Р.Амаржаргал: УИХ-ын дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар “түүхий” байна
Олонх биш ч гэсэн олууллаа болсон АН-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө сар гаруйхан хоногийн хугацаа үлдээд байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орныг хэрхэн орвонгоор нь эргүүлсэнд нь сонгогчид дүнгээ тавихаар дор бүрнээ бэлтгэж сууна.
Харин сонгуулийн тэр өдрөөс урьтаж намын нөхдөө хангалтгүй ажилласан хэмээн МУУ дүн тавьсаар ирсэн хүн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал юм. Тэрбээр одоо ч энэхүү байр сууриа хадгалсаар байгаа аж. Саяхан нэгэн телевизийн ярилцлагад оролцохоод намын нөхдөө нэлээд “балбаж” харагдлаа. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын даргаа хүртэл “улс төрд арай болоогүй, түүхий байна. Дахиад илүү чанагдах ёстой юм байна” гэх зэргээр хатуухан донгодож орхив.
Хэр барагийн зүйл дээр дуугардаггүй, энэ цаг үед байгаа нуруутай хэдхэн улстөрчдийн нэг хэмээн хүндлүүлдэг Р.Амаржаргал гишүүн нэлээд дуугүй явсны эцэст хамгийн чухал үе болох сонгуулийн өмнө намын нөхдөө хэрхэн хангалтгүй ажилласан талаар нь дахин ам нээлээ. Тэрбээр, “Дээр байгаа хүмүүс нь суудлаа олохгүй бол доор байгаа хүмүүс нь гүйдлээ олохгүй гэдэг нь үнэн шүү дээ. Өнөөдөр тэр байдал яг биет утгаараа хэрэгжиж байна. Ерөнхийлөгч нь ажлаа хий, УИХ-ын дарга нь Их Хурлаа л удирдах ёстой. Намчирхахгүй, савлахгүй, туйлшрахгүй байх ёстой. Эндээс гарч буй хууль тогтоомж нь дээд зэргийн чанар хангасан байх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь бусад бүх ажлаа хийж гүйцэтгэх ёстой байтал манайд тийм зүйл алга” гэсэн юм. Мөн “2012 оны сонгуулийн дараа урд хожид байгаагүй их хэмжээний мөнгөний дэмжлэгийг Монголбанк Засгийн газарт үзүүлсэн. Тэр мөнгөн нь хаачсан, юунд явсан, юу болж хувирсан бэ. Энэ асуудал яригдана” гэв.
Ер нь бүхэлд нь өнгөрсөн дөрвөн жилийг эхнээсээ хууль бус зүйлийг АН-ынхан эхлүүлсэн, өөхшүүлсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, УИХ-д байгаа хамгийн том сөрөг хүчинтэйгээ түнжин хагарч бүлгийг нь байгуулуулахгүй, гишүүдийг нь байнгын хороодод хуваарилахгүйгээр бүх зүйл эхэлсэн. Улмаар УИХ-ын даргаа хүртэл хууль зөрчсөн ч юм шиг, зөрчөөгүй ч юм шиг эргэлзээтэй байдлаар сонгосон бөгөөд эвсэл гэх “шантааж” хийгчидтэй нэгдэж өөрсдийгөө хүнд байдалд оруулсан талаар ч өгүүлэхээ мартсангүй. Р.Амаржаргал гишүүн эвслийг төдийлөн таашаахгүй байсаар ирсэн. Н.Алтанхуягийг огцруулах асуудалд гар бие оролцож явсан. Дараа нь өөрийг нь Ерөнхий сайдад томилох яриа хэд хэд гарахад эвслийг биш сөрөг хүчнийг сонгож засгаа байгуулна гэж зөрүүдэлж явсан талаар эх сурвалжууд өгүүлдэг. Хамгийн сонирхолтой нь Р.Амаржаргал гишүүн намынхаа дотоод хагаралдааныг дээрх асуудлын гол цөм нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. Учир нь ажил хийх гэсэн боловч эрх мэдлийн төлөө, эрх ашгийнхаа төлөө асуудалд хандсан. Түүнээс болж хоорондоо толхилцож байгаа нь АН-ыг муухай харагдуулж буй хамгийн гол хүчин зүйл гэсэн юм.
Тэрбээр ер нь өнгөрсөн дөрвөн жилд намынхаа үйл ажиллагаатай байнга зөрчилдөж ирсэн. Арга ядахдаа гишүүнээсээ татгалзах гэсэн ч намынхан нь түүнийг хүчээр авч үлдсэн. Энэ дөрвөн жилийг тэр дургүй ламд дарж байгаад сахил хүртээчихсэн мэтээр л өнгөрүүлж яваа нэгэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хүртэл АН-ынхаа баяраар журмын нөхөддөө ил захидал бичиж дотоод асуудал болохоо байлаа. Нам дотор буй эрээвэр хураавар, дайвар хүмүүсийг шахан гаргах замаар намдаа “их цэвэрлэгээ” хийх цаг болсон гэдгийг сануулж байсан. Одоо ч тэрхүү байр сууриа хамгаалж яваа бололтой.
Мөн түүний ярилцлагаас өлгөж авах ёстой бас нэг чухал сэдэв нь намын дарга хүн УИХ-ыг тэргүүлж яваа нь олон талын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэж буй талаар юм. Учир нь намын дарга хүн намынхаа эрх ашгийг хамгаалахаар аливаа зүйлд хандана. Тийм ч учраас З.Энхболд дарга намаа сонгуульд ялуулахын тулд бүх зүйлийг хийж байна. Эхлэл болгож ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно гэж банкны системээ бүхэлд нь эрсдэл рүү түлхчихээд сууж байгаа. Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулиа эцэс болгосон байх ёстой байтал ганцхан сарын өмнө өөрчилж байгаа нь төр өөрөө ялзарч буйгийн нэг илрэл гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийг унагасан гол буруутан нь эрх баригчид аж. Макро түвшинд эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд нь буурсан гэдгийг ч мөн адил хүлээн зөвшөөрлөө.
Ч.Ган
/ZALUU.COM/
URL: