Эрүүгийн хууль ба Эмч нар

ca1bd7eee3514d21e6cdadb7f038b704Эрүүгийн хуульд эмч нарыг хүндээр шийтгэхээр хуульчилсныг эсэргүүцсэн хөдөлгөөн эмч нарын зүгээс өрнөж, хуульчид “хуучин зүйл заалт нь хэвээрээ байгаа” хэмээн тайлбарлаж ядаж байна.

Шулуухан хэлэхэд ял шийтгэл, торгууль их бага байх эсэх нь нэлээн сүүлийн дугаарт тавигдах асуудал. Өөрчлөхөд ч амархан.

Харин “ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэдэг том малгайд хамаатуулан эмч нарыг хилсдүүлэх вий, хуулийн тодорхойгүй байдлын улмаас эмч нар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох вий гэсэн болгоомжлол бодитой юм.

Нийгэмд энэ асуудал анхаарлын төвд орсон байгаа энэ нөхцөл байдлыг ашиглан хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулна гэдгээс гадна тодорхойгүйн улмаас эмч нарыг үндэслэлгүйгээр буруутгаж болзошгүй нөхцөл байдлуудыг сайтар тодорхойлж, зохицуулалтуудыг нь хийж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл чиглэл тус бүрээр ямар тохиолдолд ямар эмчилгээ хийх ёстой гэх мэтийн стандартыг эмч нар, эмнэлгийн байгууллага (зөвлөл, салбар юу ч байдаг юм) шинэчлэн гаргаж, төрийн захиргааны төв байгууллагаараа батлуулан (энэ нь хэм хэмжээ тогтоох ач холбогдолтой) хэрэгжилтэнд нь анхаарч байнга шинэчилж байх ёстой болов уу.

Хуульчид аливаа хэргийг шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэдэг. Хэрэг хариуцах чадваргүй гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр хэрэгтнийг шилжүүлж, мөн л эмч нарын дүгнэлтээр хорих ялаас сулладаг. Гэмтлийн зэргийг шүүх эмнэлгээр тодруулан, үхлийн шалтгааныг мөн л тэднээр дүгнүүлэн аливаа этгээдийг шийтгэдэг.

Тийм болохоор эмч нарын хувьд өөрсдийнх нь ажлыг хэнээс ч илүү ойлгох мэргэжилтнүүдээс бүрдсэн, хараат бус, шударгаар ажиллах чадвартай зөвлөл, бүтцээ салбар чиглэл болгоноороо бий болгон үйл ажиллагааг нь дэмжин бэхжүүлэх, энэ чиглэлийнхээ эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах ёстой мэт. (Одоо байгаагаа бүүр сайжруулах, системчлэх)

Ачаалал их, цалин бага зэрэг хүндрэлтэй зүйлс байгаа ч ачлал буян санаж хүндэтгэн дээдлэх ард түмнээр хүрээлүүлдгээ санаж, мэргэжлийнхээ хувьд хариуцлагатай байх чадвар эмч нарт маань хангалттай бий. Эмч аавтай, эмч дүүтэй хүний хувьд хүнд муу юм хийчихэе гэдэг эмч байхгүйг би сайн мэднэ.

Гэхдээ ард түмний итгэл мөн хариуцлага нэхэхийг санаж, болзошгүй тохиолдлын үед ямар хэм хэмжээ сахих, хуулийг яаж хэрэглэхийн тухайтад эмч нарын маань оролцоо чухал байгааг тунгааж энэ удаагийн тэмцлээ илүү үр ашигтай болгохыг хичээх нь зүйтэй бизээ.

Жич: Үйлчлүүлэгчидтэй гэрээ байгуулах, журам стандартыг мөрдүүлэх гээд эмнэлгийн эрх зүйг сайтар хөгжүүлмээр санагдсан. Үгүй ядаж нэг аппликэйшн татаж суулгахад л terms and condition гээд хэдэн хуудас текстийг I agree гэж байж хэрэглэдэг байхаа?

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих