С.Баярцогтын “хувь заяа”

3853

Урд хөршийн нэрээр оффшорт бүртгэлтэй С.Баярцогт сонгуульд намынхантайгаа тохирсноор нэр дэвших нь тодорхой болчихоод байсан. Сэлэнгэ аймаг угаас цэнхэрүүдэд элэгтэй. Тэр ч үүднээс тойргоосоо дахин гарч ирэх боломжтой эрхмүүдийн тоонд С.Баярцогт багтаж буй юм.

Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний зүгээс С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. “Чи сонгуульд нэр дэвших ээ болио. Чи хариуцлага хүлээх ёстой. Чиний өнөөдөр их хурлын гишүүн, сайд хийгээд явж байгаа чинь монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа. Энэ бол миний байр суурь.”  гэсэн байр суурийг дарханд айлчлах үеэрээ илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан.

Түүнчлэн ерөнхийлөгч С.Баярцогт тэргүүтэй хэд хэдэн эрхмийг нэр дэвшүүлэхгүй байх чиглэл АН-д өгсөн гэх яриа ч буй. Гэвч ерөнхийлөгчийн чиглэл өгсөн дагуу шийдэгдчих асуудал биш. Нөгөө талд АН-ын фракциуд ойрын өдрүүдэд хагаралдаж, нэгнээ жийх төлөвлөгөө хүртэл боловсруулаад амжсан байна. Тэдний гаргасан ерөнхий жагсаалт ерөнхийлөгчийнхтэй нийлж байгааг эх сурвалж онцолж байна.

Ерөнхийдөө бол АН-ынхан энэ удаагийн сонгуульд С.Баярцогтыг нэр дэвшүүлэх нь зохимжгүй гэдэг дээр санал нэгдээд байгаа аж. Нэгэнт  оффшорт бүртгэлтэй компанитай, түүнийгээ олон нийтэд ил зарлаагүй гэдгээ өөрөө мэдэгдсэн тохиолдолд УИХ-д дэвших эрхгүй гэсэн ерөнхийлөгчийн өнцөг зөв юм. Гэтэл С.Баярцогт аль 2012 оны сонгуулийн өмнө энэ мэдэгдлээ хийж, УИХ-ын дэд даргын суудлаасаа буусан.

Одоо харин ЗГХЭГ-ыг даргалж байна. Энэ нь өөрөө эрх мэдэл, албан тушаалын төлөө тууштай явж буйг нь харуулж байгаа юм. Тиймээс ч энэ удаа АН-ынхан С.Баярцогтын толгойг илж, тойрог өгснөөр түүний балгаар бүр ч муухай харагдах болчихоод байна. Тэгэхээр АН хүссэн хүсээгүй шийдвэрээ гаргаж, С.Баярцогтын нэр дэвших эрхийг түдгэлзүүлэх бололтой.

Г.Итгэл 

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: Зочин Огноо: 18 May 2016

Зөв шүү

Сэтгэгдэл бичих