Оюутан, оюутнаа “шулах” холбоо

Эрх мэдлийн төлөөх бас нэгэн тэмцэл. Бид төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалын төлөө хэрхэн тэмцэлдэж нэгнийгээ хэмэлж байгааг өдөр бүр харж энэ нь бусдын нүдний өмнө ил байдаг. Харин нүднээс далд энэхүү суудлын төлөөх “дайн” хаа сайгүй байдаг ч тэр бүр ил биш.

Гэхдээ энэ нь эхнээсээ ил болж байх шиг. Тэр дундаа эх орны ирээдүй болсон шинэ боловсон хүчнүүдийн дунд ийм тэмцэл болоод байна. Монголын урдаа барьдаг төрийн өмчит МУИС ойрын хэдэн өдөр асуудал ихтэй байна. Учир нь тус сургуулийн Оюутны холбоо оюутнуудынхаа эрх ашгийн төлөө сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж жагсаал хийсэн.

Сургуулийнхаа захиргаанд хандаж хийсэн энэхүү жагсаал нь эсрэгээрээ эргэж оюутнуудынхаа төлөө биш Оюутны холбооны тэргүүний суудлын төлөө болж байгаа нь ил болж байна. МУИС-ийн Оюутны холбооны даргын суудлын төлөөх тэмцэл эхэлжээ.

Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард МУИС-ийн Оюутны холбооныхоо тэрүүнийг сонгох болж М.Цэнэболд, Б.Энхболд гэж хоёр нөхөр өрсөлджээ. Нийт санал хураалтын үндсэн дээр Б.Энхболд илүү санал авснаар МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн боллоо. Ялж ялагдах нь жам юм хойно Цэнэболд тухайн үед энэхүү байдалд эвлэрсэн ч тэсч чадалгүй “Оюутны холбоо”-ны ТББ байгуулж үйл ажиллагаагаа эхэлжээ.

Ингээд МУИС-ийн оюутнууд хоёр даргатай болж тус тусын үйл ажиллагаагаа хийж эхэлсэн байна. Хоёр даргатай болсон оюутнууд бидний төлөө их зүйл хийнэ хэмээн харж байсан ч бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болжээ. Нэгнийхээ хийсэн үйлдэл бүхнийг мөрдөж алдаатай гарсан зүйлийг нь тэмдэглэж, судалж, хадгалж энэ нь өнөөдөр оюутнууд болон тус сургуулийн захиргааны өмнө ил болжээ.

Энэхүү жагсаал нь ч мөн нэгнээсээ дээр гарах гэсэн тус хоёр холбоодын хийж байгаа ажил бололтой. Хавар хичээл тарах үеэр тэргүүнээ сонгох үйл ажиллагаа болсон учраас нэг их зүйл хийлгүй зуныг үдэж. Харин хичээл эхлэх энэ үеэр бүтэн зуны турш оюутнуудынхаа төлөө биш арай гэж авсан суудлаа, нэг нь нөгөөдөө алдсандаа харамсаж суудлаа эргүүлж авах гэж боловсруулсан үйл ажиллагаагаа хийж эхэлжээ.

Өнөөдөр МУИС-ийн хэрэг юм шиг боловч энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүх их дээд сургуулиуд болж байгаа үйл явдал. Жижиг боловч энэ суудлын төлөө яагаад ингэж үхэн хатан өрсөлдөөд байна вэ. Магадгүй тэдний нийгмийн идэвхи байж болох ч нөгөө талаар бас үгүй байж болох.

Зөвхөн МУИС дээр жишээ татахад тус сургууль жилд 60 сая төгрөгийг оюутныхаа холбоонд төсөвлөж өгдөг байна. Энэхүү мөнгийг тэд ажлын тайлангаа гаргаж өгдөг ч басхүү чамгүй хэдийг нь хувьдаа хэрэглэх боломж олддог байна. Энэхүү хумсалж байгаа мөнгө нь нэг ширээнд тохой залган суух найзынх нь гэдгийг тэд мэдэж л байгаа байх. Тэгэхээр Оюутны холбоог оюутан, оюутнаа “шулах” холбоо гэж хэлэхэд буруудахгүй.

ХОЁР ХОЛБООДЫН ХООРОНДЫН ЗӨРЧЛӨӨС БОЛЖ ОЮУТНУУД ХОХИРЧ БАЙНА

-МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвийн эрхлэгч Б.Энхжаргал:
-Оюутнуудын хүргуүлсэн 10 шаарддагын талаар МУИС-иас комисс гарган хуралдсан гэсэн. Шаардлагуудыг шийдвэрлэх тал дээр ямар дугнэлтэнд хүрсэн вэ?
-Эдгээр 10 шаардлагад тус бүрт нь хариу өгсөн байгаа. Албан ёсны хариуг өнөөдөр өгөх болно. Ерөнхийдөө Оюутны холбооноос тавьж байгаа энэхүү шаардлагуудыг харахад зарим нэг зүйлийг үл ойлгосон гэдэг нь харагдаж байгаа юм. Жишээ нь гэхэд нэгдүгээр асуудал болох “Дахин судлах хичээлийн төлбөрийг бүтнээр биш 1/3-ээр судална.

Мөн 2011.10.21-ний өдөр хүртэл дахин судлах хичээлийн бүртгэлийг хийж, бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгох” гэсэн шаардлага байгаа юм. Шалгалтанд унасан оюутан дахин шалгалтаа өгөх кредитийн мөнгийг нэмэх болон оюутнуудаас хураах ёстой бусад хураамжуудыг наймдугаар сарын 23-ны өдөр сургуулийн захирал журам болгосон.

Гэтэл үүнийг Оюутны холбоо болоод оюутнууд маань шинээр журам гаргаж мөнгө хураах гэж байна гэж ойлгоод байгаа юм. Энэ нь өмнө нь хураагддаг л байсан мөнгийг журам болгоод батлаад гаргаж байгаа зүйл юм л даа. Үүнийг энэ жагсаал цуглаан хийгээд байгаа оюутнуудад тайлбарласан ч нэг л сайн ойлгохгүй байх шиг.

Ерөөсөө өмнө нь байсан асуудлыг журам болгоод цаасан дээр буулгасан нь буруу болж байх шиг байна. Энэ мэт үл ойголцох асуудал байна. Мөн сургууль болоод оюутны байртай холбоотой засвар шинэчлэлийн ажил хийлгэх гэсэн шаардлага байгаа. Үүнийг шаардлага тавьсан тавиагүй хийж л байгаа асуудлууд.

Мөн оюутнуудын сургалтын төлбөрийн зарцуулалтын тайланг ил тод байлга ажлаа хийхгүй нөгөө нэг холбоотойгоо л өрсөлдөөд хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Энэ удаагийн хурал жагсаал ч мөн оюутнуудаар халхавч хийж нөгөө холбоогоо үгүйсгэсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа.

Хэдий ийм зүйл гэдгийг нь сургуулийн захиргаа мэдэж байсан ч оюутнуудыгаа хүндэтгэн энэ шаардлагад нь хариу өгөх нь зүйтэй гэж үзсэн. Мөн жагсаал цуглааныг зохион байгуулсан оюутнууд ёс зүйн алдаа гаргасан оюутнууд. Тухайн үед нь арга хэмжээ авах байсан ч сургуулийн зүгээс харж үзэж байсан.

Жишээлбэл, дотуур байранд оруулах оюутны бүртгэл, хяналт шалгалтыг оюутны холбоонд даатгуулж өгсөн ч эрх мэдлийг урвуулан ашиглаж МУИС-ийн хүүхдийн нэр дээр гадны өөр сургуулийн оюутнуудыг оруулсан. Бид өөрсдөө үүнийг давхар хянаж, шалгасны үндсэн дээр тогтоосон байгаа.

-Эдгээр ёс зүйгүй алдаа гаргасан оюутнуудад арга хэмжээ авлаа гэхэд ямар арга хэмжээ авах вэ?
-Бакалаврын журман дээрээ ёс зүйн алдаа гаргаж хууль зүйн байгууллагаар илэрсэн тохиолдолд сургуулиас хөөнө гэсэн журамтай. Хэдий тийм боловч бид уян хатан ажиллаж алдаж оносон зүйл байгаа байх гэдэг үүднээс сануулга өгч хөөхгүй.

ДӨРВӨН ХҮНТЭЙ ОЮУГНЫ ХОЛБООГ ЯМАР ХОЛБОО ГЭХ ЮМ ВЭ?

МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Энхболд /МУИС-ийн Биологийн сургуулийн Генетикийн дөрөвдүгээр курсын оюутан/
-Сургуулийн захиргаанд өгсөн 10 шаардлагын хариуг өнөөдөр авна. Хэрвээ та нарын бодож байсан шиг хариу өгөхгүй бол дараа нь авах арга хэмжээ юу байх вэ?
-Өнөөдөр бидэнд 12.00 цагт шаардлагын хариуг өгөх болно гэж мэдэгдсэн байгаа. Бид хэсэг оюутнуудыг цуглуулж шаардлагынхаа хариуг хүлээн авах болно. Хэрвээ сургуулийн захиргаанаас шаардлагад өгөх хариу шийдвэр оюутнуудын хүссэн хэмжээнд хүрэхгүй бол дахин хэлэлцэж хуралдаж байгаад дараачийнхаа хийх үйл ажиллагааг төлөвлөх болно.

Бидний тавьсан шаардлагын зарим нь хийгдэж байгаа боловч дэндүү удаашралтай байна. Оюутны дотуур байрны цахилгааны асуудал Wireless, LAN тавих асуудал есдүгээр сард бүрэн шийдэгдэнэ гэж байсан ч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Үүнийг түргэн хугацаанд дуусгаж шийдвэрлүүлэхийн тулд шаардлага дээрээ нэмж бичсэн байгаа.

-Энэхүү зохион байгуулагдсан жагсаал нь оюутнуудын эрх ашгийн төлөө бус хоёр хэсэг болсон МУИС-ийн Оюутны холбоодын зөрчлийн нэг илрэл гэж ярих юм?
-Манай Оюутны холбоо 1932 онд байгуулагдаж байсан 70 гаруй жилийн түүхтэй. Энэ нь суүлд Оюутан конгресс болж өөрчлөгдөөд энэ журмаар арван хэдэн жил явж байна. Бид хэрвээ Оюутны холбоо нь ТББ байх ёстой бол ТББ болье гээд сургуулийн захиргаанд хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй.

Хүлээн аваагүй шалтгааныг Ган-Очир дарга тайлбарлахдаа ТББ болчих юм бол бидний хяналтаас гарна, мөн төрийн байгууллагаас ТББ-ыг санжүүжүүлж чадахгүй гэсэн хариуг өгч хүлээн аваагүй. Ингээд ирэх дөрөвдүгээр сард Б.Энхболд, М.Цэнэболд гэх хоёр оюутан өрсөлдөж, би ялсан.

Ингээд М.Цэнэболд янз бүрийн зүйл ухаж, хайж Оюутны холбооны ТББ байгууллага байгуулж сургууль дээр ороод зөвшөөрлөө авсан. Тэгээд бид бол албан ёсны Оюутны холбоо гээд яваад байгаа юм л даа. Дөрвөн хүнтэй Оюутны холбоог ямар холбоо гэх вэ дээ.

-Жагсаал хийсэн оюутнуудыг хүчээр гаргасан гэх юм билээ?
-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Үүнийг хэн гаргаж гадуур яриад байгаа нь ойлгомжтой. Манай үйл ажиллагааг буруутгах гэсэн хүмүүсийн л явуургүй ажил.

-Оюутны автобусаар үнэгүй зорчих билет болоод дотуур байранд гадны сургуулийн оюутан оруулсан гээд танай холбоонд асуудал байгаа юм билээ?
-Манай сургууль 1.0000 билет захиалах квотын эрхтэй. Үүнээс 2000-ыг нь өгөөгүй байгаа. Яагаад гэхээр дөрөвдүгээр курсын оюутнууд дадлага гээд 10 дугаар сарын 15-наас хичээлдээ орж жигдэрч эхэлдэг. Тийм болохоор энэ оюутнуудынхаа квотыг авч үлдсэн. Оюутны байрны тухайд бүртгэлийг оюутны зөвлөл дээр бүртгэл хийдэг.

Тэр нэрсийг Сургалтын алба, деканы туслах, багш гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс гардаг. Багшийн тухайд энэ оюутан манай сургуульд сурдаг уу үгүй гэдгийг хянаж деканы туслах төлбөр тооцоо гээд өөр өөрсдийн хянах ёстой зүйлээ хянадаг.

Эдгээр комисууд бүх хяналт шалгалтаа явуулж МУИС-ийн оюутны байранд орох ёстой бүх оюутнууд ороод илүү өрөө үлдэж байх юм бол сургуулиудаар дахин нэг зар тавьж гадны сургуулийн оюутан авдаг. Тийм л зарчим байгаа. М.Цэнэболд оюутны дотуур байруудаар явж хяналт шалгалт хийсэн юм билээ.

Бид өөрсдөө хяналт шалгалт хийдэг ч одоохондоо жигдрээгүй байгаа гээд хойшлуулсан. Одоо бол оюутнууд дадлага гээд жигдэрч амжаагүй болохоор зөрчил гарах нь ойлгомжтой шүү дээ.

-МУИС-ийн захиргаанаас Оюутны холбоонд жилд 60 сая төгрөгийг төсөвлөдөг. Таны хувьд үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хийсэн ажлын талаар ямар нэгэн тайлан хийгээгүй байгаа гэсэн?
-Тайлангийн хувьд би дөрөвдүгээр сард ажлаа хүлээн аваад төсөв мөнгө зарцуулах хоёр ажил хийсэн. Энэ нь өнгөрсөн хавар сургуулиа төгссөн хүн хариуцан хийсэн учраас тухайн үед тайлангаа өгч чадаагүй. Хичээл эхлэх үеэр надад бүх тайлангаа өгсөн.

Удахгүй энэ талаар тайлангаа тавих болно. Хийх ажлын тайлангийн хувьд жагсаалт гаргаж сургуулийн захиргаанд очсон ч хоёр холбоод өөр хоорондоо яриад шийд гэсэн хариуг өгсөн.

МУИС-ийн Оюутны холбоо ТББ-ын тэргүүн М.Цэнэболд /Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын гуравдугаар курсын оюутан/

-Таныг өнгөрсөн жил болсон Оюутны холбооны тэргүүнд өрсөлдөж ялагдсанаасаа болж ТББ байгуулан одоо байгаа Оюутны холбоог эсэргүүцэж янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэсэн?
-Аливаа зүйлийг хууль эрх зүйн хүрээнд хийх ёстой. Тэр дундаа МУИС-ийн дүрэм журмыг биелүүлэх нь энэ сургуульд сурч байгаа оюутан, удирдлагууд бүхний үүрэг. МУИС-ийн дүрмийн 4.13-т Оюутны төв байгууллага нь ТББ хуулийн дагуу байгуулагдаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг.

Гэтэл энэхүү хууль дүрмийг зөрчиж оюутны байранд гадны оюутанг оруулж автобусных нь билетийг бид хариуцна гэж хэлчихээд өөрийн оюутнуудаа билетгүй явуулж гадны оюутан биш хүнд өндөр үнээр өгөх гээд ёс зүйгүй ажил хийж байгаа. Үүнийг хэн ч харсан ил тод байгаа.

Дөрөвдүгээр сард болсон чуулганаас Б.Энхболд маань өдийг хүртэл ажилласан ч хийсэн ажил нэг ч байхгүй. Хоёр сая төгрөг сургуулийн захиргаанаас авсан ч хийсэн ажил нь тодорхойгүй болж санхүү дээр өртэй байгаа. Энэ мэт зөрчлүүд их байгаа.

-Танай холбоо оюутны байранд шалгалт хийхэд гадны нэлээд хэдэн оюутан байгаа нь илэрсэн гэсэн байх аа?
-Байранд оруулах оюутнуудад хяналт шалгалт хийсний үндсэн дээр оруулдаг боловч манай нөхдүүд тодорхойлтыг нь аваад л оруулсан юм шиг байна билээ. Бид сая шалгалт хийхэд нэлээд олон фактууд илэрсэн. Жишээлбэл, би Улс төр судлалын сургуулийн оюутан.

Манай ангийн дарга Ундрах Улаанбаатарт гэртээ боловч өөрөө мэдээгүй байхад нь оюутны дотуур байранд оруулчихсан. Шалгалт хийхэд Ундрах гээд нэр сургууль нь байгаа боловч зураг шал өөр хүний зураг. Үүнийг нааш нь мөрдөөд үзэхэд Б.Энхболдтой холбоотой байгаа юм.

Яахав сургууль хоорондын шифийн холбоотойгоор ганц хоёр хүүхэд оруулж болно. Хамгийн гол нь тэрийг нь нууцаар өөр хүний нэр дээр оруулж байгаа нь будлиантай асуудал үүсгээд байгаа юм.

-МУИС автобусны 10000 билет захиалах ёстой ч бүрэн захиалаагүй учраас хоцорч магадгүй гэсэн?
-Өнөөдөр 10000 оюутанд билет захиалах ёстой байсан ч 2500 нь захиалаагүй байгаа. 2500 оюутан хэзээ ч аравдугаар сарын нэгэн болчихоод байхад дадлага гээд явахгүй. Б.Энхболд дээд удирдлагуудад тайлбарлахдаа энэ дадлагын талаар ч хэлээгүй юм билээ.

Би Б.Энхболдыг яг юу хийгээд яваад байгааг нь огт ойлгохгүй байна. 2000 төгрөг биш 2000 оюутны бүтэн жил үнэгүй явах эрхийг нь ингэж хааж болохгүй. Оюутнууд бүгд мөнгөө өгчихсөн. Тэд нар өөрсдөө л ингэж хаагаад байна гэж бодож байгаа. Би бүр баримттайгаар нэг жишээ татаж яримаар байна.

Газарзүйн сургуулийн Оюутны холбооны дарга Болд-Эрдэнэ гэж залуу Монголын Оюутны холбооны хяналт шалгалтын хүмүүстэй холбогдоод билет хэд вэ гэхэд 80000 төгрөг гэсэн байгаа юм. Ямар үнэтэй юм бэ гэхэд бүтэн жил явах эрх шүү дээ. Тэгээд хаанаас очиж авах вэ? гэтэл Монголын Оюутны конгрессийг зааж өгсөн байна лээ.

Тэгэхээр одоо жагсаал цуглаан хийгээд үнэхээр л оюутнуудынхаа төлөө гэж байгаа бол тэр 2500 билетийг нь гаргаад өгчих гэж хэлмээр байна.

Г.Тогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих