Шүүхийн тогтоолыг Рекэтүүд гүйцэтгэх үү

3849

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай том хуулийн төслүүд батлагджээ. Үүн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай, Прокурорын тухай хууль хэлэлцэгдэж байна. Эдгээр хууль батлагдахаар өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Эрүүгийн болоод Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь цогцоороо бүрдэнэ гэж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тахарын алба ч энэ дунд яригдаад өнгөрлөө. Одоогийн төслөөр бол гэрч хохирогчийг хамгаалах энэ алба Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны дэргэд байхаар бүдүүвчтэй явж байгаа юм байна.

 

Эрүү, иргэний аливаа хэрэг дээр шүүх тогтоолоо гаргасан бол түүнийг хэрэгжүүлэх, хэрэгтнийг хорих хүмүүжүүлэх сургах мэргэшүүлэх, хуулийн хүрээнд иргэдийн нэхэмжлэл хохирлыг барагдуулах зэрэг үүрэг шууд Шүүхийн шийдвэр биелүүлэх энэ алба дээр төвлөрдөг. Ерөнхийдөө төрийн албадлагын үйл ажиллагааг гардан явуулдаг газар гэж болно.

 

Их л сонин хөшүүрэгтэй явж ирсэн газар юм байна. Өчигдрийн чуулганы хэлэлцүүлгийн явцаас харахад төсөвт энэ байгууллагад зориулсан мөнгө суудаг. Үүний зэрэгцээ шийдвэр гүйцэтгэгч нар хангасан нэхэмжлэлийн дүнгийн 20 хувийн урамшуулал авах журмаар явж ирсэн гэнэ. Энэ байдлыг цэгцэлж төсөвт аль болохоор дарамт бага үзүүлэх үүднээс иргэний хэргийн нэхэмжлэлийг хангах ажлыг хувийн хэвшилд өгч болохоор зохицуулалтыг хуулинд хийж өгч байгаа юм байна.

 

ШШГБ-ын ажилтнууд харьцангуй эрт тэтгэвэрт гардаг. Бусад орны жишгээр бол энэ мэргэшсэн шийдвэр гүйцэтгэгч нараа ажилтай байлгах үүднээс хувийн нэгж байгуулан чаддаг ажлаа хийх эрх зүйн бололцоог бий болгодог гэнэ. Гэхдээ энэ заалтын ард бүрхэг юм их байгаа харагдана. Практик амдьралд шүүхийн шийдвэр хангуулж хэн нэгнээс мөнгө төгрөг гаргуулах улмаар өмч хөрөнгийг хураан авах ажиллагаа бол амар ажил биш. Манайхны хэлдэгээр хар хэл амтай, хүний хараал идсэн ажил байдаг. Хариуцагч өөрөө санаачилгаар гаргахгүй бол ямар нэг хэмжээгээр албадлагаар хэрэгжүүлэх болно. Төсөөлөхөд тусгай зөвшөөрөлтэй хувийн гүйцэтгэх алба энэхүү албадлагын арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх үү. Тусдаа журам гарч болох ч амьдрал баян тул ямар ч эрсдэл гажуудал гарч болно.

 

Хэн нэгний өмчийг хураахаар төрийн нэрийн өмнөөс очих, Ирвэс ч юм уу Бар нэртэй  хувийн шийдвэр гүйцэтгэх агентлагаас очих хоёрт нэлээн ялгаа бий.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудад учрах эрсдэл их байдаг. Гэр бүлийн хүрээнд үүссэн иргэний маргааны 300 хонины асуудал шийдэх гэж очсон шийдвэр гүйцэтгэх  ажилтан буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

 

Нөгөө талаас хувийн хэвшлийн компани шүүхийн шийдвэр биелүүлж нэхэмжлэл хангуулахаар ажиллахад ил далд сүрдүүлэлт дарамт рекетийн хэлбэртэй болж ирэхгүй гэх баталгаа бас байхгүй харагдаж байна. Одоо ч өндөр хүүтэй богинохон хугацаатай зээл гаргагчид зээлдэгчдээ ил далд сүрдүүлэг дарамт хэрэглэдэг. Үүндээ ямар нэг хэмжээгээр гэмт хэрэгтнүүд жижиг гарын рекетүүдийг татан оруулж байгаа талаар яриа сонсогдоод байгаа. Шүүхийн шийдвэрийг хувийн хэвшил хэрэгжүүлэх эрх олгох нь цаагуураа энэ байдлыг өөгшүүлсэн байдал бий болгож болгож болно.

 

Наад захын машин ачдаг хувийн компаниуд иргэдийн дунд ямар зөрчил маргаан гарч байгаа билээ. Баталсан журмыг сахихгүй дураараа хүний унааг ачаад явчихад араас нь гомдоллоод нэмэргүй л байгаа. Иргэний нэхэмжлэл хангаж эд зүйл мөнгө төгрөг гаргах хувийн алба бол цэвэр хувь оногдол дээр ажиллах нь тодорхой. Оршин тогтнох хөшүүрэг нь мөнгө. Шүүхийн шийдвэрийн дагуу хоёр сая төгрөгийг өгөхгүй зэсрээд байгаа хариуцагч талаас гаргуулж аваад 20 хувийг нь авахад 400 мянган төгрөгтэй болно. Аль болох хурдан олон шийдвэрийг хангаад ямар нэг байдлаар мөнгийг нь гаргуулаад байвал төдий хэмжээний ашигтай. Гэтэл хариуцагч тал буюу өртэй тал тэр бүр мөнгөтэй боломжтой байхгүй. Энэ тохиолдолд албадлагаа хэтрүүлэх далд хэлбэрээр рекет үйл ажиллагаа явуулах, гэр бүлд нь дарамт үзүүлэх зэрэг хууль бус байдал руу хэлбийж, тусгай зөвшөөрөлтэй нэгжийг тойрсон далд бүлэглэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Шүүхийн тогтоол гүйцэтгэх нэрийн дор зөвшөөрөгдсөн рекетүүдийн албатай болох вий гэсэн болгоомжлол иргэдэд байгааг хууль тогтоогч нар болгоох биз.

 

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил юм болгохгүйн тулд хэрвээ шүүхийн тогтоол гүйцэтгэх хувийн алба, агентлаг бий болох бол үйл ажиллагааны журам, хүний эрхээр хязгаарлагдсан хэм хэмжээ хязгаарыг нарийн зохицуулж олон нийтийн саналыг авах хэрэгтэй.

 

П.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих