Э.Оюунболд арслан сумын цагдаагийн орон тоог “булаажээ”
Улсын арслан Э.Оюунболд Хэнтий аймгийн Баянхутаг сумын цагдаа “хийдэг” ажээ.
Чингис хааныг өөрийнхөө өвөөгөө гэж боддог хэмээн “Танайд хоноё” нэвтрүүлгээр ярьж байсан Монгол улсын арслан Э.Оюунболд сумын цагдаагаар цалинждаг ажээ.
Тодруулбал, түүнийг өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын арслан цол хүртэхэд нь Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан н.Тогоо гэх хүн Хэнтий аймгийн Баянхутаг сумын цагдаагийн орон тоонд бүртгэж, сумын цагдаагийн цалин олгож эхэлжээ.
Гэвч арслан маань тус суманд очиж ажиллах нь бүү хэл, очиж ч үзээгүй шахуу гэнэ. Тэгсэн мөртлөө цагдаагийн цалин аваад суудаг гэх.
Аймгийн цагдаагийн даргын энэхүү шийдвэрийн улмаас тус сум өнөөг хүртэл өөрийн гэсэн хэсгийн төлөөлөгч, цагдаагүй гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж мэдээллэсэн юм. Тиймээс тус суманд гарсан гэмт хэрэг, малын хулгай, танхай дээрмийн асуудал аймгийн төв дээр шийдвэрлэгддэг гэнэ.
Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар ” Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд заавал аймгийн төв явах хэрэг гарна. Энэ нь цаг хугацаа, явдал чирэгдэл ихээхэн учруулдаг. Малын хулгай, танхай дээрмийн хохирогч боллоо гэхэд өөрөө гэмт хэрэг хийсэн юм шиг байнга аймгийн төв рүү явах хэцүү. Уг нь улсын арслан Э.Оюунболд манай сумын цагдаа болсон юм гэнэ лээ. Гэвч тааралдаж үзээгүй. Манай суманд ирж ч үзээгүй байх” гэсэн юм.
Иргэний тодруулгыг сумын Засаг даргын Тамгын газрынхан ч батлаж байлаа.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболдын хувьд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр “Хангарьд” спорт хороонд мөн харъяалагдаж, цалинждаг нэгэн юм.
Б.Дэжид
zuvsongolt.mn
URL: