23 саяар үнэлэгдэх бараа, материалтай ТҮЦ-ийг хулгайлжээ

dc076dea6b44da3d152bdec59e3108a7АСЕМ-тай холбоотойгоор төв зам дагуух ТҮЦ-нүүдийг чөлөөлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл үйл ажиллагааг далимдуулан, 23 сая төгрөгөөр үнэлэгдэх эд бараатай ТҮЦ-ийг бүлэг этгээдүүд хулгайлсан талаар иргэн Л.Мөнхжаргал Нийтийн эрхийг хамгаалах холбоонд мэдэгдлээ.

Уг хэрэг өнгөрсөн шөнө буюу энэ сарын 17-ны шөнө 03.30-06.30 цагийн хооронд Төв номын сангийн хажууд байрлах Моннис барилгын өмнөх талбайд үйлдэгдсэн бөгөөд ТҮЦ-ийн эзэд энэ талаар дүүргийнхээ газрын албанд хандсан боловч тодорхой тайлбар хэлэх мэргэжилтэн олдоогүй байна. Ингээд аргаа барсан Л.Мөнхжаргал тэргүүтэй иргэд Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандсан юм.

Иргэн Л.Мөнхжаргал: Хаалгыг нь эвдэж ороод, ТҮЦ-тэй, бараатай тэр чигт нь хулгайлаад аваад явчихсан

-Би 16 жил Моннисын өмнөх талбайд ТҮЦ ажиллуулж байна. Хотынхоо өнгө төрхийг сайжруулахад өөрийнхөө хэмжээнд хувь нэмэр оруулчих санаатай өдгөөгөөс 2 жилийн өмнө Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, ТҮЦ-нийхээ өнгө төрхийг сайжруулж, 3 сая төгрөгөөр гадна, доторгүй иж бүрэн засвар үйлчилгээ хийсэн.

Ингээд санаа амар хотын төвдөө үйлчилгээ эрхэлж байтал энэ сарын 17-ны өглөө үүрээр 03.30-06.30 цагт намайг эзгүй байхад зүс үл таних 3 этгээд ирээд ТҮЦ-н маань хаалгыг эвдэж, бүх барааг нь гаргаж хураагаад, тэр чигт нь ачаад явчихсан байна.

Өглөө 07 цагт ажлын байран дээрээ ирсэн даруйд эл хэргийг мэдээд дүүргийнхээ газрын алба гээд байдаг бүх газраар хөлнийхөө улыг эргэтэл гүйлээ. Тэнд тайлбар өгчих мэргэжилтэн ч гэж ална. Ингээд аргаа бараад Нийтийн эрхийг хамгаалах холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байна.

ТҮЦ-ийг маань олсон, харсан хүн байвал надтай холбоо барьж, олж өгч туслана уу гэж хүсмээр байна. ТҮЦ-г маань хулгайлаад аваад явчихаар одоо яаж хоногийнхоо хоолыг залгуулах учраа ч олохоо байлаа” гэв.

Х.Маргад

zuvsongolt.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих