Хуучин автомашин худалдаж авахад анхаарах 10 зөвлөгөө

mashin_hudalodaj_avahХэрвээ та “Монголд явсан” гэх тодотголтой хуучин автомашин худалдаж авахаар бол түр азнаарай. Автомашин зарж байгаа хүн машин мэддэггүй хүмүүст төрөл бүрийн ятгах, магтах, гайхуулах гэх мэт оролдлого хийн түр торгоогоод явж байгаа машинаа зарчихаад худалдан авсны дараа усанд хаясан чулуу шиг л алга болцгоодог. Таныг иймэрхүү байдалд оруулахгүйн тулд хуучин автомашин худалдаж авахад анхаарах 10 зөвлөгөө өгье. Гаднаас нь харахад цэмбэгэр, өнгө үзэмжинд нь болж авсан машинаа бариад хөдөлгөөнд оролцон явж байтал замын уулзвар дээр асахгүй олон хүний бухимдлыг төрүүлж, өөрөө ч гэсэн эвгүй байдалд орно шүү. Нэгэнт авсан машинаа зогсоол дээр үзмэр мэт тавих уу, буцааж зарах уу? гээд олон асуудлууд ар араасаа гаран сандрахгүйн тулд энэхүү зөвлөгөөг уншаад мөрдөөрэй.

1.Автомашины талаар өргөн мэдлэггүй хүний анхаарвал зохих нэг зүйл бол худалдан авах гэж буй машиныг тань засварладаг, дагнасан засварын газар болон сэлбэг хэрэгслийн дэлгүүр байгаа юу гэдэг их чухал. Өнөөдөр Улаанбаатарт дагнан засвар үйлчилгээ хийдэг газар олон бий. Харин Хонда, Мазда гэх мэт өөр маркын автомашинуудыг засахад сэлбэг нь олдохгүй, явдал чирэгдэл ихтэй, өндөр үнэтэй болдог. Мэдээж урьд ашиглаж байсан учраас эвдрэл гарч л таараа. Тиймээс авах гэж буй машинаа унаад засварын газруудад хандаж мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлэхэд илүүдэхгүй.

2.Таны анхаарах ёстой зүйл бол дугуйны чанар байдлыг бас хээг хар. Нэгэнт л худалдан авалт хийж байгаа юм бол сайн дугуйтай машин авах хэрэгтэй. Дөрвөн шинэ дугуй авахад зардал гарна шүү.

3.Хөдөлгүүрийн гадна талд хэр их бохирдолт буюу тостой байгааг ажигла.Энэ нь үзэж мэдэх амархан. Машиныхаа моторын доогуур нь хар. Тос дусалж байгаа эсэх, их хэмжээний тостой харагдах байдал.

4.Машинаа асаагаад яндангаас гарч байгаа утааны хэмжээг хар. Хар утаа ихээр хаяж байгаа машин тодорхой хэмжээний эвдрэлтэй байна гэсэн үг. Утаа гэдэг бол автомашины хөдөлгүүр ямар байгааг илэрхийлдэг нэг үзүүлэлт. Тэгээд ч энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй.

5.Дараагийн нэг анхаарах зүйл гэвэл автомашины жолоог эгц байрлуулсны дараа машинаа урдаас нь харж, дугуй нь голлож байгаа эсэхийг хар. Дугуй хазайсан байдлыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг алдагдсан машины дугуйны элэгдэл хурдан байдаг. Дугуй солих хугацаа болоогүй байхад дугуй нь түрүүлээд элэгддэг. Мөн маневр хийх чадвар нь мууддаг байна.

6.Машинаа унаж үзэх хэрэгтэй. Ойр зуур шороон замаар явж үзээд дуу шуу нь хэр байгааг дүгнэж үзээрэй. Мөн баруун, зүүн тийш эргэх маневр нь хэр байна гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй.

7.Тухайн машин үйлдвэрлэгдсэн оныг суудлын бүрээсэн дээр бичсэн байдаг. Түүгээр нь тухайн машин хэдэн онд үйлдвэрлэгдсэн болохыг алдаагүй мэдэж болно. Мөн ямар ч автомашин пайзтай байдаг. Тус пайз нь копутны арын хэсэгт буюу салхины шилний ойролцоо хадагдсан байгаа пайзан дээр тухайн тухайн машины үйлдвэрлэгдсэн он, автомашины өнгөний кодыг бичсэн байдаг.

8.Япон автомашины үйлдвэрлэл, хийц, чанарын хувьд Солонгос автомашинаас арай илүү эдэлгээ урттай байдаг. Гэхдээ япон автомашины сэлбэг харьцангуй үнэтэй байдаг. Үүний ихэнхи хувийг тээврийн зардал эзэлдэгтэй холбоотой. Хүмүүс аль ч улсад үйлдвэрлэгдсэн автомашин унаж болох ч эдэлж хэрэглэж байгаа хүний арчилгаа тордолтоос тухайн автомашин хэд наслах нь шууд хамааралтай.

9.Монголд орж ирж байгаа ихэнхи автомашинууд Хонконг, Солонгос, Япон, Арабын зарим нэг улсууд, цөөн тохиолдолд Европын улсуудаас орж ирсэн байдаг. Эдгээр улсуудаас орж ирж байгаа машинууд нь зардал багатай, сэлбэг хямд, олдоц ихтэйн дээр түлшний зарцуулалт бага байдаг. Харин Америк, Германаас ирж байгаа машинууд түлшийг ч ууж өгнө дөө. Ер нь америкчууд автомашиныг хэр их шатахуун хэрэглэж байгаагаар бус найдвартай байдлаар нь үнэлдэг.

10.Солонгос машины хувьд зардал бага, үнэ хямд. Шатахууны зарцуулалт бусад машинуудыг бодвол арай бага мөн сэлбэг нь олдоц ихтэйн дээр үнэ хямд. Гэхдээ Солонгос машин болгоныг хямд гэж ойлгож болохгүй. Монголд оруулж ирдэггүй болохоос биш үнэтэй дээд зэрэглэлийн машин бий. Гэхдээ Монголын замын нөхцлөөс шалтгаалаад Солонгос машин эвдэрч, дуу орохдоо амархан. Сүүлийн үеийн машины үйлдвэрлэлийн онцлог бол ашиглаж байгаа материалын орц өөрчлөгдсөн явдал юм. Хуучны машины их биеийг 100% төмрөөр хийдэг байсан бол өнөөдөр 80% нь төмөр, 20% нь хуванцар болсон. Энэ нь нэг талаар техникийн дэвшилт болж хэрэглэгчид хямд өртөгтэй, хөнгөн буюу шатахуун бага зарцуулдаг машин худалдан авах боломж бүрдсэн ч манай замын нөхцөл байдал шинэ үеийн машинуудад халгаатай байна.


URL:

Сэтгэгдэл бичих