент дахь Радикал намын төлөөлөл “Панамын баримт”-д нэр нь орсон улстөрчдийн хэргийг шалгах тусгай хороо байгуулах хүртэл хурлын индэрт хэнийг ч гаргахгүйгээ мэдэгдээд байгаа. Түүнчлэн Радикал фракцын тэргүүн Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, парламентаар санал хураалт явуулах хүртэл санаачлага гаргасан.
“Панамын баримт”-уудад Польшийн 149 иргэний нэр холбогдсон. Энэ мэдээлэл нь ил болсон даруй Польшийн Хууль зүйн сайд дээрх хүмүүстэй холбоотой материалыг нягталж шалгах, мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосноо мэдэгдсэн. Норвегиос гэхэд 200 иргэний нэр дээрх баримтуудад холбоотой гэх мэдээлэл бий. Энэ тухай баримт ил болсон үеэс Норвегийн эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсоох, мөрдөн шалгах, удирдах газрынхан Панамын оффшор данс эзэмшигчдэд зориулж итгэлийн утас гэх тусгай дугаар нээсэн байна. Уг тусгай дугаараар оффшор компани, данс эзэмшигчид сайн дураараа холбогдож өөрсдийнхөө талаарх мэдээллийг өгөх боломж олгож байгаа аж.
Мөн оффшор данстай улстөрчдийн жагсаалтад Австралийн шинэхэн Ерөнхий сайд Малкольм Тернбуллын нэр нэмэгдсэн. Молькольм Тернбулл тухайн үед улстөрч биш бизнес эрхэлж байсан тул өөрийн хөрөнгөө оффшор дансад байршуулах нь хууль бус үйлдэл биш хэмээн мэдэгдсэн юм. Австралийн парламентын сонгууль долдугаар сарын 2-нд болно. Олон нийтийн дунд Австралийн Ерөнхий сайд рейтинг өндөр байсан ч оффшор данстай нэр холбогдсоноор түүний нэр хүнд унасан гэдгийг ч хэвлэл мэдээлэл онцолж байгаа. Үүнээс болж удахгүй болох сонгуульд тэрээр ялагдах магадлал өндөр болсныг ч судлаачид хэлж байна.
УЛСТӨРЧИДТЭЙ ХОЛБООТОЙ 11.5 САЯ БАРИМТ БИЙ
Ямартай ч эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг улстөрчидтэй холбоотой мэдээллийг дэлхий нийтэд цувралаар ил гаргасаар байгаа. Үүнийг нь нягтлах ажлыг ч улс орнууд хийж, заримтай нь хариуцлага тооцоод эхлэв.
Манайд ч гэсэн оффшор данстай эрхмүүд өөрсдийгөө хамгаалсан мэдээллийг өнгөрсөн долоо хоногт хийж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдэж байгаа. Хуульч мэргэжилтэй улстөрчдийн хувьд манай хуулийн салбарынхан хэр хараат бус, шударга ажилладгаа одоо л оффшор данстай улстөрчдийг шалгах ажил дээр харуулах учиртайг сануулж байгаа.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гарт 50 орны 140 улстөрчийн оффшор данстай холбоотой 2.6 терабит буюу 11.5 сая баримт байгааг хэлж байгаа. Хэдэн жилийн өмнөөс цуглуулсан баримтуудын зөвхөн эхний хэсгийг тэд ил болгоод буй. Шаардлагатай гэвэл тэд үүнээс илүү их мэдээллийг ил болгох нь гарцаагүй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.ЦЭЦЭГ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэдэг шоронгоор олон жил явсан хүн монголын интернэтэд од болоод дууслаа. Энэ нөхрийг эрэгтэй хүүхэд шохоорхдог гэдгээр нь төмөр замынхан андахгүй мэднэ дээ. Ичгүүргүй амьтан