Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь сонгогдох эрхээ алдахаар байна
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Эрүүгийн, Иргэний хуулийг зөрчсөнөөс гадна хэрэв тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвших бол Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас нэрээ хасуулж сонгогдох эрхээ алдаж магадгүй болжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн иргэд аймгийн удирдлагынхаа зарим бодлого, үйл ажиллагааг шүүмжлэн Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цуглаан зохион байгуулж улмаар төлөөллөө илгээн аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт хандсан шаардлагыг аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд уншин гардуулж өгсөн байдаг.
Гэтэл аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нь шаардлага гардуулсан иргэдийг элдвээр загнаснаас гадна, уг жагсаалд оролцоогүй, нутагтаа мөрөөрөө ажлаа хийж явсан иргэнийг хүртэл хамруулан гүтгэн доромжилж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь олон нийтийн өмнө халдан хууль зөрчсөн байна.
Тухайлбал, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын дарга Д.Нандинцэцэгийг сүүлийн гурван жилд өөрийгөө сумын ИТХ-ын дарга гэж худал хэлж өрөө гаргуулан суугаа гэж гүтгэсэн, мөн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон “Уртын цагаан овоо” ХХК-ийн захирал Ч.Адьяасүрэнг галзуу солиотой, сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн өвчний улмаас группэд байгаа хүн гэж доромжилсноос гадна тэдний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халджээ.
Ж.Батсуурь ийнхүү бусдыг гүтгэсэн, доромжилсон, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл олон нийтэд тарааж хууль зөрчсөнийг орон нутгийн телевизүүд олон нийтэд цацсаныг тухайн иргэдийн ар гэр, үр хүүхдүүд үзэн сонсож сэтгэл санааны цочролд орсныг энэ дурдах нь илүүц болно.
Хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой эрх үүрэг, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хууль, Иргэний хуулиар болон хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д “…бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараасан” этгээдийн нэрийг сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахаар тус тус хуульчилсан байна.
Н.Нандинцэцэг, Ч.Адьяасүрэн нараас Ж.Батсуурийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай гомдлыг аймгийн Цагдаагийн газарт, харин Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 дахь заалтыг зөрчсөнийг нь тогтоолгохоор Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтын хамт гомдол гаргажээ.
Ж.Батсуурийн хууль зөрчсөн нь хангалттай нотлох баримттай, гэрчлэх хүн олон байгаа тул түүний гэмт хэрэг үйлдсэн эсэхийг Цагдаагийн байгууллага болон шүүх тогтооход цаг хугацаа, нэмэлт ажиллагаа огт шаардахааргүй байна гэж хуульчид үзэж байгаа юм байна.
Харин иргэдийн гомдлыг хүлээн авч хянан шалгаж байгаа цагдаагийн албан хаагч, шүүхийн шүүгч нар асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалж чадах эсэх, хараат бусаар ажиллаж буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж чадах эсэхийг л ажиглаж байгаа гэнэ.
Гэтэл дээрх иргэдийн гомдлыг хүлээн авч шалгаж байгаа аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Г. Ганзориг нь Ж.Батсуурийн бусдыг гүтгэсэн, доромжилсон баримт нэн тодорхой байхад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, шуудхан хэлбэл албан тушаалтанд илт тал зассан шийдвэр гаргасан тогтоолыг прокурорт шилжүүлжээ. Энэ талаар дээд шатны цагдаа, прокурорын байгууллагад хандах эрх хуулиар нээлттэй байх тул иргэдийн гомдол үнэн зөвөөр хянагдан шийдэгдэнэ гэж итгэж байгаагаа иргэд илэрхийллээ.
Мөн дээрх иргэд хэрвээ өөрсдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, сэтгэл санааны хохирол учруулсэн гэх агуулгатай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргавал Ж.Батсуурь бусдад учруулсан гэм хороо мөнгөн хэлбэрээр төлж арилгах үүргийг давхар хүлээх бололтой.
http://www.zaluu.com/read/64gb9g6a
URL: