Омар Хайям: Амьдрал богино тухай шүлэг үргэлж шувуу мэт жиргэж л байдаг

a

Тагш ус олох гэж нуруу бөхийнөм
Талхны  өөдөс  эрж дэлхий тойрном

Омар Хайям


Атганд  ороод ирсэн ердийн нэгэн азаар
Адаглаад ганц ч нууцыг  арилжиж  авах нь худлаа
Эрхэм үнэний худлаас ямхийн төдий зайтай
Эрчүүд бидний амьдрал ядмагхан хялгаснаас тороостой

Омар Хайям

Омар Хайям 1047 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ.


Хэн ч хайр дурлалыг зөгнөхгүй  байж чаддаггүй. Дурлажээ гэж хэлдэг нэгэн жигүүр   байхаас орхижээ гэж одсон үзүүр хаа ч байдаггүй. Гэвч найрагч  эхлээд  дурлаад  дараа нь “орхихгүйгээр“ шүлэглэсэн юм. Энэ бол дорно дахины гэрэлтсэн их бичгийн хүн Омар Хайям билээ. Олон оддын тэртээх  нууц  увидасыг гадарласан шигээ “цөөн бүсгүйчүүдийн” далд нууцыг эрэлхийсэн Омар Хайям шинээр нээсэн гэхээс илүү нэрлэсэн  гэх бүсгүйчүүдтэйгээ “тун” даруухан аятайхан харьцдаг байсан юм.

“Далай шиг их хайранд, дарс шиг умбаж жаргахсан”

Дарс байвч  далай ч олддоггүй юм  билээ.
Далай цэлийн харагдлаа ч даанч “хэнтэй ч үгүй” яахан  туулж барах билээ дээ.
Нэрэлхсэндээ хамт туулахаас.
Дуулахаас…
Торомгор наран болоод би ертөнцийг гийгүүлж  чадахгүй
Толгой эргэм хорвоогийн нууцыг тайлж дөнгөхгүй.
Аугаа оюуны далайгаас сувдыг олохыг оловч
Аймхай муугаасаа болоод зүүж бас чадахгүй ээ
хххх
Шунуулж догдлоохгүй хайр-хайр яасан ч биш ээ
Шухитнаад асаж чадаагүй нойтон мөчир  гэсэн үг ээ
Сэтгэлийн жинхэнэ хайр-шөнөжин цоролзох түүдэг
Сэмхэн дотроос зовоох эдгэж өгөхгүй шарх аа
 гэсэн  энэ шүлгийг  Д.Цоодол
“Нэгэн зуун шилмэл рубай“ /2006/ номдоо ийн орчуулсан бол  яг энэ шүлгийг
С.Цэвээн “Омар Хайямын домог” /1989/ номонд хэрхэн орчуулсныг харьцуулбал сонин болов уу.
Сэтгэл донсолгохгүй бол тэр дурлал биш ээ
Чийг татаад асдаггүй мөчиртэй адил
Хайр гэдэг нойргүй дүрэлзэх түүдэг билээ
Чимээгүй зовоох эдгэрэшгүй шарх билээ.

Гияссаддун  Абуль Фатх  ибн Ибрахим Омар Хайям бол 1048-1123 оны үед дундад Азид амьдарч байсан их яруу найрагч, соён гийгүүлэгч, гүн ухаантан, одон оронч, математикч, эмч нэгэн байсан юм. Өнөөдөр эртний соёлт Нишапур хот жижигхэн тосгон болон мартагдах дөхсөн ч гагцхүү Омар Хайямын бунхан түүний уран тансаг рубай шүлгүүдтэй зэрэгцэн  дуурсагдсаар байна. Өдгөө  Иран, Узбек, Тажик, Туркмен гээд лалын үндэстэн аль ч  орнуудад Омар Хайямыг бүгд манай найрагч хэмээн өргөмжилж, аялгуу тансаг дөрвөн мөртийг нь аллахын зарлиг мэт цээжээр уншдаг билээ. Тэрээр Ибн Синийг хүндэтгэн  Фирдоусийг багш хэмээн өргөмжилж математикч, одон оронч Архимед,Эвклидийн онолыг дэмжин дэлгэрүүлсээр Исфаканд Малик шахын ивээлээр одон орон судлах хүрээлэндээ од эрхэсийн хөдөлгөөнийг ажин суухдаа цаг тооны бичиг зохиосон нь одоо цагийн шинжлэх ухааны хуанлитай олон талаар таардаг ажээ.
Урлагт оргил байдаггүй шиг дурлалд хязгаар үгүй хойно цал буурал болсон ч Омар Хайям үзэсгэлэнт гоо Аишье, Эльпи нарыг таалан ертөнцийг мартан сатаарч явсан билээ. Хаа газрын судлаачид хоёр тал болон талцдаг хойно Омарыг зургаан мянган рубай зохиосон гэж баталдаг нэгэн байхад зургаахан сайн дөрвөн мөрт л бий гэдэгт  мэтгэдэг хэсэг цөөнгүй ажээ. Европ дахинд 1850-аад оноос түүний шүлгүүдийг орчуулан дэлгэрүүлэхэд Германы математикч Франц Вепке, яруу найрагч Хаммер Фургшталь, Английн Эдуард Фицжеральд, А.Теннисон нарын гавьяа их билээ. Омар Хайямын уран яруу дөрвөн мөрт рубайг аялгуу сайхан Монгол хэлээр Б.Явуухулан, М.Цэдэндорж, С.Цэвээн, Л.Дашням, Д.Цоодол, Ж.Төмөрхуяг нарын бичгийн мэргэд гайхалтай сайхан дуун хөрвүүлсэн байдаг билээ.

Өглөө эртлэн андтайгаа дотночлон тэврэлдье
Өр зүрхэнд хургасан гунигаа үлдэн хөөж уужрая
Эрүүл агаар цээж дүүрэн амьсгалая
Эцсийн мөчийг хүртэл дарс хундагалан амьдаръя
 /Ж.Төмөрхуягийн орчуулга/
Арван зургаахан насандаа бүтэн  өнчирсөн тэрээр эцгийн гэрийг заран Самаркандыг зорьжээ. Энэ үед дорнын гэгдэх  хамаг соёл Самаркандад төвлөрч байлаа. Гэвч тэр дөрвөн жилийн дараа энэ хотыг орхин  Бухарт суурьшсан  билээ. Энд Омар Хайям арван жилийг ардаа орхихдоо математикийн  дөрвөн гол гаргалгааг тодотгож чадсан байдаг. Шавь  нар хийгээд  итгэмжлэн үлдээгчдээ зөвхөн  олон оддыг  тооцохоос аугаа мэргэн  өөрөө гэдгийг заавал сануулахыг  чухалчлаагүй байдаг. Тэр  зүгээр л нэг сайхан бүсгүйг  дээдлэхдээ ямар ч  “онол” ярилгүйгээр дурладаг  байжээ. Цаг хугацаа  энэ бүхэнд хамааралтай ч түүний хувьд  “мартагдах  ёсгүйн” дурсамж илүү ажээ. Гэвч  Омар Хайямд  аливааг дэмжих хүсэл дэндүү олон билээ.

Өдөр, хоног цайрах голын  урсгал аа
Өнөд манаран хийсэх их цөлийн элс ээ
Хожим  одоо л нэг л амьдарвал амьдар
Хорвоогийн дансанд өчигдөр, маргааш үгүй шүү

Гүйцэд иссэн дарсны  сайнд орчлонг өгчихмөөр үнэтэй
Гүц  дүүрэн  нанчид хөөсөрч байх нь урамтай
Хүсүүштэй энэ  хөгшин дарснаас ондоо
Хүндтэй эр хүнд тоох юм олоход бэрхтэй
 гэж шүлэглэсэн тэрбээр
Дарсны амтанд шунан дурлагч нэгэн байсан ч “Хэн бүхэнд дарс хориотой ч хэрэг болгох дөрвөн нөхцөл бий. Хэнтэй, хэдиийд, хэн, хичнээн уусныг харах гэж бий. Энэ л дөрвөн нөхцөлийг ухаандаа тунгаасан хүнд эргэх нарт хорвоод дарс шимэх арга бий” гэж хойч үеийнхэндээ байнга сургамжилдаг байжээ.

Туркмений Ашхабад дахь Омар Хайямын хөшөө

Нас ная гарсан тэрээр нэгэнтээ мөргөлийн уншлагын үеэр үнэнч шавь нараа дуудан цуглуулаад “Олонлогийн нэгдэл “ номоо дэлгэн хуудас бүрийн завсар алтан чигчлүүр хавчуулаад номоо алгуурхан хаажээ. Тэгээд төрсний эцэст буцдагийг номлоод гэрээслэл  сургаалаа айлджээ. Омар Хайям өвдөг дээрээ сөхрөн суугаад аллах бурхандаа залбиран ийн наминчилжээ.
“Бурхан минь би өөрийнхөө бүхий л хүчээ шавхан байж таныг танихыг хичээлээ. Намайг өршөө. Хэдий чинээ танин мэдэхийн хэрээр төдий чинээ танд улам ойртон дотносож ирлээ” гэж хэлээд энэ мөчөөс хойш балга ус ч амсалгүй
Зуун жил галд шатвал ч би шатаг
Зураг адил там зүүдэнд орох нь ч хамаагүй
Мунхаг бүдүүлэг олон хүн нэн аюултай
Мулгуу тэдэнтэй хүүрнэх нь үхлээс долоон дор 
хэмээн  залбиран мөргөсөөр насан зүг болсон гэдэг.
Тэрээр “Миний бунхныг ирэх хаврын цэцэгс бүхэн салхиар наадан надтай бүжих сэргэлэн дэнж дээр  босгоорой” гэснийг тааллаар нь гүйцэтгэжээ.

Хар майльс, цагаан сараанаас өөр
Хайр татмаар ургамал байдаггүй
Агар майльс мянган гартай ч сарвалзаж байдаггүй
Анхилам сараана түмэн хэлтэй ч чалчиж байдаггүй


URL:

Сэтгэгдэл бичих